“Алтанбулаг”-аар овоглосон “Хөрөнгө оруулагчдын зөвлөл”-ийн шинэ жилийн цэнгүүн
Монголын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх, бизнес эрхлэгчдэд гадаадад үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгох хамгийн таатай орчин бол Чөлөөт бүс юм. Манай улсад “Алтанбулаг”-ийн худалдааны чөлөөт бүс албан ёсоор байгуулагдаад хагас жилийн нүүрийг үзэж буй ч Монголын эдийн засаг, Хөрөнгө оруулалтыг нэн таатай, итгэл үнэмшил дүүрэн харж байна. Учир нь “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс дэргэдээ Хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй болсон бөгөөд ингэснээр Засгийн  газрын  бодлого,  үйл  ажиллагааны  мөрийн  хөтөлбөрийг хэрэгжүүлэгч чөлөөт бүс, хөрөнгө оруулагчид болох хувийн хэвшлийнхэнтэй хамтран үйл ажиллагаагаа тогтворжуулах, бизнес эрхлэгчдэд зах зээлийн томоохон давалгааг эхлүүллээ.


Иймээс энэхүү баяраа  тэмдэглэж, “Алтанбулаг”-ийн худалдааны чөлөөт бүс, Хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй хамтарсан анхны шинэ жилийн цэнгүүнээ өнгөрсөн бямба гарагийн үдэш хийлээ. Нэг талаас шинэ жилийн цэнгүүн, нөгөө талаас ажил хэргийн уулзалт давхцсан энэхүү арга хэмжээнд улсад “Алтанбулаг”-ийн чөлөөт бүстэй хамтран ажилладаг, гадаад, дотоодын төлөөлөгч, гэрээт хөрөнгө оруулагч бүхий л байгууллагуудын удирдлага төлөөллүүд оролцлоо.

“Алтанбулаг”-ийн худалдааны чөлөөт бүс, Хөрөнгө оруулагчдын зөвлөл хамтран ажиллах гэрээ байгуулав
Энэхүү цэнгүүн, ажил хэргийн уулзалтыг нээж, “Алтанбулаг”-ийн худалдааны чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүн Ч.Амарбаатар хэлсэн үгэндээ ““Алтанбулаг”-ийн худалдааны чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчдын зөвлөлд 10 гаруй хөрөнгө оруулагч багтаж байна. Зүй тогтлыг нь олчихвол мөнгө өөрөө ороод ирнэ” хэмээсэн.

Харин  “Алтанбулаг”-ийн худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимидсүрэн “Нэгэн баяртай мэдээг дуулгахад,  Өнөөдөр чөлөөт бүсээр арилжаалагдаж эхэлсэн бараа бүтээгдэхүүнүүд Монгол Улсын хэрэглээний зах дээлд  үнийн өрсөлдөөн бий болгож эхэлсэн таатай мэдээг дуулгая. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс дахь Хөрөнгө оруулагч нартай хамтран ирэх  2015 онд Улсын төсөвт 3 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломж байгааг харж, үүрэг аваад байна. Энэ үүргээ биелүүлэхийн сацуу хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өрсөлдөөн бий болгох нөхцөл бололцоо үүсчихлээ байна. Ингээд энэ сайхан баярын үдэш та бүхэн маань, магадгүй ирэх жил томоохон хөрөнгө оруулалт бий болгосон томоохон бизнесийн хэрэглээг бий болгосон, ийм сайхан таатай орчинг бүрдүүлсэн Олон улсын жишигт нийцсэн байгууллага болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Ингээд Харин  “Алтанбулаг”-ийн худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн, Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүн Ч.Амарбаатар энэ түүхэн өдөр хамтран ажиллах гэрээг үзэглэж, цаашид чөлөөт бүсийг хамтран хөгжүүлэх, бизнес эрхлэгчдэд таатай орчинг бүрдүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхээ баталгаажуулсан юм.

Цэнгүүний сонин хачнаас
Өнөөгийн бүхий л  салбар ахмадуудынхаа туршлага, зөвлөгөө, залуусынхаа шинэ шинэлэг санаагаар баяжиж цааш хөгжиж байдаг. Иймээс “Алтанбулаг”-ийн худалдааны чөлөөт бүсээс Монголын их дээд сургуулиудын оюутан залуусын дунд “Чөлөөт бүсийг хэрхэн хөгжүүлэх вэ” бичлэгийн уралдаан зарласан байсан агаад энэхүү уралдааны эхний дөрвөн байрт орсон оюутнуудад энэ өдөр шагналыг нь гардууллаа.


Уг цэнгүүнийг зохион байгуулагч нь Хөрөнгө оруулагчдын зөвлөл гэдгийг санах хэрэгтэй. Зөвлөлийнхөн цэнгүүнд ирсэн хүндэт зочиддоо зориулан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын бүхэл бүтэн оркестор найрлыг авчирсан байлаа. Мөн дуурийн дуучид хүчтэй чадалтай хоолойгоороо олныг бишрүүлэв.
Мөн цэнгэл баярт үргэлж хүч нэмж байдаг “Хар сарнай” хамтлагийн залуус ая дуугаар өргөхөөс гадна “Харанга” хамтлагийн дуучин МУГЖ Х.Лхагвасүрэн ирж баяр дээр баяр нэмлээ.


Ингээд цэнгүүний үеэр баярын гол эзэдтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

“2015 онд хамгийн багадаа 3 сая ам.долларын орлогыг Улсад төлөхөө мэдэгдье”

“Алтанбулаг”-ийн худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимидсүрэн:
-Юуны өмнө энэ баярын өдөр нийт Монгол Улсын иргэддээ, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчид болон тэдний ар гэр, бизнесийн үйл ажиллагаанд хамтран оролцдог хамтрагчид нь  бүгдэд нь энэ өдрийн баярын мэндийг хүргэе. Чөлөөт бүс маань Засгийн газрын 153 дугаар тогтоолын хүрээнд өнгөрсөн зургаадугаар сарын 22-нд байнгын үйл ажиллагааны дэглэмд шилжсэн. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Улсын төсөвт тодорхой хэмжээний мөнгө оруулж чадлаа. Цаашид чөлөөт бүс ажиллах төлөвлөгөөгөө гаргаж, Алтанбулаг худалдааны чөлөөт бүс, түүнд хөрөнгө оруулагчдын хооронд гэрээ зурагдлаа. Энэ гэрээний хүрээнд томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлж,  бизнесийнхнийг үүндээ татан оролцуулж, улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чөлөөт бүс болж, хамтдаа хөгжин дэвших нөхцөл бололцоо үүд хаалга нээгдлээ хэмээн харж байна.

Мэдээж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаатай байхын тулд эрхзүйн орчин таатай байх ёстой. Удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх гэж байгаа Бүсийн шинэчилсэн найруулга, чөлөөт бүсийн тусгай дэглэм хоёр, нутаг дэвсгэрийн бизнесийн таатай орчин бүрдүүлэх зохицуулалт болох учир хэлэлцэгдэж батлагдах байхаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Ер нь хөрөнгө оруулагчдын нэг анхаардаг зүйл нь эрхзүйн орчин. Иймээс төрөөс баримталж байгаа бодлого нь тодорхой байх юм бол хэд л бол хичнээн сая доллар эргэлдүүлэх боломжтой. Ийм учраас “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас ирэх 2015 онд хамгийн багадаа 3 сая ам.долларын төсвийн орлогыг Улсын төсөвт төлж, ийм хэмжээний мөнгийг хуримтлуулах  боломжтой гэж албан ёсоор Сангийн яам, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлсэн байгаа.

Тэгэхээр бид гурван сая ам.долларын хөрөнгийг олохын тулд ирэх жил чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд Хөрөнгө оруулагчдын зөвлөл ажиллахаар боллоо. Энэ бол хамгийн багадаа гэж та бүхэн ойлгох хэрэгтэй. Улмаар анх удаа Монгол Улсын чөлөөт бүс Улсдаа ашигтай ажиллавал оруулсан хөрөнгө оруулалтыг нь нөхөх ийм хэмжээний үйл ажиллагаатай ажиллана гэж ойлгож болно.


Ч.Амарбаатар: Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба мөнгө хөөцөлдөөд явж болохгүй

-Хөрөнгө оруулагчдын зөвлөлд одоогийн байдлаар хичнээн аж ахуй нэгжийн төлөөлөл байна вэ. Ирэх онд гурван сая ам.долларыг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Үнэхээр ийм боломж бий юу?
-Алтанбулагийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албатай Хөрөнгө оруулагчдын зөвлөл хамтран ажиллахаар боллоо. Төрөөс хийж байгаа хөрөнгө оруулалт нь хязгаарлагдмал байдаг. Иймээс төрөөс хийж байгаа хөрөнгө оруулалтыг зөв зүйтэй зарцуулах шаардлага гарч байгаа юм. Хөрөнгө оруулагчидтай оновчтойгоор хамтран ажиллана.
-Миний бодлоор бол чөлөөт бүс өөрөө мөнгө олно гэсэн онол зүйн хувьд бол байхгүй.  Чөлөөт бүс маань л ажилд орох нь нэг номерын асуудал болоод байна. Бий болгохыг нь дэмжих хэрэгтэй. Хөрөнгө оруулж байгаа хүмүүс илүү мөнгөтэй байх мөнгө олох боломж нь байж байж чөлөөт бүс хөгжинө. Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба мөнгө хөөцөлдөөд явж болохгүй. Иймээс бид үүнийг зөв өнцгөөс харж зөв тайлбарлах шаардлага бий.

-Өнгөрсөн 12 жилийн хугацаанд чөлөөт бүс гэж яригдаад ажилласан зүйл ч байхгүй хөрөнгө мөнгө үрээд дууслаа. Одоо цаашид юу хийвэл чөлөөт бүс хөгжих юм бол?
-Тэр бол гадаад дотоод нөхцөлөөс болоод тэр хууль хэрэгжээгүй, чөлөөт бүс ажиллаагүй. Үүнд Монголын  бизнесмэнүүд буруутай биш, тэр ажлыг эхлүүлж байсан хүмүүс ч буруугүй. Тэр үед Монгол сонирхлын сэдэв чөлөөт бүс байгаагүй байхгүй юу. Харин одоо Монгол Чөлөөт бүсийн сонирхолтой болсон.  Ганцхан Монголын төр ч бай, Монголын бизнесмэн ч бай ийм хурдтайгаар цаг хугацаа өөрчлөгдөнө гэж хэний ч санаанд ороогүй. Хэн ч тооцоолоогүй. Бид бэлэн байгаагүй, дээр дооргүй. Тийм болохоор одоо алдаж байгаа цаг хугацааг хурдтайгаар ажиллаж нөхөх ёстой.  Тиймээс одоо дээр дооргүй хамтдаа ажиллая. Бүгдээрээ энэ асуудалруу оръё гэж байна.

Орос, Хятад гэсэн асар их бизнесийн урсгал байна. Монголд чөлөөт бүс хөгжих үндэс нь бий болчихлоо. Хөрөнгө оруулалт хийгээд “made in mongolia”-г Оросын зах зээлд гаргах сонирхол байна. Мөн Хятадын зах зээлд гаргах боломж байна.

Гэтэл монгол орон гэдэг чинь тэр чигээрээ "эко". Манай улс дэлхийн зах зээлд бүх юм нь “эко” гэдгээрээ л харагдаж байна. Өнөөдөр бид бүхэн монгол махаа дээдэлье, Монгол жимс ногоогоо хэрэглэе. Түүнийгээ дэлхийн түвшинд гаргах  ажил үлдэж байна.


Х.Ганбаатар: Гадаад зах зээлийг сонирхож байгаа бол  чөлөөт бүсээс гараагаа эхэл
Хөрөнгө оруулагчдын төлөөлөл болгож, “Ag marco” компанийн захирал Х.Ганбаатартай ярилцав.

-Юуны түрүүнд “Ag marco” компанийн талаар танилцуулна уу?
-Манай компани борлуулалт түгээлтийн менежмент хийдэг компани. Худалдааны чиглэлээр бас үйл ажиллагаа явуулдаг. Бид одоо дэлхийн нэлээд хэдэн орноос бүтээгдэхүүн оруулж ирээд дотоодынхоо зах зээлд хүргэж байна. Тэгэхээр манай зах зээлийн багтааж бага гэдэг нь харагддаг. Бид нар одоо Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс дээр үйл ажиллагаа явуулаад ОХУ-ын хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ хийж байна. Ганцхан өөрийн оруулж ирсэн бүтээгдэхүүнээс гадна дотоодын хэд хэдэн үйлдвэрлэгчийн дистрибьютертэй гэрээгээр ажиллаж байна. Ингэснээр олуулаа нэгдэж нийлээд ажиллах боломж байгааг харууллаа.

-Танай компани яагаад “Алтанбулаг”  худалдааны чөлөөт бүсийг сонгох болов?
-Манай компани яагаад  чөлөөт бүс дээр үйл ажиллагаа явуулах болсон бэ гэхээр Монголын зах зээл өөрөө бага л даа. Гуравхан сая хүнтэй. Бид одоо том хэмжээний бизнес явуулах, оршин тогтнуулахын тулд жижиг зах зээлд өрсөлдөөнтэй ажиллах шаардлагатай байна. Гэтэл одоо Монголчууд маань зөвхөн дотроо өрсөлдөөд байх бус гадагшаа харж ажиллах ёстой болж байна. “Хажууд тэрбум гаруй хүнтэй Хятадын зах зээл байна. Хойд талдаа Оросын их гүрэн улс байна.  Гэтэл бид яагаад зөвхөн дотроо өрсөлдөөд байгаа юм бэ. Одоо гадагшаа   ажиллах цаг болсон юм биш үү” гэж бодсоны  үүднээс чөлөөт бүсрүү ирж ажилласан. Чөлөөт бүс дээр дотоодын үйлдвэрлэгчдээ гадагшаа худалдаа хийх үйлчилгээ явуулж бүх давуу талыг бий болгохын зэрэгцээ татваргүй орчныг бий болгосон. Энэ бол бизнесийнхэнд давуу тал. Үүн дээр  монголчууд өөрсдөө бизнесээ өргөжүүлье,  дэлхийн хэмжээний бизнесийн эхлэлтийг тавъя гэж бодож байвал “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс дээрээс эхлэлээ тавих боломжтой. Би ингэж бодож үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна.

-Та түрүүн чөлөөт бүсэд татваргүй орчныг бий болгосон нь давуу тал гэж хэллээ. Үүнийгээ тодруулбал?
-Монгол үйл ажиллагаа явуулахын тулд бүх компаниуд НӨАТ-ын татвар төлөх ёстой. Үүнд импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүнд 5 хувийн гаалийн татвар төлөх ёстой. Гэхдээ тодорхой  хэмжээний дотоодын зах зээлд борлуулалт хийгдвэл татвар төлөгдөнө. Гэхдээ чөлөөт бүсэд гадагшаа шууд гаргах юм бол ямар ч татваргүйгээр экспортлох боломжтой. Худалдааны гаалийн татваргүй чөлөөт бүс шүү дээ.

-Чөлөөт бүс үйл ажиллагаагаа эхлээд удаагүй ч үр өгөөжийг нь хэрхэн харж байна вэ?
-Үр өгөөжөө богино хугацаанд өгнө гэдэг хэцүү. Иймээс манайхан нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Манай компани гэхэд л чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулаад удаагүй ч тэнд гурван хүнийг төлөөлөгчөөрөө байнгын ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл, чөлөөт бүсийг дагаад орон нутагт хөгжил ирнэ. Олон ажлын байр бий болно. Нэмүү өртөг үйлдвэр үйлчилгээ, зочид буудалд худалдаа гээд бүх төрлийн үйлчилгээ бий болно.Тэр бүс нутагт бас бүтээн байгуулалт хийгдэнэ л дээ.

-Чөлөөт бүсийг сонирхож байгаа бизнес эрхлэгчид байгаа байх. Тэдэнд зориулж юу хэлэх вэ?
-Ганцхан Улаанбаатарын зах зээл надад болж байна хэмээн бодож байгаа бол өөр хэрэг. Харин олон улсад гарч ажилламаар байна гэж бодож байгаа бол чөлөөт бүсээс эхлэх хэрэгтэй.“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсээс Замын-Үүдийн чөлөөт бүс гэж байна.
Ер нь бол эртний “Цайны зам” Бээжин хотоос эхлээд Замын-Үүд, Хүрээ Алтанбулаг, Хиагтаас дайраад Екитринбург гээд эртний худалдааны сүлжээ байсан. Харин орчин цагт энэ цайны замаар төмөр зам, хурдны зам бий болсон байна. Иймээс энэ замын эхэнд та очъё гэж бодвол чөлөөт бүсийг л сонгох хэрэгтэй гэж хэлмээр байна даа.


Ийнхүү “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс, Хөрөнгө оруулалтын хамтарсан уулзалт, шинэ жилийн цэнгүүн тун сайхан болж өнгөрлөө.
“"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн эрхэм зорилго нь эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлэн хөрөнгө оруулагчдыг татах замаар гадаад худалдааг хөхүүлэг дэмжиж, бүс нутгийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх, улсын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхэд оршдог” гэдгээр энэ удаагийн сурвалжлагаа өндөрлье.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Deegii 2014-12-17 06:28:10
    Чөлөөт бүс өнгөрсөн зун нээгдсэн одоо улам хөгжих болно. Нээгдсэн та Улаанбаатарт байхгүй үнээр зарим бүтээгдэхүүн тэндээс авч болно оо.....
    103.229.120.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2014-12-15 16:39:57
    Чөлөөт бүс аль өнгөрсөн зуунд яригдсанч одоо л нээгдэж байгааг юу гэж хэлж дүгнэх юм бүү мэд.болтугай л гэхээс.Харин дотоодын үйлдвэрлэлээ дэмжмээр байна.
    112.72.13.93
    Мэдэгдсэн Хариулах
  • b 2014-12-15 13:02:17
    ene heden yumnuud odoo bas yu yariad bnaa.TTB yum u haasha yum. tor oorsdoo yumaa hiih bailgui de, ene heden iluu l bna sh de.
    112.72.13.215
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-15 08:10:16
    Iluu ihiig hiij buteeh heregtei amjilt
    103.9.91.67
    Мэдэгдсэн Хариулах
  • B 2014-12-15 07:51:08
    Chimdee odaahan boli nood ajloo
    103.229.121.99
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-15 01:44:17
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.68
    Мэдэгдсэн Хариулах
  • zgchin 2014-12-15 01:34:49
    ystoi hudlaa shaaj ulsaas mongo ugaadag gazar.ter chimidtseren gej arhi uusan nohor mon bizdee.shal hudlaa bvltersen bna.
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах