Н.Батсуурь: Махыг үйлдвэрт бэлтгэснээр экспортод гаргах боломжтой болно

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаагийн зочноор Монголын махны холбооны Гүйцэтгэх захирал Н.Батсуурийг урилаа.

 

УЛСЫН ХЭМЖЭЭНД ХҮНСЭНД ЗОРИУЛАН БЭЛТГЭЖ БАЙГАА МАХНЫ 94 ХУВЬ НЬ ЯМАР Ч БАТАЛГААГҮЙ

-Монголын хүнсний аж ахуйн гол салбар нь мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл байдаг. Тэгвэл манай улсын мах бэлтгэлийн тогтолцоо 1990 оноос өмнө болон одоо ямар байгаа талаар яриагаа эхэлье?

-Манай улс 1990 оноос өмнө мах бэлтгэлийн нарийн тогтолцоотой байсан. Сум бүрт худалдаа бэлтгэлийн анги, нэгдэл, сангийн аж ахуй гэж байлаа. Нэгдэл гэдэг нь малчдын дундын хоршоо. Малчид нэгдлийн малыг хариулж цалин авдаг байв. Мөн нэгдэл маханд зориулж малаа бэлтгэдэг.

Харин худалдаа бэлтгэлийн анги нь нэгдлийн маханд зориулж бэлтгэсэн эр болон сувай малыг худалдан авч үйлдвэрт худалдаж мөнгийг нь нэгдэлд өгдөг. Тус мөнгө нь нэгдлийн орлого болж малчдаа цалинжуулах, өвс тэжээл, эм тариа, нэгдлийн бусад үйл ажиллагааг санхүүжүүлдэг байлаа. Худалдаа бэлтгэлийн анги худалдаж авсан бог малаа 1000-1500-гаар нь бод малаа 700-800-гаар нь нийлүүлээд дөрвөн туугчид хариуцуулж үйлдвэрүүдэд нийлүүлдэг байсан. Тухайн үед үйлдвэрүүд Улаанбаатар, Дархан гэсэн төвлөрсөн суурин газарт байдаг байсан. Нэгдлээс авсан малыг хариулах малчин болон хашаа хороог тусгайлан бэлддэг байсан бөгөөд мал хариулах малчин  буюу туугч нь нэгдлээс авсан малыг худалдаа бэлтгэлд хүргэж өгөх гэрээ байгуулж тухайн малыг бэлчээрээр нь 3-4 сар тууна. Хавар гарсан туранхай мал намар таргалаад үйлдвэрт ирнэ. Харин нэмэгдсэн тарганых нь зөрүүгээр туугчдын цалин, урамшууллыг олгодог байжээ. Энэ маягаар мах бэлтгэлийн тогтолцоо зохион байгуулалттай өрнөдөг байлаа. Нэг үгээр мал бэлтгэлийн томоохон компанит ажил явагддаг байсан гэсэн үг. 1990 оноос хойш энэ тогтолцоо алга болж  малчдын малыг очиж авдаг хувь хүмүүс буюу ченж нар бий болсон. Ингээд гар аргаар буюу хуучны уламжлалт аргаар төхөөрч төвлөрсөн захуудад зарж борлуулдаг тогтолцоотой болжээ.

-Таны хэлснээр одоо мах бэлтгэгч нь малчин өөрөө болсон. Тэгвэл манай улсад бэлтгэгдэж байгаа махны хэдэн хувь нь үйлдвэрийн аргаар бэлтгэгддэг юм бол? 

 -Улсын хэмжээнд 2020 онд нийт 501.5 мянган тонн мах бэлтгэсэн статистик мэдээлэл байдаг. Гэвч энэхүү үйлдвэрлэсэн нийт махны тав хүрэхгүй хувийг бүртгэлтэй байгаа мал төхөөрөх үйлдвэрт бэлтгэж боловсруулсан байгаа юм. Мөн одоо үйлдвэрүүдийн хувьд хавар мах бэлтгэхээ больсон. Намар бага хэмжээний  махыг бэлтгэдэг. Ингэхдээ малчдын ачиж авчирсан малыг авч үйлдвэрт бэлтгэнэ. Улсын хэмжээнд хүнсэнд зориулан бэлтгэж байгаа махны 94 хувь нь ямар ч баталгаагүй. Хэний ч мэдэхгүй орчинд эрүүл, өвчтэй эсэх нь тодорхойгүй малыг төхөөрч байгаагаас гадна муулж байгаа хүн нь эрүүл эсэх нь тодорхойгүй  хүмүүсийн гараар бэлтгэгдэн зах зээлд нийлүүлэгдэж байна. Одоо бид нийтийн хүнсэнд зориулан бэлтгэж байгаа малыг баталгаагүй, ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд, хүмүүс өөрсдийн дураар төхөөрдөг үйл ажиллагааг байхгүй болгох хэрэгтэй. Нийтийн хүнсний хэрэгцээнд зориулсан махыг зөвхөн үйлдвэрт бэлтгэх шаардлагатай.

Үйлдвэрт төхөөрдөг болгох хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, төхөөрөгдөж байгаа мал эрүүл эсэх нь тодорхой болно. Тодруулбал, өвчтэй малыг хүнсэнд хэрэглэхийг дэлхий нийтээр хориглодог. Тэгэхээр хүнсэнд төхөөрч байгаа малыг эрүүл эсэхийг нь нотлох хэрэгтэй болно. Айлаас худалдаж аваад хотонд нь төхөөрөөд ачаад ирж байгаа малыг хэн ч эрүүл гэдгийг нотолж чадахгүй. Харин үйлдвэрт ирж байгаа малыг үйлдвэрийн малын эмч үзээд хүлээж авдаг. Ингээд мэргэжлийн хүмүүс тусгай аргаар шалгаж эрүүл, өвчтэй эсэхийг нь тогтоодог. Хоёрдугаарт, мал ч гэсэн ачигдаад ирэхдээ айж стресст ордог. Стресст орсон малын биед хортой бодисууд ялгарч маханд нь шингэж үлддэг. Тиймээс стрессийн гармонуудыг задарч алга болтол нь амрааж тайвшруулсны дараа төхөөрөхгүй бол гадна талаасаа эрүүл харагдах ч идсэн хүндээ сөрөг үр дагавар өгдөг. Хүмүүсийн гаргадаг сэтгэл хөдлөлийн зарим араншин идсэн махтай нь холбоотой гэж ойлгож болно. Тиймээс дэлхий дахинд хүнсэнд төхөөрөх малыг зовоох, цочоох, стресстүүлэхийг хориглодог. Малыг муулахын өмнө заавал 24 цагийн хугацаанд амраасан байхыг шаарддаг. Үйлдвэрт төхөөрвөл эрүүл гэдэг нь баталгаатай болохоос гадна малын биед үүссэн сөрөг зүйлсийг арилгаж тайвшруулах давуу талтай.

-Үйлдвэрийн эмч малыг эрүүл эсэхийг хэрхэн шалгадаг талаар сонирхуулахгүй юу. Одоо үйлдвэрүүд малын эмчтэй юу. Улсын хэмжээнд мал төхөөрдөг хэчнээн үйлдвэр байдаг вэ?

-Улсын хэмжээнд мал төхөөрдөг 80 гаруй, боловсруулах 66 үйлдвэр бий. Одоо үйлдвэрийн малын эмч маш ховор болсон. Мал үйлдвэрт ирэхэд малын эмч түүнийг шалгадаг. Тухайлбал, мал амьд байхдаа гадна талаасаа эрүүл мэт харагдаж болно. Харин  үйлдвэрийн эмч малын халууныг хэмжинэ. Салст бүрхүүлүүдийг үзнэ. Байгалийн сүвүүдийг харна. Зүрхний цохилт, амьсгалыг нь тоолно. Мөн хамраас нь нус гоожоогүй, хэл аманд нь яр шарх гараагүй, хөлийн салаа нь идээлээгүй, зүрхний цохилт нь хэвийн байвал энэ мал эрүүл гэж үзнэ. Гэхдээ дээрх өвчний шинж тэмдэггүй ч дотроо ямар байгааг бас мэдэхгүй. Тиймээс төхөөрөөд дууссаны дараах үзлэг гэж хийдэг. Ингэхдээ бүх тунгалгийн зангилаанд үзлэг хийнэ. Тунгалгийн зангилаан нь гаднаас ямар нэгэн бактери орж ирэхээр түүнийг шүүдэг дархлааны тогтолцооны хэсгийг нэрлэдэг. Хэрэв өвчтэй бол тэр зангилаануудад өөрчлөлт ордог. Бид ханиад хүрээд хамгийн түрүүнд хоолой өвддөг.

Тэгвэл хоолойны хоёр талд гүйлсэн булчирхай гэж байдаг. Чихний дээр доор олон булчирхай байдаг. Үүнийг шинжлэх ухааны нэрээр тунгалгийн зангилаа гэдэг. Булчирхайг шинжлэх ухаанд тодорхой фермент ялгаруулдаг зүйлийг хэлдэг. Тиймээс булчирхай биш тунгалгийн зангилаа гэж хэлэх нь зүйтэй. Малын эмч бүх тунгалгийн зангилаанд үзлэг хийдэг. Томорсон, өнгө нь өөрчлөгдсөн эсвэл янз бүрийн хавдар үүссэн байна уу гэдгийг нь үзэхийн тулд тунгалгийн зангилааг зүсэж үздэг. Энэ бүхнийг үзэхэд хэрэв өвчтэй мал байвал тунгалгийн зангилаануудад нь өөрчлөлт гарсан байх жишээтэй. Цаашлаад дотор эрхтэнд үзлэг хийж өөрчлөлт байвал түүнийг хэрэглэхгүй байх арга хэмжээг авдаг. Хэрэв устгахааргүй бол гүн боловсруулалт хийж хүнсэнд хэрэглэнэ. Гэтэл айлын гаднаас худалдаж аваад төхөөрч байгаа малд ийм үзлэг шинжилгээнүүдийг хийдэггүй. Тиймээс айлын хотонд мал бэлтгэх нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй.

-Бид 1960-1990 онд үйлдвэрт махаа бэлтгэдэг байж. Тэгвэл энэ үед махаа ямар улсууд руу экспортолдог байсан юм бол. Мөн хэдэн тонн махыг экспортолдог байсан бэ?

-Хэдэн тонн мах экспортолж байсан тухай нарийн тоог нь мэдэхгүй байна. Ихэвчлэн ОХУ руу мах экспортод гаргахаас гадна хөлөөр  нь гаргадаг байсан. Учир нь тухайн үед Монголд мал төхөөрдөг үйлдвэр цөөхөн байсан. Үйлдвэрт ирсэн нийт малыг төхөөрөх гэхээр хүчин чадал нь хүрдэггүй байсан учраас хөлөөр нь гаргаж байв. Харин 1990 оноос хойш мал төхөөрч, мах боловсруулах үйлдвэрүүд хувьд шилжсэн. Хүмүүс энэ салбарт бизнесийн боломж байна гэж үзээд үйлдвэрт хөрөнгө оруулж олон үйлдвэр байгуулсан. Одоо Монголоос бэлтгэж байгаа малыг үйлдвэрийн аргаар бэлтгэх хүчин чадал байна. Гэтэл үйлдвэр байгаа хэрнээ малаа бэлтгэдэг тогтолцоо нь байхгүй болохоор үйлдвэрүүд нь ажиллахгүй байна. Үйлдвэрт махаа боловсруулаагүйгээс олон улсад манай мах хүлээн зөвшөөрөгдөхгүй байна.  Мөн дээр хэлсэнчлэн хүнсэнд төхөөрч байгаа малын 94 хувь нь айлын хотонд гар аргаар нядлагддаг. Ийм байхад ямар ч улс биднээс мах авахгүй. Тухайлбал, өөрийгөө Хятадын ерөнхийлөгч гэж бодъё. Тэгвэл айлын хотонд төхөөрдөг, ямар ч үзлэг шинжилгээ хийгээгүй мах байна гэвэл авах уу. Хэн ч авахгүй шүү дээ. Хятадууд аргаа барахдаа “Та нар гар аргаар малаа нядалдаг юм чинь түүнийгээ тодорхой заасан минутад чанаж болгоод буюу дулааны аргаар боловсруул. Тэгвэл авъя гээд дулааны аргаар боловсруулсан хонь, үхрийн махыг нийлүүлж байсан. Тэд шууд төхөөрсөн шинэ мах авахдаа итгэхгүй шүү дээ. Яаж итгэхэв дээ. Хэн ч хэзээ ч ийм аргаар бэлтгэсэн мах авахгүй.

Монголын махны экпортын зах зээлийг өргөжүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд мал төхөөрөх газар, мах боловсруулах үйлдвэрүүдийн операторууд үр ашиг, бүтээмж, чанарын менежментийн тогтолцоогоо сайжруулж, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын суурь түвшинг дээшлүүлэх шаардлагатай байна. Анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл түүхий эдийн ханган нийлүүлэлт, боловсруулалтыгн гинжин хэлхээний үе шат бүр стандартыг хангасан байх ёстой. Тухайлбал, Ариун цэвэр, аюулгүй байдал, ажиллагааны горим, Удирдлагын сайн тогтолцоо, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал, аюулгүйн дүрэм зэрэг илүү дээд түвшний тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй.

 

ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНЭЭС ИЛҮҮ ГАРСАН МАХАА БОРЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА УЧРААС МАЛЫН ТОО ӨССӨӨР БАЙНА

-Махаа экпортолж чадахгүй байгаагаас олон сөрөг үр дагавар гарч байна?

-Махаа экспортолж чадахгүй байгаагаас болж жил бүр малын тоо өсөж байна. Өмнө нь бид 25-26 сая толгой малтай байсан. Түүнээсээ жилд 8-9 сая төл бойжуулдаг. Гэхдээ төлтэйгөө тэнцэх хэмжээний малыг үйлдвэрт төхөөрч үлдсэнийг нь хөлөөр нь гадагш гаргаж хэрэгцээгээ хангадаг байсан болохоор 25 сая хэвээр байдаг байсан. Харин одоо гурав дахин өсөж 75 сая болсон нь экспортолж чадахаа байсантай холбоотой. Мөн хүн ам өсөж гурван сая болсон ч энэ их махыг идэж чадахгүй. Махыг замбараагүй идэж болохгүй. Дотоодын хэрэгцээнээс илүү гарсан махаа борлуулж чадахгүй байгаа учраас малын тоо өссөөр байна. Малыг хувьчилснаар тоо толгой нь өссөн гэж ярьдаг. Ингэж ярих нь өрөөсгөл юм. Дотоодын зах зээл нь багахан хэсгийг нь шингээж байна. Үлдсэн нь хотондоо байж байхаас яах вэ. Мал өссөнөөр олон сөрөг үр дагавар бий болж байна. Үүнээс хамгийн том сөрөг үр дагавар нь байгаль орчинд хохирол учруулж байна. Бэлчээрийн даац хэтэрснээс өвс ургамал нь гүйцэт ургадаггүй, бэлчээр доройтож талхлагдаж байна.

Ялангуяа, төвийн бүс болох Архангай, Булган, Төв, Дундговь, Хэнтий аймагт бэлчээрийн даац хэтэрсэн. Дээрээс нь малын тоо ихэссэнээр зэрлэг амьтдын бэлчээрлэх нутаг хумигдаж тоо толгой нь цөөрч устаж үгүй болж байна. Нэгж талбайд байх малын тоо өссөнөөр нягтрал нь ихэссэн. Тодруулбал, цар тахлын үед нэг өрөөнд нэг метрээс хол зайтай байх шаардлагатай. Гэтэл энэ өрөөнд 40 хүн оруулахад хоёр хүний хоорондын зай 50 см болно. Ингэхээр хүмүүсийн халдвар дамжуулах эрсдэл нэмэгдэнэ. Үүнтэй ижил нэгж талбайд байгаа малын тоо нэмэгдэхээр малын халдварт өвчин дамжих эрсдэл нэмэгдэнэ. Үүнээс болж малын эрүүл мэнд муудаж, ашиг шим нь буурч байна. 1990 оноос хойш амьдын жин багасаж, ашиг шимийнх нь гарц буурсан байдаг. Энэ нь нэгж талбай дахь популяцийн тоо өссөнтэй холбоотой. Мөн бид байгалийн бэлчээр ашигладаг. Гэвч байгалийн гамшигт үзэгдэл болох ган, зуд тодорхой хугацааны давтамжтай тохиолдох болсон. Өмнө нь 10 жилд нэг удаа зуд болдог байсан бол одоо таван жилд нэг болдог болсон. Тоо нь олширч чанар нь муудсан мал ган, зуд болохоор бөөнөөрөө үхэх эрсдэлтэй болсон. Ингээд ган, зудад малаа алдсан малчид ядуурч амьдрахын тулд хот суурин газар ирж төлөвлөлтгүй тэлэлт гэдэг зүйлийг бий болгож байна. Тиймээс монголчууд бид зохистой мал аж ахуй буюу бэлчээрийнхээ даацад тохирсон тодорхой тооны малтай байх нь зүйтэй. Мөн зохистой хэмжээнд байлгахын тулд экспортлох хэрэгтэй.

-Махаа экспортолохын тулд бид эхлээд ямар алхам хийх ёстой вэ?

-Манайхаас мах экспортлох сонирхолтой хүмүүст бид итгэл найдвар төрүүлэх хэрэгтэй. Монголоос бэлдсэн мах аюулгүй. Мах нь аюулгүй стандартын дагуу бэлтгэсэн гэдэг итгэлийг бий болгох ёстой. Ингэхийн тулд гар аргаар мал төхөөрдгөө болих хэрэгтэй. Хүнсэнд зориулж бэлтгэж буй махаа үйлдвэрт төхөөрдөг болбол Монголын маханд хүмүүс итгэнэ. Монгол малын махыг амталж үзсэн хүмүүс салахын аргагүй амттай гэдэг. Хамгийн гол нь миний болон хэрэглэгчийн эрүүл мэндийг хохироох зүйл байж магадгүй гэж эмээж байна шүү дээ биднээс.

-Тэгвэл бид гадныхны итгэлийг олохын тулд юу хийх хэрэгтэй юм бэ?

-Мах үйлдвэрлэж байгаа гол хүмүүс нь малчид. Тиймээс малчдаас эхлэх хэрэгтэй. Малчдаас авч буй амьд мах нь эрүүл байх ёстой. Малыг үйлдвэрт аваачиж өгдөг дундын тогтолцоог Засгийн газар, орон нутгийн Тамгын газар хамтран бодлогоор бий болгох хэрэгтэй. Үүнийг Засгийн газар бодлогоор дэмжих хэрэгтэй. Хурга, ишиг, тугалыг нь ялгаж онд оруулаад түүнийгээ бордож тэжээж жинг нь нэмэгдүүлээд үйлдвэрт тушаадаг болгох нь чухал. Дэлхийн мах экспортолдог бусад оронд хөгшин малын махыг хэрэглэдэггүй. Харин Монголд бог малыг тав, бод малыг зургаан нас хүргэж иддэг. Гадаадад хонийг хурга байхад нь буюу 9-12 сартайд нь, үхрийг 18 сартайд нь хүнсэнд хэрэглэдэг. Энэ нь эдийн засаг болон махны амт чанар, зөөлөн байдал талаасаа хэрэглэгчийн таашаалд нийцдэг. Тиймээс энэ тогтолцоо руу орох хэрэгтэй. Малчид үүргээ биелүүлж махаа бэлдчихлээ. Үүнийг нь цуглуулж аваад үйлдвэрийн шаардлага хангасан эрүүл мал болгох ажлыг хийдэг бизнесийн дунд шатны бүлэг хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй. Хөнгөлөлттэй зээл олгож, газар өмчлүүлэх зэргээр дэмжих нь зүйтэй. Энэ тогтолцоо бий болбол үйлдвэрүүд малыг нь худалдаж авахад бэлэн. Үйлдвэртээ малаа нядалдаг тогтолцоо руу орчихвол экспортын асуудал хялбар болно.

 

БИДЭНД ҮЙЛДВЭРҮҮДЭД АЖИЛЛАХ МАЛЫН ЭМЧ БОЛОН МАЛЧДАД ҮЙЛЧИЛДЭГ ХУВИЙН МАЛЫН ЭМЧ ДУТАГДАЛТАЙ БАЙНА

-Мал эмнэлгийн хувьд манай улс хүнд байдалд байгаа. Өмнө нь малын эмчийн тогтолцоо ямар байсан. Цаашид юун дээр анхаарах вэ?

-Малын эмчийг дотор нь Засгийн газрын, үйлдвэрийн буюу нийтийн ариун цэврийн, сумын гэж ангилдаг. Мал эмнэлгийн тогтолцооны хувьд Засгийн газрын мал эмнэлгийн түүний дор аймгийн мал эмнэлгийн газар дараа нь сумын мал эмнэлгийн газар, хувийн мал эмнэлэг гэсэн бүтэцтэй байдаг. Засгийн газрын мал эмнэлгийн хувьд Засгийн газрын малын эрүүл мэндийн талаарх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Харин бүтээгдэхүүний ариун цэвэр хянадаг хүмүүсийг нийтийн ариун цэврийн мал эмнэлгийн ажилтан гэнэ. Харин үйлдвэрийн малын эмчийг дээр дурдсан байгаа. Үйлдвэрийн эмч нарын хувьд нарийн мэргэшсэн эмч нар байх ёстой. Түүнээс суманд байгаа малын эмчийг мал төхөөрсний дараах үзлэг хий гэвэл тунгалгийн зангилааг хаана нь огтлох, томорсон эсэхийг нь яаж шалгахаа мэдэхгүй. Сумын төвд суугаа малын эмч нь Засгийн газраас өгсөн бодлогыг хэрэгжүүлдэг. Харин хувийн малын эмч тарилгыг нь хийдэг. Малын эмч гэдэг нь хоорондоо ийм нарийн ялгаатай.

Одоо бидэнд үйлдвэрүүдэд ажиллах малын эмч болон малчдад үйлчилдэг хувийн малын эмч дутагдалтай байна. Мөн тэднийг бэлтгэх сургалт муу. Айлын хотонд очиж ажилладаг малын эмчийн хувьд тав тух, ажлын ачаалал, эрүүл аюулгүй байдал талаасаа хүнд ажил ч бага цалинтай. Ингэхээр малын эмнэлэг сайн байх аргагүй. Төр үүнд анхаарах хэрэгтэй. Засгийн газрын малын эмчээр ажиллах хүн олон байдаг. Энэ хүмүүсийн хувьд дөнгөж төгссөн хүүхдүүд байх нь их. Малчдад үйлчилдэг эмч нарын хувьд 50-аас дээш насныхан байдаг. Үйлдвэрийн малын эмч нарын хувьд экспорт нэмэгдвэл энэ тоо хүссэн хүсээгүй нэмэгдэнэ.

-Хөдөө аж ахуйн бирж танайхтай хэр уялдаа холбоотой ажилладаг вэ?

-Манай холбоотой хамтарч ажилладаггүй. Харин ноолуур авч зардаг газар гэж боддог. 

-Танайх үйлдвэрүүдийн махны холбоо. Тэгвэл танай бодлого, чиглэл Засгийн газрын бодлоготой хэр нийцэж байна?

-Монголын махны холбоо мэргэжлийн байгууллага. Махны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийн үүсгэн байгуулсан холбоо. Төр, засгаас гарч байгаа шийдвэр зах зээлд үүссэн асуудлуудад өөрсдийн эрх ашиг, бизнесийн орчин, нэр төрөө хууль ёсны дагуу хамтарч хамгаалахын тулд байгуулагдсан юм. Тиймээс үйлдвэрийн эрх ашгаа хамгаалдаг цорын ганц байгууллага. Засгийн газраас хүсэх зүйл олон байдаг. Засгаас ч биднийг дэмжиж ажилладаг. Хүнс, хөдөө аж ахуйн яам махны холбоо хоёр үйл ажиллагаа сайтай. Бид Монголын мал аж ахуйн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Мөн мал аж ахуйн салбарын орлогыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд мэргэжлийн чиглэлээр хувь нэмрээ оруулна. Тодруулбал, малчдын гар дээр бий болсон амьд малыг аль болох хурдан эргэлтэд оруулж гадаад болон дотоод зах зээлд мөнгө болгож нийлүүлнэ. Ингэхдээ энэ мөнгөний ихэнх нь малчдын гар дээр очих ёстой. Үлдэж байгаа хэсэг нь манай үйлдвэрийн ажилчдад очно. Бид ийм л үүрэг хүлээсэн. Бидэнд хоёр чухал зүйл байна. Экспортод бүтээгдэхүүнээ гаргах. Дотоодын зах зээлд аюулгүй, олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх зорилготой.

-Одоо бид ямар улс руу махаа экспортолж байна вэ?

-ОХУ, Узбекистан, Иран, Вьетнам, Хятад, Казахстан, Япон болон Европын орон руу гаргаж байна. Гэхдээ маш бага хэмжээгээр алдаг оног л гаргаж байна.  Нэлээн хэдэн оронд экспорт хийж байгаа юм шиг хэрнээ нэр төдий байгаа. Байнгын тогтвортой гаргах нь чухал. Мөн импортлогч орны шашин, соёлд тааруулан экспортлох хэрэгтэй. Тухайлбал, арабуудад зориулж халал аргаар боловсруулах юм.

-Австралиас манайд бас мах экспортоор орж ирж байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Үүнийг маш зөв гэж харж байна. 1990 оноос хойш бид глобалчлал гэдэг зүйл рүү орсон. Манай улсын хувьд яалт ч үгүй урсгалаараа орсон. Нөгөөтэйгүүр зах зээлийн эдийн засаг гэдгийг бид санаатайгаар хийсэн. Глобалчлал гэдэг зүйл нь бидэнд шинэ зүйлийг авчирсан. Тодруулбал, хүнсний нэр төрөл олширч соёлд суралцсан. Гадаадын олон хүн манайд орж ирж байгаа. Тэдэнд зориулж хүссэн зүйлийг нь бий болгох нь зүйтэй гэж бодож байна. Монголчууд мах бол мах гэсэн ойлголт байдаг. Гадаадууд бол тэгж хардаггүй. Дотоодын мах өндөр технологитой ресторануудад таарахгүй байна. Монголын чанаргүй махаар хоол хийж бизнесээ алдах эрсдэлд орохоор нөхцөл байдалтай болсон.

-Малаа Хятад руу хөлөөр нь гаргах нь зөв үү?

-Энэ бол буруу. Одоо манайд мах төхөөрснөөр боловсруулах үйлдвэр хангалттай байна. Монголчууд үүнд хөрөнгөө оруулсан. Энэ нь нутаг дэвсгэр дээрээ үйлдвэрлэсэн баялагтаа өөрсдөө өртөг шингээсэн бүтээгдэхүүн хийх нь чухал. Яг өртөг шингээх болохоороо хөлөөр нь гадагш гаргах нь эдийн засаг талаасаа буруу алхам юм. Амьд малыг үйлдвэрт төхөөрөхөөр их өртөг шингэнэ. Тухайлбал, арьсыг нь аваад үйлдвэрт боловсруулна. Дотор гэдсийг нь боловсруулаад худалдана. Бүх өртөг шингээд нэг хонины мах 300-400 мянган төгрөг болж өсөхөөр байна. Гэтэл малчдаас авдаг үнээрээ малаа гадаад хүний халаасанд хийх бол буруу юм. Амьд малыг үйлдвэрт төхөөрснөөр нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах боломжтой. 

-Өнгөрсөн зун бүх хүн махнаас гарах шахсан. Махны эрүүл аюулгүй байдал гэдэг асуудалд ойрын хугацаанд ямар ажлыг хийх нь зүйтэй вэ?

-Үйлдвэрийн аргаар боловсруулдаг болчихвол эмээлтийн нөхдүүд чанаж болгодог асуудал алга болно. Бид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бүтээгдэхүүний өртөгийн сүлжээг дэмжих талаар Монгол Улсын Засгийн газарт Азийн хөгжлийн банкнаас үзүүлж буй дэмжлэгийн хүрээнд "Махны үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"- ын баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж өгсөн. Тус баримт бичиг маань 2022 онд батлагдаж гарлаа. Махны үйлдвэрлэл нь нарийн төвөгтэйгөөс гадна өндөр шаардлага тавьдаг гэдгийг түүнээс харах боломжтой. Мөн тус техникийн зохицуулалтыг 2023 оны нэгдүгээр сараас үйлдвэрүүдэд нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ бол үйлдвэрүүдэд том шаардлага тавигдаж байгаа. Үүнийг хоёр жилийн хугацаанд бүрэн нэвтрүүлэх хэрэгтэй. Үүнд зорилулж Засгийн газар сургалт сурталчилгааг хийх хэрэгтэй байна. Мөн малчдад хотондоо малаа төхөөрөхийг зөвшөөрдөг энэ байдлыг болиулж малчин хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэдгийг ойлгуулах нь чухал. Тиймээс би хүнсний аюулгүй байдлыг хангахад үүрэг хүлээсэн хүн. Тиймээс би малчдад зорилусан ажил хийх хэрэгтэй. Малчдаас зөв журмаар бүтээгдэхүүн гарч үйлдвэрт боловсруулаад эхэлбэл энэ бүхэн хэвийн байдалд орно. Үүний дараа агуулах, тээвэрлэлт гэдэг нарийн зүйлсийг шийдээд явах боломжтой.

 “Зууны мэдээ” сонин
Б.Баяржавхлан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.