Монголын үрс маш олон болтугай
Монголын үрс маш олон болтугай. Аз жаргал үнэртүүлсэн амны билэгтэй сайхан ерөөл. Гуйж залбираад, сөгдөж мөргөсөөр хүн амаа өсгөөд байдаг бол сайхан. Яг л хэвлэх машин шиг. Гэвч шинжлэх ухаан хөгжиж хийхгүй хэвлэхгүй зүйл үгүй болсон ч одоогоор хүн төрөлхтнийг хувилж чадаагүй байна. Чадах ч үгүй биз.

Харин сайхан ерөөл хэлээд сууж байхын оронд гэр бүлд баяр баясгалан бэлэглэдэг үр хүүхэд, улс орноо хөгжүүлэх ирээдүйн иргэдээ бэлдэх зөв бодлого баримталж, нийгмийн тогтолцоогоо өөрчлөх цаг болсныг захын нэг эмнэлгээр ороод гарахад мэднэ. Ханиад шуухнианд дарлуулсан нялх үрс дүүргийн эмнэлгийн хонгилд шахцалдаж, аав ээжийн эзгүйд анхаарал халамж дутсанаас бэртэж гэмтсэн хүүхдүүд гэмтлийн эмнэлэг, түлэнхийн төвийг дүүргэсэн дүр зураг телевизийн дэлгэц, зурагчны дуран, сонины нийтлэлээс салахаа болиод удаж байна.

Амаржаад удаагүй ч улаан нялзрай үрсээ үлдээн ажилд орох ээжүүдийн хөхний сүү чинэж, хүүхдэдээ санаа зовних ч арав таван цаастайгаа золгох гэсэн тэр ээжүүдийн ард бяцхан үрс нь хохирно. Хоёр нас хүртэл хүүхдээ харах хуультай ч эдийн засгийн ямар ч дэмжлэг үзүүлдэггүй улс энэ бөмбөрцөг дээрх ардчилсан орнуудын дунд ганцхан Монгол байна.

Гэтэл Швед улсад энэ үндэстний хүүхдийг төрүүлж өгсөнд талархан тухайн ээжид таван жилийн цалинтай чөлөө, аавд нь хоёр жилийн чөлөө олгох жишээтэй. Нэг сарын цалин нь манай мөнгөн тэмдэгтээр 10 сая төгрөг. Иргэдээ өндөр үнэлдэг учраас л өнөөдөр дэлхийд алдартай баян чинээлэг улс үндэстэн болж чадсан байх.

Хөгжиж буй манай улсад ийм боломж байхгүй гэвэл тэтгэлэг өгч ээжээр нь хүүхдийг нь өсгүүлдэггүй юм гэхэд ажлын цагийг нь хагаслаж, цалинг нь цагаар бодох системд шилжүүлж тэдэнд ажил хийх боломж олгох Англи улсын туршлага байна. Бүх салбарт бүх үйлдвэрт үйлчилгээний газарт ажлын цагийн бүтэн болон хагас гэсэн төрөл байвал аав ээжүүд цагаа зөрүүлээд ажил хийж, ээлжлээд хүүхдээ харах боломж гаргах хэрэгтэй юм.

Өөр бусад орны туршлагуудаас монгол хөрсөн дээр буулгасан зөв бодлого явуулбал Монгол үндэстэн, бидний ирээдүй хойч үе эрүүл саруул өсч бойжин, мэдлэг боловсролтой зөв хүмүүс болж төлөвших хамгийн чухал үр дүнд хүрэх юм. Монголын үрс маш олон болтугай.

Х.ХАТАН
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MONGOL URS 2014-05-21 05:44:09
    MONGOLIIN URS MAANI MASH OLON BOLOH BOLTUGAI HURAI HURAI
    202.170.80.25
    Мэдэгдсэн Хариулах