Ус бохирдуулсаны төлбөрийг төсөвт биш усны газарт төвлөрүүлье

Манай улс гол, нуур, усны сан бүхий газраа хамгаалах дөрвөн зүйлтэй ганцхан хуудас бүхий хуультай. Нэр нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” юм. “Урт нэртэй” хэмээн товчилж ярьдаг энэ хуулийг хэрэгжүүлээгүй цагт  Туул голын бохирдол багасахгүй гэж салбарын сайд ч, мэргэжилтнүүд нь хэлсэн талаар бид “Тунгалаг Туул голын торгон долгиог ахин харах болов уу?” гэсэн нийтлэлээрээ хүргэсэн. Харин энэ удаа Туул голын бохирдолд нөлөөлж байгаа дараагийн хүчин зүйл болох Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийг онцоллоо.


УЛСЫН ХЭМЖЭЭНД 130 ГАРУЙ ХАЯГДАЛ УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БИЙ

 

Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус бохирдуулсаны төлбөр ногдуулах чухал үүрэгтэй Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийг одоогоос 10 жилийн өмнө буюу 2012 онд анх баталсан. Гэвч долоон жилийн турш хэрэгжээгүй учир 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж 2020 оны нэгдүгээр сараас дагаж мөрдөж эхэлсэн байдаг. Ийнхүү энэ хууль шинэчилсэн байдлаар хэрэгжиж эхэлсэн эхний нэг жилийн хугацаанд буюу 2020-2021 онд 2.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ төлбөрийн орлогыг байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн, усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ба орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулна гэсэн заалт хуулинд бий. Гэвч энэ орлогыг шууд улсын төсөвт төвлөрүүлдэгээс үүдэн усны нөөцийг хамгаалах, бохирдлыг бууруулах гэсэн үндсэн зорилгодоо зарцуулахгүй байгаа нь анхаарлаа хандуулах том асуудал болоод байна.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ  “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр усны нөөцийг бага бохирдуулбал бага, их бохирдуулбал их төлөх зарчмыг баримтлан хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Улсын хэмжээнд 130 гаруй хаягдал ус цэвэрлэх байгууламж байгаагаас хэвийн ажиллагаатай 51, хагас ажиллагаатай 27, огт ажиллагаагүй 47 хаягдал ус цэвэрлэх байгууламж жилд 120 сая шоо метр хаягдал усыг байгальд шууд нийлүүлж байна. Цэвэрлэх байгууламжид урсгал засвар хийхгүй удаж, ашиглалтын горим хангахгүй, хаягдал усыг дамжин өнгөрүүлдэг цэг болж байгаагаас хөрс, ус бохирдох үндсэн нөхцөл болж байсан” гэв.

Туул гол бохирдож, бидний ундны ус аюултай түвшинд хүрэхэд нөлөөлж байгаа чухал хүчин зүйл нь Төв цэвэрлэх байгууламж болох талаар бид өмнөх нийтлэлдээ дурдсан. Учир нь тус байгууламж нь 10 тоннын багтаамжтай 15-16 мянган машин бохир усыг өдөр бүр Туул голд нийлүүлдэг. Үүний нөлөөллөөр Туул голын нийт уртын долоон хувь нь маш их бохирдолтой  гэсэн ангилалд хамаарч байгаа юм. Хэрэв дээр дурдсан хууль бүрэн хэрэгжиж, ус бохирдуулсаны төлбөрийг цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд зүй ёсоор нь ашигласан бол цэвэрлэх байгууламжийн үнэр иргэдийг тавгүйтүүлж, бохир ус нь бидний ундны усыг бохирдуулах хэмжээнд хүрэхгүй байв. Гэвч улсын төсөвт төвлөрүүлсэн мөнгийг хэн, ямар зорилгоор ашигладаг нь үл мэдэгдэх учраас өдгөө хүртэл бид Төв цэвэрлэх байгууламжийнхаа үнэр, бохир уснаас болж хохирсоор л байна.  БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж байгаа Улаанбаатар хотын үйлдвэрийн болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардлага  хангахуйц хэмжээнд цэвэрлэх, хүчин чадал бүхий хоногт 250 мянган м3 хаягдал бохир ус хүлээн авч цэвэршүүлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламжийг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Ингэснээр ус бохирдуулсаны төлбөрийг усны нөөцийг хамгаалах, бохирдлоос хамгаалахад бүтнээр зарцуулах боломж бүрдсэн юм. Үүнээс гадна жилд 45-47 тэрбум төгрөг усны нөөцийн төлбөр гэж улсын төсөвт ордог. Үүний ихэнх хувийг уул уурхайгаас төвлөрүүлдэг. Гэвч эдгээр төлбөрийг зориулалтын дагуу зарцуулдаггүйгээс бид бохир ус ууж эрүүл мэндээрээ хохирохын сацуу олон нуур, цөөрөм ширгэсээр байгаа билээ. Тодруулбал, Туул голын сав газарт 190 булаг шанд байдгаас 40 нь усгүй, ес нь ширгэжээ. Мөн 22 нуураас хоёр нь ширгэсэн бол 59 гол горхиос 13 нь ширгэсэн байна.

ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭД 7500 ГАРУЙ НҮХЭН ЖОРЛОН БАЙДАГ

 

Хуулийн хэрэгжилтээс гадна усны сан бүхий бүс нутаг дахь барилга, үйлчилгээний газар, нүхэн жорлон нь усны нөөц хомсдох нэгэн том шалтгаан болдог. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд газар өмчлөх эрхтэй 2039 газар, газар эзэмших эрхтэй 2183 газар, 4000 гаруй барилга байгууламж байна. Харин Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших зөвшөөрөлгүй 850 орчим байгууламж бий гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын алба мэдээлсэн юм.  Мөн нийслэлийн ус хангамжийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсэд долоон шатахуун түгээх станц, 4100 гаруй орон сууц, 8000 зуслан,суурьшлын бүс, 7500 гаруй стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлон байрладаг тухай Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, нэгж талбарын барилга, байгууламжийн судалгаанд дурджээ. Эдгээрт ямар ч хариуцлага тооцдоггүй нь бас л хуулийн хэрэгжилттэй холбоотой юм.

Үүнийг цэгцлэх талаар ямар ажил хийж байгаа талаар Усны газрын дарга Ш.Мягмар “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль 2019 онд батлагдсан. Энэ хуулийн хүрээнд байгаль орчин, уул уурхай, эрчим хүч гэсэн хэд хэдэн салбарын бодлогыг нэгтгэсэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан. Үүний  зургадугаар зүйл нь Ногоон хөгжил юм. Ногоон хөгжлийн хүрээнд 2030 он хүртэл усны үнэ тарифыг шатлан өсгөх зорилт тавьсан. Энэ хугацаанд усны нөөцийг хуримтлуулах, нуур, цөөрөм байгуулах ажил хийхээр төлөвлөж байна. Хоёрдугаарт, усны нөөцийн менежмент, ус хангамжийг сайжруулна. Гуравдугаарт, байгалийн болон зориудаар байгуулсан нуур цөөрөмийг  зүй зохистой ашиглахаар тусгасан. Монгол Улс өнгөрсөн оны байдлаар 594.8 метр куб усыг ашигласан.Энэ нь өмнөх оноос 2.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 70 орчим хувийг газрын доорх усаар хангасан байна. Тиймээс гадаргын усыг хомсдох, бохирдохоос сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна” гэсэн юм.

Ногоон хөгжлийн зорилт дотор усны нөөцийн төлбөр, ус бохирдуулсаны төлбөр, зөвшөөрлийн механизм, эдийн засгийн хөшүүргийг оновчтой болгох, хэмнэлттэй хэрэглээ, дахин ашиглалтыг хэвшүүлэх гэж тусгажээ. Тиймээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ус бохирдуулсаны төлбөрийг төсөвт биш Усны газарт төвлөрүүлж, зориулалтын дагуу ашиглая. Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг энэ оны дөрөвдүгээр сард байгуулсан. Гол мөрөн,усны нөөцийг хамгаалах иргэдийн дараагийн итгэл найдвар нь энэ ажлын хэсэг болоод байна.

 “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.