Газрын харилцааны багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

 Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.11.17) нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэй эхэлж, Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар танилцууллаа.

   Газрын харилцааны салбар нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодез, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээллийн менежментийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх суурь орчныг бүрдүүлдэг онцлог суурь салбар. Газрын тухай хуулийг 2002 оны зургадугаар сарын 07-ны өдөр 7 бүлэг, 64 зүйлтэйгээр баталсан бөгөөд үүнээс хойших хугацаанд бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор нийтдээ 32 удаа нэмэлт, өөрчлөлт орсон болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Энэхүү хуулийн давхардал, хийдэл, зөрчлийн талаар ХЗДХЯ-наас хийсэн судалгааны тайланд тус хуульд 7 давхадал, 29 зөрчил, 25 хийдэл байна гэж дүгнэжээ. Өнөөдрийн байдлаар 60 гаруй хууль, 200 орчим захиргааны хэм хэмжээний актад газрын талаарх зохицуулалтыг бий болгон, эдгээр нь зэрэгцэн үйлчилж, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг үүсгэн хэрэглэгч болох, төр, орон нутгийн байгууллага, иргэн, хуулийн этгээдэд ойлгомжгүй эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа тул газрын тухай хууль тогтоомжийн нэгдмэл системчлэлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай үүссэн байна. Нөгөөтээгүүр, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад шинэ тутам үүсэж байгаа газартай холбоотой олон талт харилцаа 2002 онд батлагдсан Газрын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж, тус хуулийг боловсронгуй болгох, өөрчлөх замаар шийдвэрлэвэл зохих олон асуудал үүссэн байна. Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан.

 Газрын харилцаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой суурь асуудал гэдэг утгаараа газрын талаар нэгдмэл, тогтвортой бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, хяналттай байх зохицуулалтыг багтаасан Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 11 бүлэг, 110 зүйлтэй боловсруулжээ.

   Хуулийн төсөлд, газрын харилцаанд Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх, газар нь төрийн хамгаалалтад байх, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх, газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм хорыг арилгуулах, газрын талаарх мэдээлэл ил тод, нээлттэй байх зэрэг үндсэн зарчмуудыг бүх түвшинд баримталж ажиллахаар тусгасан байна. Одоогийн эрх зүйн зохицуулалтаар тодорхойлогдсон газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн 3 эрхийн төрлийг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулийн суурь үзэл баримтлал болон олон улсад нийтлэг хэрэглэгдэж буй эд хөрөнгийн эрхийн зохицуулалттай нийцүүлэн өөрчлөн томьёолж, газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, хүн, хуулийн этгээдэд газрын хязгаарлагдмал эрхээр шилжүүлэх, гэрээгээр ашиглуулах харилцааг зохицуулахаар тусгасан байна. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар нь төрийн нийтийн өмч, цаашид төрийн өмчийн газар байх бөгөөд төрийн өмчийн газрыг бусдад шилжүүлэх, ашиглуулах төрөл, зориулалт, хэмжээ, хугацаа, хязгаарлалт, нөхцөл, шаардлагыг тусгайлан зааж өгсөн байна.


  Газар зохион байгуулалтын үйл ажиллагааг цогц байдлаар тодорхойлж, төлөвлөлтийн дэс дараалсан үйл ажиллагааг тодорхой болгож, газрын мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх, эрхлэх, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгснийг Ж.Сүхбаатар сайд танилцуулав. Түүнчлэн газрыг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах зориулалт, тэдгээрт тавигдах шалгуур үзүүлэлт, түүнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг тодорхой болгож хуульчлахын зэрэгцээ Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бусад төрийн захиргааны төв байгууллага, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон газрын харилцааны талаарх эрх, үүргийг зааглан ялгаж, нарийвчлан тодорхойлсон гэв. Хуулийн төсөлд газрын хязгаарлагдмал эрх олгох болон газрыг гэрээгээр ашиглуулахдаа иргэний хүсэлтээр дуудлага худалдааны анхны үнээр төсөл сонгон шалгаруулалтаар дуудлага худалдааны аргыг хэрэглэхээр заасан бөгөөд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг газрын биржээр дамжин зохион байгуулахаар холбогдох зохицуулалтыг тусгажээ. Цахим үйл ажиллагаатай газрын биржийг улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага удирдан зохион байгуулах бөгөөд аймаг, нийслэлийн түвшинд салбар нэгжүүд эрхлэн явуулах юм байна. Уг биржийн үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар баталдаг байхаар төсөлд тусгажээ. Хот, тосгон, бусад суурин газрын нийтийн хөдөлмөрийн газрын ашиглалт, хамгаалалтын зохицуулалт тодорхойгүйгээс үүдэн нийтийн эдэлбэр газрыг зөвшөөрөлгүй дур мэдэн эзэмших, ашиглах зөрчил даамжирч улмаар эзэнгүйдэх асуудал гарч байгаа тул нийтийн эдэлбэр газрын ашиглалт, хамгаалалтын талаарх зүйл, заалтыг илүү нарийвчлан тусгаж, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтыг тусгасан байна. Улсын хэмжээнд газрын төлөв байдлын чанарт мониторинг хийж, үнэлэлт дүгнэлт өгөх замаар доройтсон газрыг сайжруулах, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд өгч хэрэгжүүлдэг байх тогтолцоог хуульчлах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.

 Хүн, хуулийн этгээдээс газар өмчлүүлэх, газрын хязгаарлагдмал эрх, дундын мэдлийн газрыг гэрээгээр ашиглуулах, газар чөлөөлөхтэй холбоотой гаргасан гомдлыг цаг хугацаа алдалгүй хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус бүтцийг холбогдох байгууллагын төлөөлөлтэйгөөр аймаг, нийслэлийн засаг даргын дэргэд байгуулан ажиллуулах нь зүйтэй хэмээн үзжээ. Хуулиар хориглосон, хязгаарласан заалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний тухай зүйл, заалт нэмж газрын чанарыг доройтуулах, хохирол учруулах, нөхөн сэргээхгүй байгаа зэрэг зөрчилд хяналт, шалгалт хийх эрхтэй этгээд, түүний бүрэн эрхийг тодорхой болгож, улмаар хөндлөнгийн бодитоор хийх боломжийг тусган, хяналт шалгалт болон мониторингийн үр дүнд хэрэглэх албадлага, хариуцлагыг тодорхойлон, шаардлагатай тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд тусгасан байна.



   Төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа.

   Нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад газартай холбоотой олон талт харилцааг хуучин хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж, тус хуулийг шинэчлэх, боловсронгуй болгох цаг үе, нийгэм, эдийн засгийн шаардлага тулгараад байгаа гэж төсөл санаачлагч үзсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрыг өмчлөлийн хэлбэр, зориулалтаас шалтгаалан бусад төрлийн нийтийн эд зүйлсээс ялгаатай авч үзэх, газар зохион байгуулалтын үйл ажиллагааг цогц байдлаар төлөвлөх, газар эзэмших эрхийг эд хөрөнгийн эрхийн зохицуулалттай нийцүүлэх, газрыг улсын болон тусгай хэрэгцээнд авах зориулалт, тавигдах шалгуур, нийгмийн зайлшгүй хэрэгцээнд газрыг чөлөөлөх, нөхөн сэргээх, газрыг дүйцүүлэн хамгаалах, иргэнд газар өмчлүүлэх, нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт хамгаалалтыг сайжруулах, улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарт мониторинг хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, төрийн хяналт, маргаан шийдвэрлэх зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

   Хуулийн төсөл батлагдсанаар газарт тулгуурласан эдийн засгийн суурь харилцааг зохицуулж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэж, газрын асуудал төлөвлөлтөөсөө эхлээд газар олголт, бүртгэл, ашиглалт, үнэ, татвар, төлбөр, хяналт, хамгаалалт хүртэлх бүх үе шат нээлттэй, ил тод болно гэж хууль санаачлагч үзсэн байна.



   Засгийн газраас 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2022 оны арван нэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.



   Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Ц.Сандаг-Очир гишүүн, төслийн хүрээнд сум, аймаг, дүүрэг хоорондын хилийн цэсийн маргаантай асуудал шийдэгдэх эсэхийг тодруулсан. Аймаг, сумын хилийн цэсийн маргаан үүсдэг шалтгаан нь газар зүйн нэр өөрчлөгдсөн, тодорхойгүй байгаагаас үүдэлтэй хэмээн ажлын хэсэг тайлбарлав. Улсын Их Хурал 2003 оны 42 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар газар зүйн нэрийн жагсаалтыг 4 жил тутам тодотгож, Улсын Их Хурлаар батлуулж байх үүргийг Засгийн газарт өгсөн боловч энэ ажил хэрэгжилгүй өнөөдрийг хүрсэн байна. Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 128 дугаар тушаалаар Багийн нэрийг тогтоох, Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан газар зүйн нэрийг тодотгох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 43 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулж байгааг ажлын хэсгээс мэдээлсэн. Улсын хэмжээнд 118 сум хилийн цэсийн маргаантай байгаа бөгөөд ажлын хэсэг сумдад очиж ажилласан гэлээ. Эл ажлын хэсэг газар зүйн нэрийн жагсаалтыг гаргах ажлаа дуусахаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх юм байна. Үүний үр дүнд аймаг, сумын хилийн цэсийн маргаан бүрэн шийдэгдэнэ гэж үзэж байгаа гэв.



   Дархан цаазат Богдхан уулын эргэн тойронд зөвшөөрөлгүй баригдсан барилга, орон сууцны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Ц.Сандаг-Очир гишүүн тодруулж, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хариулт өглөө. Манай улсын нийт газар нутгийн 20 орчим хувь нь тусгай хамгаалалтад байдаг байна. Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалтад буюу тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд харьяалагддаг байна. 1994 онд баталсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэхээр холбогдох яамд хамтран ажиллаж байгаа гэв. Г.Дамдинням гишүүн Дархан-Уул аймгийн сумдын хилийн цэсийн маргааны талаар тодруулсан бол Д.Тогтохсүрэн гишүүн үл хөдлөх хөрөнгө, газар хоёр нэгдсэн бүртгэлтэй болох эсэх, бэлчээр ашиглалттай холбоотой ямар зохицуулалт төсөлд туссан талаар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг зохицуулах ямар шийдэл байгааг тодруулж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан.


   Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Г.Ганболд, Ц.Туваан, Ц.Даваасүрэн, Х.Ганхуяг, Ж.Батсуурь нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан. Төслүүдийн хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх үеэр хариуцсан сайд нь оролцох шаардлагатай гэх саналыг Улсын Их Хурлын гишүүд тавьсан. Иймд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэр гаргав.


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITYA 2022-11-17 20:12:18
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)