Алдарт “халиун азарга”-аар хийморио сэргээсэн уяачид

Монгол хүн, морь хоёрыг салгаж ойлгож  боломгүй. Бидний өвөг дээдэс морин дээрээс дэлхийн талыг эзэгнэж, эрдэнэт хүлгээ шүтэж ирсэн түүхтэй. Тиймээс ч молор эрдэнэ гэж хүндэтгэн дээдэлж, төрийн сүлдэндээ хүртэл дүрс юуг нь залсан нь бий. Тэгэхээр монгол хүн морь хоёр хүйн холбоотой биш ч хувь тавилангийн  холбоотой ч юм болов уу. Төрийн их баяр наадмын түрүү магнай барианд орж ирэхэд омогшдоггүй хүн гэж үгүй. Дөнгөж төрсөн унага хөл дээрээ тэнцэж ядан байхыг хараад бид “Сайн хүний үр, сорт гүүний унага. Хурдан зээрд болж, төрийн наадамд тоосоо өргөнө” гэж ерөөдөг. Ийм л морьтой, хийморьтой ард түмэн Азийн цээжинд оршиж байна. Тэдний нэг нь Сүхбаатар аймагтаа Амбуугийнхан гэж алдаршсан Монгол Улсын манлай уяач А.Ухна агсан болоод түүний удмынхан юм. Нэгэн цаг үед уясан хурднууд нь тогтмол айраг түрүү хүртэж, аймаг, сумаас эхлээд төрийн наадамд уралдаж явсан шилмэлүүд А.Ухна уяачийн уяаных байдаг байв. Өдгөө ч энэ ген тасралгүй эрхэм уяачийн хүлгүүд улс, бүсийн наадмуудад амжилт гаргаж, торгон жолоогоо өргөсөөр байгаа юм. Адуунд нүдтэй, уяа сойлго  тааруулах арга оюун ихтэй эрхэм уяачийн хүү У.Эрдэнэбилэг аавынхаа залгамж халааг авч, Монгол Улсын манлай уяач болсон билээ. Харин өдгөө А.Ухна уяачийн гурав дахь үе, У.Эрдэнэбилэг уяачийн дунд охин Э.Ариунзаяа эрдэнэт хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж, өвөө, аав хоёрынхоо энэ их өвийг өвлөж, Аймгийн алдарт уяач болоод байна. Бид адуунд эрэмгий монгол хүү гэж ярихаас эмэгтэй хүн морь уяна гэсэн төсөөлөлгүй явсан цаг саяхан. Тэгвэл балчир наснаасаа аавыгаа дагаж адуунд эрэмгий, молор эрдэнэ монгол адуугаа хайрлаж, дээдэлж өссөн Э.Ариунзаяаг энэ удаагийн “Удмын бахархал” буландаа урилаа.

 

МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ ӨВӨӨ

Сүхбаатар аймгийн Халзан суманд Монгол Улсын манлай уяач А.Ухна агсны үр хүүхэд, ач зээ  өдгөө ч эрдэнэт хүлгээ өсгөн аж төрж байгаа юм. Тэгвэл өвөөгийнхөө тухай ач охин Э.Ариунзаяа нь дурсамж дэлгэснийг энд сийрүүлэн бичье. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Монгол Улсын манлай уяач А.Ухна уяачийн дээд үе нь хуучнаар Дарьганга хошууны хуучин Хонгор, одоогийн Халзан сумын нутгаар аж төрж байжээ. Энэ удмынхан нутаг усандаа Амбуугийнхан нэрээр алдаршсан их тэнхээтэй хүмүүс байсан гэдэг. Ухна агсны дээд үеэс Хангай хэмээх Ишжамба, Пил гэсэн Алтан овооны ах дүү хоёр их аварга төрсөн байдаг. Харин А.Ухна уяачийн аав Аюуш мөн л бяр тэнхээ ихтэй байсан гэдэг. Нутгийнхан нь түүнийг "Ааяа өвгөн" гэж авгайлдаг байсан аж. Харин энэ цаг үед бөхийн удмыг нь залгамжилж, эцэг өвгөдийнхөө нэрийг гаргаж яваа хүчтэн бол  Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр юм. Тэрбээр энэ жил аймгийн арслан цол хүртсэн бөгөөд бөх сонирхогчид түүнийг улсын цолонд ойрхон хэмээн үнэлдэг ажээ. Амбуугийнхан 1937-1938 оны их хэлмэгдүүлэлтэд өртөж, эд хөрөнгөө хураалгасан ч эцэг нь хэдэн сайхан морио авч үлдэж чаджээ. Хэдийгээр цаг үеийн байдлаас шалтгаалаад  байнга морь уяж чадаагүй ч аймаг сумын наадмын тухай архивт Аюуш гуайн морьд айраг түрүү хүртэж байсан тухай тэмдэглэл мэр сэр үлдсэн байдаг аж. Тэгэхээр энэ цагийн их уяач байсан А.Ухна агсны морь уях эрдэм ааваас нь өвлөгдөж ирсэн нь дамжиггүй. А.Ухна агсан 1929 онд төржээ. Тэрбээр 1953 онд хугацаат цэргийн албанд татагдаж, гурван жил цэргийн ангийн агт хариулж байгаад 1956 онд халагдаж нутагтаа ирээд багийн дарга хэмээх хариуцлагатай албыг хаших болсон байна. А.Ухна гуай их багаасаа морь уях эрдэмд суралцсан гэдэг. Тэрбээр адууныхаа хурдыг сайжруулах зорилгоор өөрийн найз н.Бадигаас тайж адууны угшилтай хээр үрээг худалдаж авчээ. Ийнхүү тэрбээр анх удаа дур мэдэн адууны наймаа хийсэн ч аав нь ерөөсөө зэмлээгүй гэдэг. А.Ухна ч буруу наймаа хийгээгүй байсан юм. Учир нь тус хээр үрээ тухайн жилдээ сумынхаа наадамд түрүүлсэн түүхтэй. Мөн тэр үеийн хамгийн алдартай байсан спартакиадад гуравт орсноор азарга болсон байдаг.  Харин энэхүү азарганы төл байдсан гүү нь найз н.Гунгаагийнх нь хурдан халиун азарганд аяндаа давхиж очоод эр халиун унага гарсан нь А.Ухна уяачийн алдарт хурдан халиунуудын угшил болсон ажээ. 1999 оны Алтан овооны их тахилгаар алдарт “Халиун азарга” нь түрүүлж, түүний төл шаргал халзан даага айрагдсан байна. Ийнхүү А.Ухна тухайн жилээ Монгол Улсын алдарт уяач цол хүртсэн бол 2003 онд Монгол Улсын манлай уяач болсон юм. Түүний хувьд бага насны адууг хурдлуулахдаа гарамгай нэгэн байсан гэдэг. Уяачийн ухааны хувьд морийг эцээж уралдуулах арга барилтай байсан тухай нь өдгөө ч уяачид болон морь сонирхогчид ярьсаар байдаг. А.Ухна 10 хүүхэдтэй ажээ. Дөрвөн хүү нь бүгд л моринд нүдтэй, молор эрдэнэ гэж дээдэлдэг, уяачид байдаг юм байна. Харин энэ удаагийн нийтлэлийн баатар Э.Ариунзаяагийн аав бол  А.Ухна уяачийн доороосоо гурав дахь хүүхэд, Монгол Улсын Манлай уяач У.Эрдэнэбилэг агсан юм.
 

МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ ААВ

У.Эрдэнэбилэг багаасаа л аавыгаа дагаж, малын захтай өссөн гэнэ.  Тэрбээр1989 оноос бие дааж морь уях болсон юм.  Уясан буянгууд 1990-ээд оны сүүл, 2000 оны ихээр тогтмол айраг түрүү хүртсэн байдаг. 1999 онд Алтан овооны тахилгад түрүүлсэн “Халиун азарга” нь 2002 оны Сүхбаатар аймгийн 60 жилийн ойн баяр наадамд аман хүзүүдсэн билээ. Мөн тус ондоо Дорноговь аймагт болсон Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит уралдаанд “Халиун шүдлэн”, “Хар хязаалан” хоёр нь түрүүлсэн гэдэг. Мөн Мөнххаан сумын 80 жилийн ойд алдарт “Халиун азарга” түрүүлж, 2006 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаанд болсон зүүн бүсийн “Даншиг” наадамд “Будан азарга” нь айргийн дөрөвт хурдалсан билээ. Энэ мэт өвөө Аюуш, аав А.Ухныхаа хурдан удмын генийг таслалгүй үргэлжлүүлж, өөрийн охин Э.Ариунзаяадаа өвлүүлсэн хүн бол Монгол Улсын манлай уяач У.Эрдэнэбилэг юм. Охин нь аавынхаа тухай “Аав минь их том биетэй хүн байсан. Тиймээс багадаа хурдан морь бараг унаж байгаагүй юм билээ. Жаахандаа бие нь чилээрхдэг байсан тул өвөө сургуулиас нь гаргачихсан гэдэг. Аав минь их хөдөлмөрч, хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүн байсан. Мориныхоо ажлыг дуусгачихаад, гэрийн хаяанд суугаад цай ууж суудагсан. Бидэнд өвөөгийн талаар, өөрийнхөө хүүхэд байх үеийн тухай дурсамж их дэлгэнэ. Би анх машин барьж сурахдаа Бонго барьж байлаа. Энэ үедээ машин дээрээ морио ачаад давхил хийдэг байсан юм. Аав намайг мотоцикльтой дагана. Зам өгсүүр болох тусам аав “Миний охин хоёрдугаар араандаа хий, араагаа соль” гэж орилдог байсан нь эргээд бодоход их хөгжилтэй, сайхан дурсамж болж сэтгэлд минь үлдсэн байна. Мөн аавыг минь улсын цолонд хүргэсэн буянгууд бол манай халиун болон “Будан азарга”. Энэхүү “Будан азарга” нь  манай ээжийн аав буюу Аймгийн алдарт уяач, Монгол Улсын гарамгай мэргэн М.Баатарсүхийн азарга. Би чинь хоёр талаасаа уяач, бөхийн удамтай охин. Ээжийн минь аав нэг удаа Бор Өндөрт ажлаар явж байгаад Дорноговийн н.Буниа гэдэг айл замд таарахад нь орж танилцсан байдаг. Ийнхүү анд бололцоход өвөөд маань нэг охин адуу бэлэглэсэн юм билээ. Энэхүү байдсаа “Халиун азарга”-даа тавьснаар “Будан азарга”-тай болсон гэдэг. Манай азарга сумандаа болон аймагтаа хол тасархай түрүүлсэн байдаг” гэсэн юм. У.Эрдэнэбилэг уяачийн хувьд мөн аавынхаа адил морьдоо эцээж уядаг онцлогтой байжээ. Энэ тухай охин Э.Ариунзаяа нь “Аавыг морь уяж эхлэхэд тэжээл гэж байгаагүй. Өвс ногоо сайн ургадаг байсан учир мал ч сайхан таргалдаг байсан үе. Давхар уяа гэж байгаагүй. Тиймээс морийг нэлээд сойж, уналгаа эдэлгээг чухалчилж, эцээж уралдуулдаг байсан. Манай уяачид үүнийг торгон ирэн дээр нь тавьж уралдуулна гэж ярьдаг.  Аав минь энэ олон жил морь уяхдаа амарч үзээгүй хүн. Учир нь наадам дуусчихлаа гээд морьдоо орхидоггүй. Жилийн турш өөрт нь таарсан уяа сойлго, хоол тэжээлийг нь өгч арчилдаг. Тиймээс өглөө гараад л орой орж ирдэг байлаа. Ер нь зургаа, долоо, наймдугаар саруудад наадам их элбэг. Энэ үе бол манай гэрийнхний хувьд их ажлын үе шүү дээ” гэв. У.Эрдэнэбилэгийнх гурван охинтой. Том охин Э.Ууганцэцэг нь Оюу толгойд төлөвлөлтийн инженер, бага охин Э.Сэржмядаг нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан ажээ. Харин энэ айлын хоёр дахь охин, Аймгийн алдарт уяач Э.Ариунзаяа нь хүний их эмч мэргэжилтэй, “Jacks team”-ийн тамирчин, Фитнесс бикини модель ажээ. Тэрбээр багаасаа л аавыгаа дагаж морь малтай ойрхон өссөн нэгэн. Морины тэжээл зуурахаас эхлээд уяач хүний бүхий л эрдмийг бүр багаасаа ааваараа заалгаж сурсан гэнэ. Э.Ариунзаяагийн хувьд аавтайгаа 2012 онд Бичигтийн боомтын наадамд явснаа мартдаггүй гэсэн. Дөнгөж төгсөх ангийн охин тэрбээр сагс тоглох дуртай байжээ. Тэр үед ориг пүүз од болж байсан үе гэнэ. Пүүз авах хүсэлтэйгээ аавдаа хэлтэл боомтын наадамд түрүүлчихвэл шагналын мөнгөөр нь пүүз авч өгөхөөр амлажээ. Ийнхүү зорьж очсон наадамдаа хоёр даага нь хоёр, гурваар орж ирснээр Э.Ариунзаяа охин дуртай пүүзээ авахуулсан аж.

 

АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ОХИН

Аймгийн алдарт уяач Э.Ариунзаяаг морь уях хүсэлдээ хөтлөгдөн энэ тухайгаа хэлэхэд аав нь их дуртай хүлээж авсан гэдэг. Аймгийн алдарт уяач болохын тулд сумандаа 12 удаа айраг түрүү авсан байх ёстой гэсэн болзол байдаг аж. Ийнхүү охин нь 2020 онд энэхүү болзлыг хангасан байна. Залуухан уяач маань Мориныхоо хөлийг бэртэл гэмтэлгүй байлгах дээр илүү анхаардаг аж. Энэ тухайгаа “Морийг хэтэрхий тамиртай тавьснаас болж хөлөө гэмтээчихдэг талтай. Уяач хүнд ямар нэгэн алдар хүнд биш морь нь л дэндүү үнэ цэнтэй байдаг. Миний хувьд аавынхаа хэлж захиж сургаснаар нь аавтайгаа хамт морьдоо уядаг байлаа. Харин одоо өөрөө бие даах хариуцлагатай үе ирээд байна” гэсэн юм. Уяач Э.Ариунзаяа цааш нь “Аав минь бурхны оронд залраад удаагүй байна. Энэ нь манай гэр бүлийн хувьд их хүнд цохилт, давж гарахад бэрх өдөр хоногууд байлаа. Охиных нь хувьд аавынхаа насаараа хайрлаж, хамгаалж ирсэн энэ эрдэнэт сүрэг, хурдан удмын угшлыг энэ хэвээр нь өсгөж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх нь үүрэг гэж боддог. Одоогоор хотод мэргэжлээрээ ажиллаж байгаа учир амралтын хоёр өдрөө л ээж болон адуугаа эргэж очдог. Дэргэд нь хамгийн итгэлтэй ойрын садангууд байгаа учир санаа зовдоггүй. Хэдийгээр аав минь байхгүй ч морь малаа даатгаад итгэж болох хүмүүс байгаад үнэхээр талархаж байна” гэсэн юм.

 

ХУРДАН УДМЫНХАА ГЕНИЙГ АВЧ ҮЛДЭХ НЬ МИНИЙ ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО

Аймгийн алдарт уяач Э.Ариунзаяатай ярилцлаа.

-Зарим ахмадууд эмэгтэй хүн морь уях нь битгий хэл морины уяа руу ойртох цээртэй гэх нь бий. Таны хувьд энэ тухай ямар бодолтой явдаг вэ?

-Тэгж ярьдаг хүмүүс бий. Гэхдээ манай өвөө болон аавын хувьд тоодоггүй байсан. Магадгүй бид гурвын нэг нь эрэгтэй байсан бол би уяа руу ойртохгүй байсан байж болох. Нутгийнхан маань ч намайг багаасаа л аавыгаа дагаад морьтой ойрхон өссөнийг мэддэг учир юм хэлдэггүй. Харин ч аймгийн алдартаа авахад баяр хүргэж, урам өгч байсан.

-Аав тань уяачийн хувиар охиндоо юу гэж захидаг байсан бэ?

-Манайх гурван охинтой айл. Аав минь бид гурвыг дандаа л миний хүү гэж дууддаг байсан. Миний хүү сайн уяач болъё гэж бодвол мориныхоо бартгийг сайн арилгаж байгаарай гэж үргэлж захидаг байлаа. Энэ захиасыг нь үргэлж санаж явна. Мөн аавынхаа гэр бүлийнхээ төлөө хийсэн бүхнээр үргэлж бахархана. Хүн юмыг үгүй хийх их амархан. Тиймээс аавынхаа нэг насны амьдрал, хүч хөдөлмөрөө шингээж бий болгосон энэ сайхан буянгуудаа энэ угшлаар нь генийг нь авч үлдэх нь миний хамгийн том зорилго.

-Аавынх нь тэр их ажлын ард ээж тань адилхан л энэ эрдэнэт сүргийн төлөө хамтдаа зүтгэсэн байх гэж бодож байна. Ээжийнхээ тухай жаахан тодруулаач?

-Миний ээж Б.Нарантуяа гээд багш хүн бий. Аавын минь ард ээж байсан болохоор энэ амжилтад хүрсэн гэж боддог юм. Аавын хувьд гэрт олон хүн бужигнаж байхад дуртай байсан. Харин ээж минь тэр их хүний хоол цайг түүртэхгүй хийдэг, их олонтой, нийтэч эмэгтэй. Аавыгаа өнгөрсний дараа  ээжээрээ үнэхээр бахархсан. Мөн ямар сайн хань байгаа вэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа.

-Хурдны угшилтай адуу их үнэтэй байдаг гэх юм билээ. Танай шандаст хүлгүүд ер нь хэр үнэд хүрдэг вэ?

-Аавын дүү аймгийн алдарт уяач У.Адъяа ахын хурдан хар азарга 150 саяын буюу хамгийн өндөр үнийг сонсож байсан. Харин яг зарагдсан нь манай 2013 онд улсын наадмаар зургаад хурдалсан зээрд даага 100 сая хүрсэн. “Хөх чоно” группын ерөнхийлөгч тод манлай уяач Ө.Пүрэвбаатар ах авч байлаа. Харин хамгийн үнэтэй гүү гэвэл сая аравдугаар сард “Алтан халиун” азарганы маань охин төл 50 саяар зарагдлаа. 

-Таны хувьд фитнессийн тамирчин гэж сонссон. Энэ их ажлыг хэрхэн амжуулж байна?

-Намайг фитнессээр хичээллэхэд аав их дэмждэг байсан. Тиймээс одоо ч өглөө бүр 05:00 цагт босоод ажилдаа явахаасаа өмнө өдрийнхөө идэх хоолыг бэлдээд гардаг. Ажил тарсны дараа бэлтгэлээ тогтмол хийдэг. Одоогоор Г.Жамц, Б.Учрал гэсэн хоёр багш дээрээ бэлтгэл хангаж байна. Намайг бүхий л үед урам өгч дэмждэг багш нартаа баярлалаа гэж хэлье.

“Зууны мэдээ” сонин
Ч.Гантулга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.