ХААН Банк нийт 20 сая ам.долларын урт хугацаат санхүүжилт амжилттай татлаа

ХААН Банк АНУ-ын Коннектикут мужид төвтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани “Developing World Markets” (DWM)-ийн удирддаг хөрөнгө оруулалтын хоёр сангаас 12 сая ам.доллар, Швейцарь улсад төвтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани “responsAbility Investments AG”-ийн удирдаж буй дөрвөн сангаас 8 сая ам.доллар буюу нийт 20 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ.

Хамтын ажиллагааны гэрээний дагуу энэхүү зээлийн санхүүжилтийг бичил болон жижиг дунд бизнесийнхэн, тэдгээрийн  үйл ажиллагааг дэмжихэд зориулан олгох бөгөөд ХААН Банк нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд нийгэмд ээлтэй бизнесийг дэмжих, харилцагчдадаа хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээг нь санал болгох замаар тэдний санхүүгийн хэрэгцээг хангах, бизнесийн өсөлтөд нөлөөлөх, ажлын байр нэмэгдүүлэхэд илүү анхаарч ажиллаж байна.

 “responsibility Investments AG”-ийн Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Ашиш Малик “Бид Монгол орны бичил болон жижиг дунд бизнесийнхэн, тэдгээрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хувь нэмэр оруулах боломж олдсондтуйлын баяртай байна.”

ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэр “DWM” болон “responsAbility Investments AG”-тай хамтын ажиллагаагаа бид үргэлжлүүлэн нийт 20 сая ам.долларын нэмэлт санхүүжилт татаж чадсандаа баяртай байна. Жижиг дунд бизнес, тэдгээрийн  үйл ажиллагааг дэмжихэд энэхүү санхүүжилтийг зарцуулах бөгөөд  нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд тодорхойлсон зорилтыг биелүүлэхэд онцгой түлхэц болох юм” гэж онцоллоо.

ХААН Банкны тухай

ХААН Банк нь Монгол орны өнцөг булан бүрт байрлах нийт 547 салбар, нэгж болон цахим сувгуудаар дамжуулан Монгол Улсын хүн амын 82 хувьд банкны бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Улс орны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг жижиг дунд бизнесийг бодлогоор дэмжин ажиллаж ирсэн төдийгүй зөвхөн зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдыг чадавхжуулан сургах, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг. 

 “DWM”-ийн тухай

Developing World Markets (DWM) нь 1994 онд үүсгэн байгуулагдсан, хөгжиж буй зах зээлийн нийгэм, байгаль орчин, эдийн засгийн хэрэгцээг хангасан тогтвортой хөрөнгө оруулалт хийх боломжтой шийдлүүдийг эрэлхийлдэг 20 гаруй жилийн туршлагатай хөрөнгө оруулалтын компани юм. DWM нь 1999 онд нөлөөллийн хөрөнгө оруулалт хийж эхэлж байсан бол 2007 оноос үйл ажиллагаагаа зөвхөн нөлөөллийн хөрөнгө оруулалтын чиглэл рүү шилжүүлсэн. Америкийн санхүүгийн зохицуулах хороо (SEC)-д бүртгэлтэй хөрөнгө оруулалтын зөвлөх DWM Asset Management компаниар дамжуулан DWM нь хөгжиж буй 70 гаруй улсын 900 гаруй аж ахуй нэгжүүдэд зээл, 25 аж ахуй нэгжид хувийн өмчлөл зэрэг нийт 2.2 тэрбум ам.долларын  хөрөнгө оруулалтыг хийсэн байна. 

“responsAbility Investments AG”-ийн тухай

responsAbility Investments AG нь Цюрихт төвтэй, 200 гаруй ажилтантайгаар долоон оффисоос үйл ажиллагаагаа явуулж буй хөгжиж буй зах зээлд чиглэсэн нөлөөллийн тэргүүлэгч хөрөнгө оруулагч юм. 2003 онд байгуулагдсан цагаасаа хойш 12 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, олны итгэлийг олсон байгууллага юм. 2015 онд НҮБ-ын тодорхойлсон Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд шууд хувь нэмэр оруулах үүднээс дараах гурван үндсэн чиглэлд хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. Санхүүгийн хүртээмжтэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр бичил болон жижиг, дунд бизнесүүдийн хөрөнгө оруулалт; Хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгох зорилгод хувь нэмрээ оруулахын тулд уур амьсгалын хөрөнгө оруулалтын чиглэл; Тасралтгүй өсөж буй дэлхийн нийт хүн амыг хоол хүнсээр тогтвортой хангахын тулд тогтвортой хүнсний чиглэлд хөрөнгө оруулдаг. responsAbility нь олон улсын хадгаламж, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг M&G plc-ийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд M&G plc-ийн нөлөөллийн хөрөнгө оруулалтын чадавхийг нэмэгдүүлэн ажилладаг.

 

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

 
Бусдад түгээх
  • gplus