Ноолуур самнах 12 үйлдвэр шинээр байгуулна

Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар ноос, ноолуурын салбарын 20 гаруй аж ахуйн нэгжтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтаар ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдлын талаар болон тогтоолд заасан худалдааны техникийн зохицуулалтын асуудлыг хөндөж ярилцав.

Засгийн газрын 2022 оны аравдугаар 19-ний өдрийн 380 дугаар тогтоолоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг баталсан. Тус техникийн зохицуулалтын хүрээнд “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуур нь хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй байна” гэсэн зохицуулалтыг тусгасан нь зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэх гол зохицуулалт болж байгаа юм. Ноолуурын боловсруулалт, худалдаанд техникийн зохицуулалт хийснээр угаасан ноолуур экспортод гарахгүй, 4500 тонн хялгасыг нь ялгасан /самнасан/ ноолуур экспортолж, 2.1 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн борлуулж, нийтдээ 660.0 сая ам.долларын борлуулалт хийж, салбарын борлуулалтын орлогыг 294 сая ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн одоо байгаа 2200 ажлын байрыг тогтвортой хадгалж, 4400 орчим ажлын байр шинээр нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан. 

Хялгасыг нь ялгасан ноолуурын экспорт 2022 оны эхний 11 сарын байдлаар 809.1 тонн болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин өссөн байна. Хялгасыг нь ялгасан нэг кг ноолуурыг 2021 онд дунджаар 91.9 ам.доллароор борлуулж байсан бол 2022 онд 108.3 доллароор борлуулжээ.

Хялгасыг нь ялгасан буюу самнасан ноолуурын гол худалдан авагч Итали Улс бөгөөд самнасан ноолуурын экспортын 90 орчим хувийг эзэлдэг. Манай үндэсний үйлдвэрүүд Лоро пьяна, Фалконери, Шанель, Шнайдер, Сил Холдинг зэрэг гаднын брэндүүдтэй хамтран ажиллаж байгааг өнөөдрийн уулзалтад оролцсон 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл онцолж байлаа. Мөн Засгийн газрын тогтоол батлагдсанаар 12 самнах үйлдвэрийг шинээр байгуулж байгаа бөгөөд үйлдвэрлэлээ эхэлбэл манай улс ноолуур самнах 43 үйлдвэртэй болно. 

Дэлхийн текстилийн ширхэгтийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 2021 онд 109 сая тонн байгаагаас амьтны гаралтай ширхэгт 1.7 хувь, үүнээс ямааны ноолууран ширхэгт 0.02 хувийг эзэлдэг байна. Энэхүү ховор ширхэгт ноолуурын нөөцийн 48 орчим хувийг Монгол Улс, 50 орчим хувийг БНХАУ, үлдсэн хувийг нь Иран, Афганистан, Казахстан зэрэг улс бэлтгэж дэлхийн зах зээлд нийлүүлдэг. 

Монгол Улсын ноолуур бэлтгэлийн хэмжээ ямааны тоо толгойноос хамаарч жилд дунджаар 10 мянган тонн хүрдэг. Манай улс нийт бэлтгэсэн ноолуурынхаа 70-80 хувийг зөвхөн угааж, 10 орчим хувийг самнасан байдлаар экспортолж, 10 гаруй хувийг бэлэн бүтээгдэхүүн болгон гадаад, дотоодын зах зээлд борлуулж байна. Харин нэхмэлийн салбарын нийт экспортын 90 гаруй хувийг ямааны ноолуур эзэлдэг. Манай улсад угаасан ноолуурын хялгасыг нь ялгах буюу самнах 40 үйлдвэрт 6017 тонн самнасан ноолуур гаргах хүчин чадал суурилагдсанаас 25 хувийн ашиглалттай байна. Өөрөөр хэлбэл, 12.035 тонн түүхий ноолуурыг угааж, хялгасыг нь ялгах хүчин чадал суурилагдаад байгаа нь жилдээ бэлтгэж буй 10.0 мянган тонн ноолуураа дотооддоо бүрэн самнах боломжтой гэсэн үг юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.