Төр хамгийн муу менежер гэдгийг нотолж байна уу

Монгол Улсад орон сууц, авто зам, уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд жилээс жилд эрчимтэй хэрэгжиж, үүнийг даган барилгын материалын хамгийн гол бүтээгдэхүүн болох цемент, шохойн эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна.  Өнгөрсөн намар улс орон даяар цемент олдохоо больж, үнэ нь тэнгэрт хадсан. Тодруулбал, 380 мянгаар худалдаалагдаж байсан цемент 600-700 мянган төгрөг болтлоо өсөн иргэд, аж ахуй нэгжүүдүүдийг ихээхэн бухимдуулж байв.

Манай улсад нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гурван том үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Манай жилийн хэрэглээ хоёр сая тонноос хэтрэхгүй. Ингэхээр хомсдол өөр шалтгаантай байж магадгүй юм.

Дээрхи гурван том үйлдвэрээс улсын гэх ганц нь  Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр юм. Улсын гэх ганцхан үйлдвэрээрээ ТӨР өөрөө тоглож, сүйрүүлж, дампууруулж байна. Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр нь 1986 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн ба 2015 онд хувийн хэвшилд 100 хувь шилжүүлэн өгсөн байдаг.Гэсэн ч өнгөрсөн оны 03-р сард  Засгийн газрын ээлжит хуралдаанаар  "Хөтөлийн цемент шохой” ХК-ийг хувьчилсан 2015 оны шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК нь төрийн өмчит компанийн статустай үйл ажиллагаагаа явуулж байна. Улс буцаан авахдаа Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томилсон байдаг.

Өмнө төрийн өмчид байхдаа нойтон аргын үйлдвэртэй байсан бөгөөд энэ үйлдвэр нь ажиллахгүй, дампуурсан байсан ба тэр үйлдвэрийг одоо ашигладаггүй, ашиглах ч боломжгүй. Нойтон арга нь дэлхийд хоцрогдсон технологи юм. Тиймээс хувийн хэвшил нь шинээр хуурай аргын үйлдвэрийг дэргэд нь босгож бүтээсэн байдаг. Энэ нь нойтон аргын үйлдвэртэй харьцуулахад усны зарцуулалтыг 30-50 хувь бууруулдаг, энерги зарцуулалт 30-40 хувь хэмнэдэг байна.  Мөн хуурай аргын үйлдвэртэй зурэгцүүлэн авто зам болоод төмөр зам, эрчим хүчний дэд станцыг зээл авч барьж байгуулсан байдаг. Ингээд бүтээн байгуулалтын ажил дуусч үйлдвэрлэл эхлэхтэй зэрэгцэн ТӨР өмчөө буцааж аван шинэ удирдлага томилсон.

Төрөөс томилсон захирал Л.Наранбаатар нь үйлдвэр анх удаа ашигтай ажиллалаа гэсэн мэдэгдлийг хийж байгаа ч энэ бүх бүтээн байгуулалтыг бүтээн босгоход авч ашигласан зээлийг нь төлөхгүй хэмээн мэдэгдэж буй нь бодит байдалд нийцэхгүй увайгүй явдал юм. Мөн тэрээр ажилд томилогдмогцоо “цементийн хамгийн доод үнийг тогтоож зах зээлээ эзэгнэнэ”, “өр төллөө, шуудайтай боллоо, цалингаа тавилаа” хэмээн попорч байсан. Өнгөрсөн намар Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд Хөтөлийн “Цемент шохой” ХК цемент нийлүүлэх үүрэг хүлээсэн ч нийлүүлэлтээ хийж чадахгүй томоохон асуудал үүсгэсэн. Эх сурвалжуудын мэдээллээр “Тус үйлдвэрийн үйл ажиллагаа яг ч зогсчихоогүй,дөнгөн данган ажиллаж байгаа. Ингэж ажиллаж байгаагаа засвар үйлчилгээний ажил хийж байгаа” хэмээн ажилчдадаа тайлбарлан өдөр хоногийг аргацааж байгаа аж.

Төр хамгийн муу менежер гэдгийг нотлох мэт хувийн хэвшилд байхдаа хэвийн ажиллаж байсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэр төрийн мэдэлд очоод үйл ажиллагаа нь доголдон хаалгаа барихад хүрсэн үү гэдэг нь олны анхаарлыг татаж байна.
 
www.olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.