ЭЗБХ: Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна

   Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2022.12.07) хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. “Хилийн боомтуудаар ачаа,тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” тусгай шалгалтын сэдэвт тус хянан шалгах түр хороог 2022 оны зургадугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хурлын 31 дүгээр тогтоолоор байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн, хянан шалгах дээрх түр хорооны дарга Г.Ганболд саналаа танилцууллаа. Хянан шалгах хорооны үйл ажиллагааны явцад хянан шалгагч нарыг томилж, ажлын даалгаврыг баталсан бөгөөд холбогдох байгууллагуудаас шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авч, ирсэн нотлох баримтуудыг нягтлан боловсруулах, нотлох баримтыг сонсголоор шинжлэн судлах тул хугацаа шаардлагатай байгаа аж. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг зургаан сарын хугацаагаар сунгаж ажиллуулах шаардлагатай хэмээн үзэж “Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг төслийг боловсруулсан байна. Тус хянан шалгах түр хорооны томилсон хянан шалгагчид орон нутагт томилолтоор ажиллаж байгаагийн зэрэгцээ хилийн боомтууд, төмөр зам, Зам тээврийн яам, хуулийн байгууллагуудаас материал цуглуулж байгааг Г.Ганболд гишүүн дуулгаад, цуглуулсан материалуудад шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа гэв. Түүнчлэн БНХАУ-ын талд нотлох баримт цуглуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг илгээсний хариуд тус улсын гаалийн байгууллагад хандаж, шаардлагатай мэдээллээ авах боломжтой гэдэг хариуг ирүүлээд байгаа аж. Тиймээс Гадаад хэргийн яамаар дамжуулан тус улсын гаалийн байгууллагад хүсэлтээ явуулсан байна. Холбогдох материалууд ирсэн тохиолдолд тэдгээрийг нотлох баримт болгож ашиглах учраас хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг тайлбарыг тэрбээр хэлсэн. Тус хянан шалгах түр хороо энэ сардаа багтаан тусгай шалгалтын сэдвийн хүрээнд нээлттэй сонсгол зохион байгуулж, Улсын Их Хуралд тайлангаа танилцуулах төлөвлөгөөтэй байгааг мөн дурдлаа.

   Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг танилцуулсан бөгөөд "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" тусгай шалгалтын сэдэвт Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 2022 оны арван хоёрдугаар сарын 11-ний өдрөөс зургаан сараар сунгахаар төсөлд тусгажээ.

  Г.Ганболд гишүүний санал, Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Х.Ганхуяг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Х.Булгантуяа нар асуулт асууж, хянан шалгах түр хорооны дарга, гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Ингээд “Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоож, сонсгол даргалагчийг сонголоо

   Улсын Их Хурлын даргын 2022 оны 190 дүгээр захирамж, Улсын Их Хурлын нэр бүхий 9 гишүүний хүсэлтийг үндэслэн боловсруулсан “Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Улсын Их Хурлын гишүүдийн ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай хүсэлтийг Т.Доржханд гишүүн танилцууллаа.

   Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.12, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1.2, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7, 6 дугаар зүйлийн 6.1.6, 25 дугаар зүйлийн 25.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.2, Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 6 дугаар зүйлийн 6.2.2,8 дугаар зүйлийн 8.2.2-т тус тус заасныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүд ерөнхий хяналтын сонсголыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах хүсэлт гаргажээ.

   Ерөнхий хяналтын сонсголыг дөрвөн сэдвийн хүрээнд явуулахыг хүсэлтэд дурдсан байна. Үүнд,  “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээнүүдийн талаар; 2020-2022 онд улсын хэмжээнд коксжих нүүрс олборлосон аж ахуйн нэгжүүд, олборлолтын хэмжээ, коксжих нүүрс тээвэрлэсэн аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн олсон орлого, Монгол Улсын боомт тус бүрээр экспортолсон коксжих нүүрсний дэлгэрэнгүй мэдээллийг сонсох шаардлагатай гэжээ. Түүнчлэн коксжих нүүрсний олон улсын зах зээл дээрх болон БНХАУ-ын үнэ болон Монгол Улсын экспортлох өртөг хоорондын хэт их зөрүүний учир шалтгааныг тодорхой сонсож, энэхүү зөрүү мөнгө нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлдэг эсэх; “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэр хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1  км тутмыг ямар хэмжээний өртгөөр барьж байгуулсан тухай зэрэг асуудлын хүрээнд 2022 оны арван хоёрдугаар сард багтаан ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн Улсын Их Хурлын гишүүд хүсэлтдээ дурджээ.


   Байнгын хорооны тогтоолын төслийг Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 119 дүгээр зүйлийн 119.1, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдрийн 10 цаг, тус сонсголыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг даргалан явуулахаар төсөлд тусгагджээ.

   Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай Улсын Их Хурлын гишүүдийн хүсэлт болон Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Х.Ганхуяг, С.Чинзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь “Ерөнхий хяналтын сонсгол явуулах товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ??? 2022-12-08 02:53:48
    Нүүрсний гэрээ бол ердийн л аж ахуйн гэрээ (commercial contract), төрийн нууцад огт падгүй!! Хэрэв эдгээр гэрээ Монголын төрийн нууц юм бол энэ гэрээг байгуулса...