Хятадтай ''ойр'' орнуудаас Монгол ганцаараа PCR шаардахгүй байна

БНХАУ гурван жил гаруйн хугацаанд хатуу хөл хорио, бүх нийтийг хамруулсан шинжилгээ гэсэн олон арга хэмжээг хэрэгжүүлсний дараагаар энэ оны нэгдүгээр сарын 08-наас хилээ нээлээ. Ингэснээр бүх улсын иргэн ямар нэгэн хязгаарлалтгүйгээр БНХАУ руу нэвтэрнэ. Харин зорчихоос 48 цагийн өмнө өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай. Ийн Хятад хилийн хоригоо сулруулсан ч бусад улс орон халдвараас болгоомжилж Хятадаас ирэх зорчигчдоос шинжилгээний хариу шаардана гэдгээ ээлж дараалан зарлав. Тухайлбал, Итали, Япон, Тайвань, Энэтхэг, Америк, Малайз, Солонгос, Австри тэргүүтэй орнууд Хятадаас ирэх иргэдээс заавал сөрөг шинжилгээний хариу шаардаж байна. Эдгээрээс Япон улс шинжилгээний сөрөг хариу шаардахын сацуу Хятадаас хүлээн авах болон тус улс руу нисэх онгоцны тоог хязгаарлаж эхлэв. АНУ-ын тухайд Хятадын эрх баригчдын мэдээлж байгаа COVID-19-ийн халдварын тоон мэдээллийн үнэн бодит байдалд эргэлзэж байгаа тул Хятад, Хонгконг, Макаогоос ирэх аялагчдаас шинжилгээний сөрөг хариу шаардана гэдгээ зарласан юм.  

Үүнээс гадна Хятадын томоохон муж болох Хэнаны оршин суугчдын 90 хувиас халдвар илэрсэн гэсэн мэдээллийг “BBC” агентлаг өчигдөр мэдээлсэн нь айдсыг улам нэмэгдүүллээ. Гэтэл манай улс Хятадаас ирэх иргэдээс ямар ч шинжилгээ авахгүйгээр зөвхөн асуумж бөглүүлэн нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан нь сүүлийн өдрүүдийн хамгийн их шүүмжлэл дагуулсан сэдэв болоод байна. Бүх салбартаа олон улсын жишгийг нэвтрүүлнэ хэмээн ярьдаг Монгол Улс энэ удаа “зөрүүд” шийдвэр гаргаснаа улсын эдийн засгийн өсөлт, олон улсын харилцаатай холбоотой хэмээн “аргалав”. Гэтэл хэд хэдэн оронд халдварын тархалт эрс нэмэгдсэн учир маскаа үргэлжлүүлэн зүүх журмыг батлаад байна.

 

ОЛОН НИЙТИЙН ГАЗАР ЗААВАЛ МАСК ЗҮҮХИЙГ ШААРДАЖ ЭХЭЛЛЭЭ

БНСУ-ын тухайд аялагчдыг хүлээн авахдаа вакцинд бүрэн хамрагдсан эсэх, COVID-19-ийн шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг нь шалган нэвтрүүлж байна. Хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл тус улсад нэвтэрснээс гурав хоногийн дараа ойролцоох эмнэлэг болон шинжилгээний төвд очин үнэ төлбөргүйгээр PCR шинжилгээ өгөх юм. Харин Хятад улсаас Солонгост ирж байгаа бүх иргэн заавал 48 хоногийн дотор өгсөн PCR шинжилгээний хариугаа үзүүлэх юм. Үүнээс гадна Солонгос улсад олон нийтийн газар маск зүүх журам үйлчилж байна. Австри улсын тухайд тус улсын нийслэл Вена хотод нийтийн тээврээр зорчих, эмийн сангаар үйлчлүүлэх үед заавал “FFP2” загварын маск зүүх юм байна.Мөн Хятад улсын иргэдээс PCR шинжилгээ шаардахаар болжээ.


Их Британид халдварын тоо дахин нэмэгдсэн тул гадуур явахдаа маск зүүх журмыг тус улсын Эрүүл мэнд, аюулгүй байдлын агентлагаас гаргажээ. Одоогоор энэ журмыг Засгийн газраас нь албан ёсоор батлаагүй байна. Энэ талаар Их Британийн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч “Олон нийтийн газар заавал маск зүүхийг хуульчлаагүй.Гэхдээ Эрүүл мэндийн газрын журам ерөнхий сайдын үгнээс илүү хүчтэй” гэж ярьжээ. Мөн тус улс иргэдээ олон нийтийн газраар явахдаа хүн хоорондын зайгаа баримтлахыг анхааруулж эхэллээ. Учир нь Их Британид энэ сарын 5-наас хойш өдөрт 200 гаруй мянган тохиолдол бүртгэгдэж, халдварын давлагаа дахин нэмэгджээ.Харин Испанийн эрх баригчид 2023 оны гуравдугаар сар хүртэл нийтийн тээвэр, такси болон онгоцоор зорчихдоо заавал маск зүүх журмыг баталжээ. Хүйтний улирал ирж байгаа цаг үед халдварын хязгаарлалтыг бууруулах нь зохисгүй гэж Испанийн Засгийн газар үзсэн байна. Хятад улсын тухайд маск зүүхийг Засгийн газраас нь албан ёсоор шаардаагүй ч  нийтийн тээвэр болон бусад олон нийтийн газрууд маскаа зүүхийг зөвлөж байгаа юм байна. Мөн Хонгконг ихэнх хязгаарлалтуудаа цуцалсан ч маск зүүхийг хэвээр үлдээжээ. 
 


Ц.Билэгтсайхан: ХАЛДВАРЫН ЭРСДЛЭЭС ИЛҮҮ ЭДИЙН ЗАСГАА ДЭМЖИХ БОДЛОГО НЬ ЧУХАЛ

ДЭМБ-ын мэдээлснээр БНХАУ-д өдөрт 30 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс гадна тус улсад халдварын оргил үе нэгдүгээр сарын дунд үеэр тохиож, хоногт 3.7 сая тохиолдол батлагдана гэсэн тооцооллыг зарим эрдэмтэд гаргасан гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал мэдэгдэв. Урд хөршид халдварын тохиолдол эрчимжсэн ч манай улс Хятадаас ирэх иргэдээс шинжилгээний сөрөг хариу шаардахгүй юм байна. Үүнийгээ эдийн засаг, олон улсын харилцаатай холбоотой хэмээн тайлбарлав.


Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан  “ДЭМБ-ын мэдээллээр сүүлийн 24 цагт Хятадад 34 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Тус улсын халдварын тохиолдлын тоо энэ долоо хоногт 45 хувиар нэмэгдэж, 648 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос хоёр дахин их юм. Хятадад арванхоёрдугаар сарын 19-24-нд хийсэн сорьцын мэдээллээр 85 хувь нь омикроны BF7, 15 хувь нь BA5.2 гэсэн дэд хувилбар байна. Эдгээрээс гадна BNXBB гэсэн шинэ хувилбар Хятадаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй. Барууны орнуудын эрдэмтдийн мэдээллээр БНХАУ-д халдварын оргил үе нэгдүгээр сарын дунд үеэр тохионо гэж таамаглаж байна. Энэ үеэр хоногт 3.7 сая тохиолдол батлагдаж, 25 мянга орчим нас баралт бүртгэгдэнэ гэсэн тооцооллыг гаргасан.Тиймээс Хятад дахь халдварын энэ нөхцөл байдал манай улсад яаж нөлөөлөх олон улсын эрсдлийг 29 дөх удаагаа хийлээ.Үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэсэн  дүн гарсан.

Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргасан асуулга бөглүүлж Хятадын иргэдийг нэвтрүүлэх шийдвэр иргэдийн эрүүл мэндийн эрсдлийг тооцоолсон. Гэхдээ энэ эрсдлээс илүүтэй эдийн засгаа дэмжих, олон улсын харилцаагаа сэргээх бодлогоо нэн тэргүүнд тавьж байна. Тус улс хилээ нээсэнтэй холбоотой БНХАУ-ын тавьсан шаардлага болох PCR шинжилгээний сөрөг хариуг манай улс мөн шаардъя гэсэн саналыг тавьсан” гэж ярилаа.

БНХАУ-ын иргэдээс асуумж авч хилээр нэвтрүүлж байгаа ч санамсаргүй түүврийн аргаар сайн дурын үндсэн дээр PCR шинжилгээг тандалтын зорилгоор авч байгаа юм. Тиймээс энэ сарын 08-наас хойш Хятадаас ирсэн иргэдээс халдвар илэрсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайханаас тодруулахад “Тодорхой сорьцнуудыг түүвэрлэн шинжилгээ хийж байгаа. Хувилбарын тандалтыг тодорхойлдог энэ арга олон үе шаттай. Долоо долоо хоногоор багцлан мэдээлэл өгнө.Эдгээр шинжилгээний сорьцод манай улсад өмнө нь байгаагүй шинэ хувилбар орж ирсэн тохиолдолд эрсдлээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэв.


Түүний мэдээлснээр манай улсад өдөрт 10-аас бага тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Гэхдээ халдварын голомт болсон Хятадаас ирж байгаа иргэдээс шинжилгээний хариу шаардахгүй бол энэ тоо хэд дахин нэмэгдэж, эмнэлгийн орны ачааллаа дийлэхээ болих нөхцөл байдал руу шилжих вий гэхээс олон нийт сэрэмжилж байна.Ийн Монгол Улсын Засгийн газар улс орныхоо эдийн засаг, олон улсын харилцааг иргэдийнхээ эрүүл мэндээс чухалд тооцсон хайнга шийдвэр гаргасан учир иргэд маскаа зүүж, олон нийтийн газраар аль болох явахгүй, зайлшгүй шаардлагатай биш бол хүүхдээ гадуур дагуулж явахгүй байж халдварын шинэ хувилбараас өөрсдийгөө сэргийлье. Хэрэв Хятадаас ирэх иргэдээс PCR шинжилгээний хариу шаардах журам батлахгүй л бол үүнээс өөр арга бидэнд үлдсэнгүй.

 

 "Зууны мэдээ" сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine