П.Бямбацэрэн: Нийгмийн даатгалын тогтолцоог улстөрчид дампууруулсан

 БНМАУ-ын Улсын бага хурлын гишүүн асан, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн тэргүүн дэд сайдаар ажиллаж байсан доктор, профессор П.Бямбацэрэнтэй нийгмийн хамгааллын салбарыг тойрсон асуудлаар ярилцлаа.


    
-Монгол Улсад Нийгмийн хамгааллын салбар байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг бид үдлээ. Шинэ үеийн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн тогтолцоог бүрдүүлэхэд гар бие оролцож явсан хүний хувьд тус салбарын алдаа, оноог хэрхэн дүгнэх вэ?


    -Юуны өмнө нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн үйлчилгээний салбарын үүсэл, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө харамгүй зориулж ирсэн үе үеийн удирдах зүтгэлтнүүд, энэ салбарын нийт ажилтан албан хаагчдад тус салбар үүссэний түүхт 80 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье. Монгол улсын нийгмийн хамгааллын бодлогын суурь XIII зуун буюу их эзэн Чингис хааны үед тавигдсан гэж үздэг. Монгол улсад Ардын хувьсгал ялснаас хойших түүхэн хөгжлийн 100 жилд нийгмийн хамгааллын салбар нь хүн амын хөдөлмөр эрхлэлт, улс орны эдийн засгийн бүтцийн үндсэн салбаруудын онцлог, хөдөлмөрийн орчин нөхцөлийг илүүтэй тусгасан, эв санааны зарчимд тулгуурласан үзэл баримтлалаар хөгжиж  ирсэн. 1990-ээд оныг хүртэл мөрдсөн энэ тогтолцоо нь хүн ам, иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, амьжиргааны орлогын баталгаат түвшнийг дээшлүүлэн ажил амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн, санхүүгийн эх үүсвэрийн хувьд улсын төсвөөс түлхүү хамааралтайгаар баталгаажуулсан шинж чанарыг агуулдгаараа онцлогтой, бас ч муугүй үр дүнтэй байсныг түүх гэрчилнэ. Ахмад настны тэтгэврийн хэрэгцээт санг ажил хөдөлмөр эрхэлж буй идэр насныхан нь бүрдүүлдэг байх үндсэн дээр тэднийг ажиллуулагч үйлдвэр, аж ахуйн байгууллагууд нийт цалингийн сангаасаа 3-10 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлөх замаар тэтгэврийн эх үүсвэрийг бүрдүүлдэг байв. Үүний зэрэгцээ ажил хөдөлмөр эрхлэж байгаа хөдөлмөрийн насанд хүрсэн иргэн бүр Үйлдвэрчний эвлэлд нэгдэн орж гишүүнчлэлийн татвар хэлбэрээр албан тушаалын цалин, хөлснөөсөө шимтгэл төлж тэтгэвэр, тэтгэмжийн санд хувь оруулж байсныг дурдах ёстой. Зарим хүмүүс 1995 оноос өмнө Нийгмийн даатгалын санд хувь хүн, хуулийн этгээд шимтгэл огт төлдөггүй байсан юм шиг ярьдаг бол өрөөсгөл зүйл юм.

  Харин нийгмийн даатгал, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг 1940-өөд оны эхнээс МҮЭ-ийн байгууллагад албан ёсоор хариуцуулж, түүний бүтцэд нийгмийн даатгалын хэлтсүүдийг бие  даалган байгуулж ажиллуулах болсноор мэргэшсэн боловсон хүчин, материаллаг бааз бүхий үндэсний хэмжээний тогтолцоотой Нийгмийн даатгалын салбар хөгжиж бэхжих болсноор эдүүгээ 80 жилтэй золгожээ. Тэр үеэс хүн амын бүлгүүдийн онцлог хэрэгцээ шаардлагад нийцсэн амралт, асрамж, рашаан сувиллын газрууд, хүүхдийн асрах газар, зуслангууд, төрөлжсөн цэцэрлэг, яслиуд олноор байгуулагдаж, ард түмэндээ үйлчилдэг болж хөгжсөн байлаа.


-Монгол улсад Ардчилсан хувьсгал өрнөж социалист систем задран унаснаар нийгмийн даатгалын хуучин систем үйлчлэх боломжгүй болсон гэдэг. Сүүлийн 30 жилд ямар ахиц өөрчлөлт гарсан бэ?


  -1980-аад оны сүүлч, 1990-оны эхээр ганц Монгол улсын хувьд төдийгүй социалист системийн бүх орнууд түүний дотор ЗСБНХУ хүртэл тогтолцооны хямралд орсон. Манай улсын үйлдвэр, аж ахуйн газрууд хаалгаа барьж, худалдаа үйлчилгээний газар, дэлгүүрийн лангуу хоосорч, өдөр тутмын цөөн төрлийн зайлшгүй хэрэгцээт барааг картлан хуваарилах төдийхнөөр айл өрх, хүн ардынхаа амьдралыг залгуулах төдий болж хүндэрсэн байв. Нийгэм, эдийн засгийн салбарууд бүхэлдээ зогсонги байдалд орчихсон, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар ЭЗХТ Зөвлөлийн шугамаар авдаг байсан зээл тусламж бүрэн зогсч, нийтдээ 12 орчим тэрбум ам.долларын гадаад их өртэй болсон. Инфляц 360-д хүрчихсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь өгч чаддаггүй, валютын нөөц бүрэн шавхагдчихсан байлаа. Харин ч тийм хүнд үеийг нэрт эдийн засагч Дашийн Бямбасүрэн, Пунцагийн Жасрай нарын толгойлсон хоёр Засгийн газар уламжлан залгамжилсан оновчтой зөв бодлого явуулж, ОУВС, АХБ, Дэлхийн банк, НҮБ зэрэг нэр нөлөө бүхий олон улсын  банк, санхүү, хөгжлийн байгууллагуудтай холбоо тогтоож, гишүүнчлэлд нь багтах идэвх чармайлт гарган хөөцөлдөж гадаад таатай орчныг бүрдүүлж чадсанаар харьцангуй богино хугацаанд хохирол багатайгаар системийн өөрчлөлтийг хийж чадсан юм. Олон тулгуурт дипломат гадаад бодлого явуулж, Дэлхийн банк болон Япон улсын Засгийн газрын санаачилгаар Монголыг дэмжигч донор орнуудын зөвлөлдөх уулзалтын механизмыг тогтоож,  түүгээр дамжуулан хандив, урт хугацааны зээл тусламжийн хөрөнгө босгох ажил амжилттай, бүр тогтмол шинжтэйгээр зохион байгуулагддаг болсон нь манай улс хүндрэл, бэрхшээлээс гарахад чухал түлхэц өгсөнийг онцлон тэмдэглэх учиртай.Тийм хүнд цаг үед Нийгмийн даатгалын цоо шинэ тогтолцоонд шилжих стратегийг дэвшүүлэн олон түмэнд ойлгуулж, нийгмийн дэмжлэг авч зориглон хэрэгжүүлснийг одоо эргээд харахад бахархууштай санагддаг. Иргэдийн үүрэх шимтгэлийн ачаалал 90-ээд оны хямрал үүрлэсэн цагт хүндээр тусах байсан ч алсдаа үр шимийг иргэд олон түмэн хүртэнэ гэдгийг ойлгуулж чадсан нь уг тогтолцоог иж бүрнээр, цогцоор нь нэвтрүүлэх аятай нөхцөл болсон гэж дүгнэж болно. Тодруулбал НД бүрэлдэхүүн 4-5 төрлийн санд цалингийн сан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэр дүнгээс нийтдээ 30 гаруй хувь, үүний дотор: ААНБ 19-21 хувь, ажилтан 10 хувиар тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг шууд төлүүлж эхэлсэн билээ. Шууд утгаараа бол хүн амын 30 гаруй хувь нэн ядуу, 60 шахам хувь /зарим судалгаа, мэдээллээр 70-80 хувь ядуурлын шугамд тулсан туйлын хүнд үед аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдэд ногдуулах шимтгэлийн хэмжээг шууд хоёр дахин нэмэгдүүлэх ачааллыг оногдуулах шийдвэр байсан юм.       


 -Гэхдээ нийгмийн даатгалын сангууд хоосорч, ачааллаа дийлэхгүйгээс болж дампуурсан гэж зарим хүн тайлбарладаг. Та үүнтэй санал нийлэх үү?


  -Дампуурсан биш, дампууруулсан. Сүйрсэн биш сүйрүүлсэн байхгүй юу. 1995 оноос цогцоор нь мөрдүүлж эхэлсэн нийгмийн даатгалын тогтолцоо бол суурь зарчмаараа дэлхий нийтийн жишигт нийцсэн сонгодог тогтолцоо мөн. Одоо ч ач холбогдлоо алдаагүй. Харамсалтай нь яагаад анх боловсруулсан үзэл баримтлалаасаа гажиж, дампуурах байдалд хүрчихсэн юм бэ гэвэл улс төрчдийн хийсэн ажил. Тэдний бодлогогүй амлалтаа хэрэгжүүлэх арга хэрэгсэл болгож нийгмийн даатгалд огт хамааралгүй олон төрлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр, тэр бүү хэл нийгэмд огт хөдөлмөрлөж байгаагүй хүмүүсийг тусгай нөхцөлөөр тэтгэвэр, тэтгэмжийг амлан тогтоож, тэдгээрийгээ НДС-ийн /нийгмийн даатгалын сан/ хөрөнгөнөөс санхүүжүүлдэг болгосон. НДС-ийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулж өсгөн арвижуулах төрийн бодлогыг амин хувийн ашиг сонирхлоор шамшигдуулан цөлмөх болсон зэрэг хууль бус үйлдлүүдээс хамаарч НД-ын өнөөгийн тогтолцоо дампуурах нэр зүүх болсон. Яг үнэн чанартаа дампуурчихсан ч юм биш, дампууруулж харагдуулах хүсэлтэй албан тушаалтнууд, улс төрчид олширсонд асуудлын нууц байгаа юм. Тодорхой хэлбэл 2001 оны үеэс дампууруулах үйл явц эрчимчиж, түүнээс хойш, 2004, 2008, 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдан ажиллаж байсан УИХ, Засгийн газрууд, Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн тус тус бие даасан тогтолцоог гажуудуулан завхруулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Тэр завхрал өнөө хир нь засагдан залруулагдах бус харин ч улам гүнзгийрч мөн чанараа алдахад хүрчихээд байгаа нь  харамсалтай. Бүрэн бус тооцоогоор нийгмийн даатгалын санд улс төрийн намууд, улс төрчдийн учруулсан шууд алдагдал /хохирол/ 3.6 их наяд төгрөгнөөс давчихаад байна. Үүн дээр Арилжааны банкаар дамжуулан шамшигдуулсан хөрөнгийг нэмж тооцвол бүр их өндөр тоо гарна. Мэдээж цаг үеийн шаардлагаар өнөөг хүртэл мөрдөж ирсэн НД-ын тогтолцоонд боловсронгуй болгож сайжруулах зүйл байж болно. Гэхдээ суурь зарчмыг өөрчлөх, илүү сайн тогтолцоо гэж хаана ч байхгүйг бодолцох л ёстой.


  -Хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлье, тэтгэврийг өвлүүлдэг болгоё гэсэн саналыг зарим гишүүн дэвшүүлсэн. Энэ хэр үр дүнтэй бэ? 


  -Нийгмийн даатгалын суурь зарчмыг өөрчлөхгүйгээр зарим хуульд зохих нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдчих боломжтой асуудал. Хамгийн гол нь нийгмийн даатгалд хамаарахгүй олон  төрлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоож, НДС-г хоосолдог, сангуудыг нь дур мэдэн үр ашиггүй захиран зарцуулдаг, шамшигдуулдаг хууль бус үйлдлийг таслан зогсоох, хаах, сангийн менежментийг сайжруулах, хяналтын механизмыг зөв оновчтой болгох ёстой юм. Энэ л Монголд дутагдаад байна.

 

"Зууны мэдээ" сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2022-12-30 07:19:14
    1995 ОНЫ НДШ-ын ТӨЛӨХ ЗАРЧИМЫГ НАМУУДЫН СОНГУУЛИЙН АМАЛАЛТААР ЖАМ ЁСНЫ ЗАРЧИМЫГ АРДЧИЛАЛ НЭРЭЭР УСТГАЖ ТЭГШ БИШ БАЙДЫГ ТОГООСОНЫ ГАЙ ОДОО НҮҮРЭЛСЭН ХЭРЭГ