2022 он: Монголд зочилсон эрхмүүд ба Монголыг угтсан улс орнууд

2022 он бол Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд томоохон сорилтын жил байлаа. Дэлхий дахиныг хамарсан цар тахал, Европ тивд гарсан зэвсэгт мөргөлдөөн гээд улс төр, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал үүсч, геополитикийн хувьд ч амар байсангүй.   Гэсэн ч манай улс гадаад бодлогын үндсэн зарчмаа тууштай баримталж, хоёр хөрш болон гуравдагч түнш орнуудтайгаа тэнцвэртэй хамтын ажиллагааг эрчимжүүлсэн жил болов. Өнгөрсөн онд өндөр, дээд түвшинд 10 гаруй айлчлал хэрэгжиж, гадаад харилцааны зургаан сайд, түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчилсан байна.  2022 онд Монголд зочилсон эрхмүүд ба Монголыг угтсан улс орнуудын тухай тоймлон хүргэе. 

Монголд зочилсон эрхмүүд


-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн оны наймдугаар сарын 8-11-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсыг “Энх тайвны бэлгэ тэмдэг” хэмээн нэрлэж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйлсэд оруулж буй манай улсын хувь нэмрийг өндрөөр үнэлсэн нь олон улсын тавцанд манай улсын нэр хүндийг өсгөсөн айлчлал болсон юм. 


-Хятадын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.  Энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн байна. 


-Канад улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри өнгөрсөн аравдугаар сард манай улсад хүрэлцэн ирэв. Айлчлалын үеэр 2023 онд тохиох Монгол Улс, Канад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэх, харилцан айлчлал, уулзалтууд, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулахаар тохиролцов.


-Шведийн Риксдагийн тэргүүн дэд дарга О.Линдестам тэргүүтэй төлөөлөгчид айлчлал хийв. Энэ үеэрээ дипломат харилцааны 60 жилийн ойг тэмдэглэх, айлчлал хэрэгжүүлэх, Монгол Улсад ЭСЯ нээх боломжийн асуудлаар санал солилцов. 


-ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров долдугаар сарын 5-нд Монгол Улсад айлчилж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээр хийв. 


-Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн наймдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав. БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийг байгуулсан билээ. 


-Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хэтийн төлөв, зорилт, үйл ажиллагаа болон энэ онд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын талаар санал солилцов. 


-БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин өнгөрсөн наймдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр талууд “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг үзэглэв. 


-Польшийн Гадаад хэргийн сайд З.Рау албан ёсны айлчлал хийв. Гадаад ха­рил­цааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээр хийж  Тавантолгойн ду­лаа­­ны цахилгаан станцын төсөлд хамт­ран ажиллах талаар санал солилцов. 


-Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрх дорнодын асуудал хариуцсан Төрийн сайд А.Миллинг айлчлав. Монгол, Британийн Дугуй ширээний 14 дүгээр уулзалт, Монгол, Британийн ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тус тус хийв. 


-Тайландын Хаант улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Талууд “Монгол, Тайландын хамтын ажиллагааны таван жилийн ажлын төлөвлөгөө”-г байгуулжээ. 


-Лаосын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит Монгол Улсад айлчлав.  Хоёр улсын төр засаг, хууль тогтоох дээд байгууллага, ард түмэн хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болов. 


-Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагын Ерөнхий захирал Одри Азулей Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар долдугаар сарын 10-14-нд Монгол Улсад ажлын айлчлал хийв. 

Монголыг угтсан улс орнууд


-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан улсын Самарканд хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болон Монгол, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын ээлжит зургадугаар уулзалтад оролцов. Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг таван жилээр сунгаж, хөтөлбөрт тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцсон. 


-Ерөнхийлөгч Х.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийв. Талууд хамтарсан мэдэгдэл гаргаж, “Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” зэрэг нийт 16 баримт бичгийг байгуулав. 


-Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японд төрийн айлчлал хийв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Японы Ерөнхий сайд Ф.Кишида нар “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг зарлаж, хамтарсан мэдэгдэл гаргасан. 


-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын ЕА-н 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаанд оролцов. 


-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Египет улсын Шарм Эль-Шейх хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцов. 


-УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн аравдугаар сард БНСУ-д ажлын айлчлал хийв.


-УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк улсад албан ёсны айлчлал хийв.


-УИХ-ын дарга Г.Занданшатар Австри Улсын Вена хотноо чуулсан Парламентын дарга нарын дэлхийн тавдугаар бага хуралд оролцов. Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулан, олон улсын энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ардчиллыг бэхжүүлэхийн төлөөх хүч чармайлтад манай улс хувь нэмрээ оруулахыг зорьж байгаагаа нотлов. 


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцов.  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудын хүрээнд ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцож, улс орны хөгжилд нэн шаардлагатай стратегийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах асуудлаар зарим тохиролцоонд хүрсэн. 


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийв. Хоёр орны итгэлцлийг бэхжүүлэх, иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэхээр тохиролцов.  


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур улсад албан ёсны айлчлал хийв.  “Цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх тухай санамж бичиг байгууллаа. 


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард  БНХАУ-д ажлын айлчлал хийв.  Бээжин хотноо зохион байгуулагдсан XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцов.  Мөн айлчлалын үеэр “Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр, “Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”, “Монгол Улсаас БНХАУ-руу сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол” зэрэг таван баримт бичиг байгуулав. 


-Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Лондон хотноо болсон ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан Хаан агсан хоёрдугаар Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцсон.  


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токио хотноо болсон Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэ-тай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцов. 


-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн удирдагчдын уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч На Гён Вон-той тавдугаар сарын 25-нд уулзав. 


-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцов.Энэ үеэр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай уулзаж, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг эрчимжүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж, EPC-II, III багцын гэрээнд гарын үсэг зурлаа. 

 

 "Зууны мэдээ" сонин 
Т.Сайхан 
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sylva 2023-01-04 13:46:30
    МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилти...