Г.Батдорж: Хүүхэд хамгааллын бүтэц сум, хороон дээр “хөлгүй”

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын  хувьд тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг байх учиртай. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдоржийг урилаа.

 

-Тантай ярилцаж байгаагийнх анх агентлагийн даргаар томилогдохдоо мэргэжлийн бус, намаас орж ирлээ гэж шүүмжлүүлсэн. Багагүй хугацаа ч өнгөрлөө. Аливаа шүүмжлэлийг ажил хийж харуулах нь хамгийн том хариулт болдог. Энэ албыг авснаас хойш салбарт ямар ахиц дэвшил, шинэчлэл бий болсон бэ?

-Би нийгмийн ажилтан мэргэжилтэй. Арван жилийн сурагч байхдаа хүүхдийн оролцоо, хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагад сайн дурын идэвхтэн байлаа. Хүүхдийн байгууллагыг төлөөлж Нийслэлийн хүүхдийн холбооны тэргүүн хийж явсан үе ч бий. Энэ хүсэл мөрөөдлөөрөө хүүхдийн сайн сайхны төлөө ажиллах, хүүхдүүдийн сайн багш байхыг хүсэж нийгмийн ажилтан мэргэжлийг сонгосон. Оюутан байхдаа ч хүүхэд өсвөр үе, залуучууд руу чиглэсэн ажил арга хэмжээг зохион байгуулахад үүрэг оролцоотой явсан.

Хуучин Хүүхдийн төлөө үндэсний газар маань 2016 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж өөрчлөн байгуулагдахад Хүүхдийн төлөө үндэсний газар нэртэй байхад нь анхны залуучуудын асуудал хариуцсан нэгжийн даргаар ажилласан. Өөрөөр хэлбэл, арав гаруй настай сурагч байхаасаа л хүүхэд залуучуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож тэр хүсэл мөрөөдлөөрөө мэргэжлээ эзэмшиж, өнөөдөр энэ салбарын удирдлагаар томилогдон ажиллаж байна. Миний хувьд энэ ажлыг аваад гурван том зорилт дэвшүүлсэн. Нэгдүгээрт, цахим шилжилтэд илүү анхаарахыг зорьсон. Хоёрдугаарт, манай үйл ажиллагааны үр дүн бусад салбарын нэгдэл, хамтын ажиллагаан дээр тулгуурладаг учраас салбар дундын хамтын ажиллагаанд гол ач холбогдол өгч ажиллаж байна. Гуравдугаарт, олон жил ярьсан ёс суртахуунгүй, хариуцлагагүй байдлыг арилгах тал дээр төвлөрч байна.

Ажлын маань амжилт, үр дүн хэдэн давхар байшин босохтой ижил шууд нүдэнд харагдахгүй ч алхам тутамдаа үр өгөөжөө өгсөөр байгаа. Магадгүй 5-10 жилийн дараа үр дүн нь гардаг онцлогтой салбар юм. Тиймээс ямар ч байсан зөв замаар хичээгээд ажиллахад болно гэж итгэдэг. Суурь нь зөв тавигдаад явах нь л чухал.

-Агентлагийн хамгийн том үүрэг, бодлого хүүхэд хамгаалалд чиглэх шаардлага байна. Ялангуяа, дэлхий нийтэд сорилт болсон цар тахлын үед хүүхэд хамгааллын нөхцөл байдал, бодлого яаж явж ирэв. Ямар саад бэрхшээл тулгарч байв?

-Хүүхдийн хөгжил, хамгаалал бол нэг зоосны хоёр тал. Хүүхэд хамгааллыг орхигдуулахгүйгээр хөгжлийг ярих ёстой. Монгол Улсын 3.4 сая иргэний 32 хувь нь хүүхэд. Зуун хувь гэж үзвэл 25 хувьд нь хамгаалал, 75 хувь нь хөгжих хэрэгцээ шаардлага байна. Хүүхэд хамгааллын асуудалд салбар дундын хамтын ажиллагааны үр дүнд эерэг өөрчлөлт гарах учиртай. Гэсэн хэдий ч хүүхэд хамгааллын хамгийн чухал үүрэг хүлээгч нь эцэг, эх, асран хамгаалагч. Хоёрдугаарт, тухайн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга буюу орон нутаг дахь Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнүүд байдаг. 

Коронавируст цар тахлын үеэр зөвхөн бид ч биш дэлхийн бусад улс орнууд ч хүүхдийг хүчирхийллээс яаж хамгаалах, ямар стратеги барьж ажиллах тал дээр бэлэн биш байсан. Бүр хүүхэд хамгааллын үйлчилгээ тасалдах нөхцөл байдалд орж болох байлаа. Ийм нөхцөл байдлаас бид гарц гаргалгааг богино хугацаанд боловсруулан хоол хүнсгүй байгаа хүүхдэд хоол хүнс дөхүүлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах ажлыг тасралтгүй  зохион байгуулсан. Мөн айл өрхийн хүнсний тусламж, гачигдал бий болж манай байгууллагаас онцгой анхаарч ажиллалаа. Тухайлбал МУЗН, НҮБ зэрэг олон улсын байгууллагууд, аймаг, дүүргийн онцгой комисстой хамтарч ойролцоогоор 3100 орчим айлд 340 орчим сая төгрөгийн эм хэрэгсэл, хоол, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлсэн. Манай байгууллагаас  2020, 2021 онд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд хүүхэд хамгааллын хариу арга хэмжээ авахтай холбоотой түргэвчилсэн үнэлгээ хийсэн. Нөгөө талаас хичээлийн хоцрогдол арилгах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр холбогдох бүхий л төрийн байгууллагатай уялдан ажиллаж, асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд онцгой анхаарч ажилласан.

-Өнөөдөр гэр бүл, хүүхэд, залуучуудын нөхцөл байдал ямар түвшинд байна вэ. Ялангуяа, шийдвэр гаргах түвшний хүмүүс бодит нөхцөл байдлыг мэддэггүй юм шиг санагддаг. Гал тогоог нь барьж байгаа хүний хувьд бодит мэдээллийг өгвөл?

-Сүүлийн 30 жил өндөр байшин, өргөн зам, томоохон бүтээн байгуулалтыг хөгжил гэж харж ирсэн. Гэтэл нөгөө талд хамгийн чухал буюу хүний хөгжлөө орхигдуулснаар соёл, ухамсар, ёс зүйтэй холбоотой нийгэмд үүсч буй маш олон асуудал байна. Улсын нийт хүн амын 29.8 хувь нь 15-34 залуучууд,  31.2 хувь нь хүүхэд өсвөр үеийнхэн. Бид залуучуудад тулгамдаж байгаа гурван асуудалд төвлөрч байна. Тухайлбал, залуучуудын эрүүл мэнд, боловсролын чанар, хөдөлмөр эрхлэлтэд анхаарахгүйгээр тэдний амьдралын баталгаа, хөгжил оролцоог ярих боломжгүй. Орчин үеийн залуусын ажиллах сонирхол өөрчлөгдсөн. Ажлын цагт баригдалгүйгээр үр бүтээмжтэй ажиллах ч гэдэг юм уу. Энэ сонирхолд нь ажил олгогч нийцэж, тэднийг бүтээмжтэй ажиллах нөхцлөөр хангаж чадаж байх эсэх нь чухал. Мөн цалин мөнгө хэр найдвартай, орлого нь амьдралд нь хүрэлцэж байгаа эсэх нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж байна.

Хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага  буурахгүй байгаа нь хоёр талтай. Нэг талаас эдийн засгийн нөхцөл байдал, амьдралын чанарын үзүүлэлт, нийгмийн баталгаатай холбоотой. Нөгөө талаас иргэд хүний эрхийн зөрчлийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, мэдээлдэг болсон. Иргэд хүүхдийн эрхийн зөрчлийг харах өнцөг, ойлголтоо өөрчлөх шаардлага бий боллоо. XXI зууны хүүхдүүдийг хоёр зууны өмнөх эерэг бус арга барилаар сургаж хүмүүжүүлэх нь зохисгүй. Энэ цаг үед хүүхдүүд ямар сэтгэлгээтэй, авьяас чадвартай болсныг харж түүнд нь тохирсон хүмүүжлийн эерэг арга хэлбэрийг ашиглахгүй бол сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд ч анхаарах, суралцах хэрэгцээ шаардлага үүслээ. Нэг ёсондоо найз нөхөд дотны зөвлөх шиг нь харьцдаг байх арга барил олон улсад давамгайлж байна. Энэ чиглэлд бид анхаарч ажил арга хэмжээгээ төлөвлөж олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

Монгол гэр бүлийг тогтвортой байлгахад ямар асуудал тулгарч байгаа талаар судлахад олон төрлийн хэв шинж оршиж байна. Тухайлбал, хэвийн, хүчирхийллийн харилцаатай, архины хамааралтай, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл, салсан, дахин гэрлэсэн зэрэг 12-13 хэв шинжийг агуулсан гэр бүл байна. Судалгаанаас харахад гэр бүлийг дэмжих төв болоод гэр бүлийг дэмжих үйлчилгээний стандарттай болох шаардлагатай гэсэн үнэлгээ гарсан. Үүнтэй холбоотойгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байна.  

-Хүүхдийн нэрээр их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Төсвийн найман тэрбум төгрөг дээр олон улсын байгууллагуудын хандив тусламж гээд багадаа 40 тэрбум төгрөгийн тоо яригддаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгаалалд үр дүн гаргахаас гадна цаашлаад хөгжүүлэх бүрэн боломж байна гэдэг. Мөнгө хуваарилаад сууж байгаа хүний хувьд ямар хариулт өгөх вэ?

-2018 оноос хойш хүүхэд хамгааллын зардал найман тэрбум болж өссөн. Өнөөдөр 2022 он. Дөрвөн жилийн өмнөх талх, гурил, мах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгаа билээ. Нөгөө талаас хүүхэд хамгааллын найман тэрбум төгрөгийг нийгэмд шүүмжлэл гараад байсан сандал ширээ авах гэдэг ч юм уу, зориулалтын бусаар зарцуулах боломжгүй. Хүүхдийн хөгжил хамгаалалд зориулах ёстой зардлыг эрсдэлт нөхцөл байдлын үнэлгээ хийхэд 500 орчим сая, хүүхэд хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхэд дөрвөн тэрбум, мөн урьдчилан сэргийлэх, хүүхэд хөгжлийн ажил арга хэмжээнд 3.5 тэрбум төгрөг зарцуулдаг. Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хуваагддаг.  Найман тэрбум төгрөг бол амьдрал дээр 3-4 км засмал зам тавих л мөнгө.Үндсэндээ энэ мөнгөнд гэр бүл, хүүхэд, залуучуудынхаа цогц асуудлыг даатгачихаад байна. Найман тэрбум төгрөг өнөөдрийн нөхцөл байдалд хэр хангалттай байна вэ гэсэн таны асуултад “Хүрэхгүй байгаа. Нөхцөл байдалд тохируулж хуваарилахаас аргагүй” гэж хариулъя.

Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулсны үр дүнд иргэд олон нийтийн хандлага өөрчлөгдөж хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага мэдээлэл нэмэгдэж байна. Манай хүний нөөц Монгол Улсын өргөн уудам газарт нутагт хүрч ажиллах боломж хомс байгаа. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар сум, хороон дээр “хөлгүй”. Аймаг, дүүргийн хэмжээнд л үйл ажиллагаа явуулдаг. Улсын хэмжээнд хүүхдийн 120, залуучуудын 80, гэр бүлийн асуудал хариуцсан 60 гаруй хүн ажиллаж байна. Хүний нөөц хүрэхгүй цаг хугацаа алдах тохиолдол гардаг.

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр өнгөрсөн жил үйлчлүүлэгчдийн 2952 нь буюу 70 орчим хувь нь хүүхэд өсвөр үеийнхэн байна. Эдний 47 хувь нь хоёроос дээш ирсэн байх жишээтэй. 

-Дүүрэг, хороон дээр сүлжээгүй байхаар зорилтот бүлэгтээ хүрч ажиллаж чадахгүй юм биш үү. Яагаад өнөөдрийг хүртэл бүтцийн асуудлаа шийдүүлж чадаагүй юм бэ. Мөн хүүхэд хамгааллын хамтарсан баг хэр үр дүнтэй ажиллаж байна вэ?

-Ажил аваад хамгийн эхэнд судалгаа хийсэн. 2020 оны хавраас эхлээд бүтэн нэг жилийн хугацаанд анхан шатан дээр ажиллаж байгаа хороод буюу таны асуусан хүүхэд хамгааллын хамтарсан багийн нийгмийн ажилтнууд дээр судалгаа хийсэн. Тэгэхэд нийт 731 хамтарсан багийн 6000 орчим ажилтны 60 хувь нь өөрчлөгдсөн байв. Жилийн дотор шүү дээ. Хороон дээр ажиллаж байгаа хамтарсан багийн нийгмийн ажилтны 28 хувь нь мэргэжлийнх, үлдсэн 72 хувь нь мэргэжлийн бус хүмүүс байна. Тэдний ажлын чиг үүрэг бол төрийн захиргааны үйл ажиллагаа явуулах аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтан албан хаагчид гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны үндсэн ажлынхаа хажуугаар давхар чиг үүрэг хүлээж хүүхэд хамгааллын ажлыг хийж байгаа. Тэгээд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба удирдлага, арга зүйгээр хангаж ажилладаг.

-Хамтарсан багийг танай байгууллагын бүтцэд ажиллуулах боломжгүй юу. Ер нь халуун цэг дээр ажиллаж байгаа энэ хүмүүст зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх өрөө тасалгаа, унааны зардал  хэр байдаг юм бэ? 

-Гэр бүлийн тухай хууль болон холбогдох журмын дагуу хамтарсан багийн гишүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар аймаг, дүүргийн ЗДТГ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн ажлын алба болох манай салбар хамаардаг.  Хамтарсан багийн нийгмийн ажилтнуудыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяанд, сум, баг хороондоо бүтэц бий болгоод ажиллуулахад 1107 хүний орон тоо шаардлагатай байгаа. Ингэж ажиллуулахад цалин, үйл ажиллагааны зардалд 17.3 тэрбум төгрөг шаардагдана. Энэ судалгаагаа холбогдох яам, байнгын хороонд танилцуулж саналаа хүргүүлээд явж байна. Анхан шатны байгууллагад “хөлтэй” болчихвол сум, хороо багт хүрч ажиллах, урьдчилан сэргийлэх ажил илүү үр дүнтэй болно. Тэр хэрээр хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн дуудлага мэдээллийг шийдвэрлэхэд илүү хурдтай ажиллах боломж бүрдэнэ. Нэг жишээ хэлэхэд, Завхан аймгийн төв Улиастай хотоос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтан Баянтэс сум руу очихын тулд 380 км зам туулж байж  хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгдөг. Гэтэл  төсөв санхүү, ажлын ачаалалтай холбоотой маш олон хүндрэл үүсдэг. Иймд тухайн орон нутаг өөрийн гэсэн хүүхэд хамгааллын ажилтантай болвол илүү шуурхай, хүртээмжтэй ажиллах боломж бүрдэнэ.

Хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлд хичээл зүтгэл гаргадаг боловч ажлын байрны тогтворгүй байдал, цалин бага, мэргэжлийн бус улс төрийн нөлөөллөөс шалтгаалж хүүхэд хамгаалал сайжрахгүй. Хүүхэд хамгаалал, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах нь мэргэжлийн үйл ажиллагаа гэдэгт хатуу байр суурь баримталдаг. Мөн боловсон хүчнээс болж дорвитой өөрчлөлт орохгүй байна. Байнгын сургалт, давтлага, мэргэшүүлэх ажил хийхээс өөр аргагүйд хүрч байгаа.  Ингэж цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдахгүйгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын анхан шатны нэгжид мэргэжлийн нийгмийн ажилтантай болчихвол ажил ахицтай, богино хугацаанд үр дүн гарна гэж харж байгаа. Зүйрлэж хэлэхэд, сум болгонд 5-10 хүний орон тоотой мал эмнэлгийн тасаг байдаг. Гэтэл хүүхэд хамгааллын ажилтан алга. Хүүхэд хамгаалах үйлчилгээг сайжруулахын тулд хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг зохион байгуулж эхэлсэн. Явуулын үйлчилгээгээр тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хүүхэд хамгааллын үйл ажиллагааг таниулахаас гадна хүүхдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх орчны эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна. Энэ жилээс нэмж 15 аймагт хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлж байна.

-Хөдөлмөрийн хуулиар байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлоготой байх үүрэг хүлээхээр болсон. Хэрэгжээд жил болох гэж байна. Хяналт, үр дүн ямар байна вэ?

-Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 17 яаманд  зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийн хүрээнд 216 байгууллага, аж ахуй нэгж хүүхдийн онцлогт тохируулан хүүхдийн өрөөг тохижуулж бий болгосон, 1904 байгууллага хүүхэд хамгааллын бодлоготой болж, эцэг эхийн 4620 зөвлөл ажиллаж байна. Мөн тус заалтын хүрээнд 28 байгууллага дэргэдээ цэцэрлэгтэй болж ажилтан албан хаагчийнхаа ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах зорилгоор ажиллаж байна. Эцэг эхийн зөвлөлийн 1321 гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан. Орон нутгийн удирдлагаас аж ахуй нэгж байгууллагатай хүүхэд хамгааллын чиглэлээр хариуцлагын гэрээ байгуулах, Хүүхдэд ээлтэй үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зэрэг ажлыг зохион байгуулж байна.

731 хамтарсан багийн 6000 орчим ажилтны 60 хувь нь өөрчлөгдсөн байв. Жилийн дотор шүү дээ. Хороон дээр ажиллаж байгаа хамтарсан багийн нийгмийн ажилтны 28 хувь нь мэргэжлийнх, үлдсэн 72 хувь нь мэргэжлийн бус хүмүүс байна. 

-Хүүхдээ хайрлахгүй хамгаалахгүй. Эсрэгээрээ хүчирхийлээд байгаа эцэг, эхийг хариуцлагажуулъя гэдэг. Эцэг, эх байх эрхийг нь хасах санал ч гарч байсан. Мэргэжлийн байгууллага нь ямар бодлого баримталж байна вэ?

-Хүүхэд хаана хамгийн сайн хөгждөг, хайрлагддаг, хамгаалагддаг вэ гэвэл гэр бүлийн орчин. Аав, ээжийг хэн ч орлож чадахгүй учраас хүүхдийн өмнө хамгийн том үүрэг хүлээх хүн нь эцэг, эх, асран хамгаалагчид юм. Гэтэл зарим нь үүргээ биелүүлэхгүй байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд өдөрт дунджаар 450-500 орчим дуудлага ирдгээс зорилтот буюу хяналтын дуудлага нь 50-60 ирдэг. Үүний 70-аас дээш хувь нь гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж буй дуудлага, мэдээлэл ирдэг. Тэгэхээр хүүхдийн эрхийн зөрчил хамгийн их үйлдэгддэг орчин бол хүүхдийн өөрийн амьдарч буй гэр бүлийн хүрээнд байдаг гэсэн үг. Тухайлбал, эцэг, эхчүүд өөрсдийн хайхрамжгүй байдал, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга дутмаг, хүүхдийнхээ нас, сэтгэл зүйн онцлогийг мэдэхгүйн улмаас хүүхдийг эрсдэлд оруулж байна.

Хүүхдийг улсын хэмжээнд 33 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр өнгөрсөн жил 4500 орчим хүүхэд эмэгтэйчүүд үйлчлүүлсэн. Үүний 2952 нь буюу 70 орчим хувь нь хүүхэд өсвөр үеийнхэн байна. Эдний 47 хувь нь хоёроос дээш ирсэн байх жишээтэй.  Үл хайхрах хүчирхийлэл буюу архины хамааралтай гэр бүлийн хүүхдүүд давтан дуудлага өгч байна. Өнгөрсөн жил аймаг, дүүрэгт 2000 гаруй шуурхай дуудлагаар хүүхэд, эмэгтэйчүүдийг эрсдэлт нөхцөл байдлаас хамгааллаа. Хүүхдийн тусламжийн 108 утас ажиллуулж эхэлсэн найман жилийн хугацаанд сая гаруй дуудлага хүлээж авсан байна. Үүний 30 хувь нь зорилтот хүүхэд хамгааллын дуудлага байна. Мөн өмнө зөвхөн дуудлага үнэ төлбөргүй авдаг байсан бол өнгөрсөн жилийн хавраас эхлээд үнэгүй мессеж, чатбоксоор мэргэшсэн сэтгэл зүйчид үйлчилж эхэлсэн.

-Дахин давтан ирээд байгаа хүүхдийг яах вэ. Тэр болгоныг асрамжийн төв рүү шилжүүлээд байвал үр дүн муутай шүү дээ?

-Түр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдэд эрсдэлийн үнэлгээ хийж, эцэг, эх нь авах боломжгүй гэсэн дүгнэлт гарвал асрамжийн газар руу шилжүүлдэг. Үүнтэй холбоотойгоор асрамжийн газрын тоо нэмэгдэнэ гэсэн үг. Бид тухайн хүүхдийг анх гэрээс нь очиж авахдаа нөхцөл байдал, аюулгүйн зэрэг, эрсдэлийн үнэлгээ хийдэг. Нөгөө талаас хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийлэл нь зөвхөн зорилтот бүлгийн гэр бүл байдаггүй. Тухайн кейстэй холбоотойгоор гэр бүлд нь зориулсан сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг. Архины хамааралтай эцэг, эх, асран хамгаалагчийг цагдаа, эрүүл мэндийн байгууллагатай хамтраад эмчилгээнд холбон зуучлах, хэд хэдэн удаагийн сургалт нөлөөллийн арга хэмжээнд хамруулдаг. Үүний дараа хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэнэ. Үнэхээр засрах боломжгүй, эцэг эх асран хамгаалагч нь олдохгүй тохиолдолд дүүрэг, нийслэл, аймгийн Засаг даргын захирамжаар төрөлжсөн асрамж халамжийн төвүүдэд холбон зуучилдаг. Энэ бол цөөн тохиолдол. Ер нь хүүхэд гэр бүлийн орчиндоо л хамгаалагдах ёстой.

-Гадаадад гадуурхагдсан хүүхдийн асуудал нийтэд ил болж, амиа хорлох хэмжээнд хүрсэн тохиолдол гарсан. Ер нь гадаадад амьдарч байгаа хүүхдийн эрхийг яаж хамгаалдаг юм бэ?

-Хүүхэд хамгааллын тухай хуулиар 0-18 хүртэлх хүүхдийн эрхийг хамгаална гэж заасан байдаг. Монголд түр оршин сууж байгаа хүүхдийг дээрх хуулиар эрхийг нь хамгаална. Гэтэл хилийн гадна байгаа монгол хүүхдийн эрх ашгийг хамгаалахад манай хүүхэд хамгааллын тухай хууль үйлчлэхгүй. Хил залгаа орнуудад амьдарч байгаа монгол хүүхдүүдийн нөхцөл байдлыг судалж, үнэлгээ хийсэн. Судалгаанаас Монгол Улсын хуулиар гадаадад байгаа хүүхдийнхээ эрхийг хамгаалах эрх зүйн боломжгүй учраас Гаагийн конвенцод нэгдсэн. Ингэснээр хилийн гадна байгаа хүүхдийн эрхийг хангаж ажиллаж байна. Мөн хүүхдийн гадаад үрчлэлтийг хуулиараа Хөдөлмөр, нийгмийн, хамгааллын яам хариуцаж ажилладаг.

-Ер нь гэр бүл, хүүхэд, залуустай холбоотой ямар нэг асуудал гарахаар танай байгууллагыг юу хийгээд байна гэх хандлага бий. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Зөвхөн нэг жишээ авья. Хүүхдийг улсын хэмжээнд 33 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2952 нь хүүхэд, өсвөр үеийнхэн үйлчлүүлсэн. Ийм тооны хүүхдийг тухайн онд хамгаалсан гэсэн үг. Хүчирхийлэлд өртөх, эрх нь зөрчигдсөн ганц, хоёр кэйс олон нийтэд мэдээлэгдэхэд нийгэм яаж хүлээж авдаг билээ. Бид зөвхөн өнгөрсөн оны  2952 хүүхдийн кэйсийг олон нийтэд мэдээлсэн бол нийгмийн сэтгэл зүй ямар хүнд байдалд орох бол. Ер нь бол хүүхэдтэй холбоотой асуудлыг олон нийтийн сүлжээнд цацах нь зарим нэг гэмт этгээдүүдийн сэдэл болдог учраас тэр болгон мэдээлдэггүй. Нийгмийг соён гэгээрүүлэх, эерэг нөлөөллийн аргаар хүүхдийн хүчирхийллийг бууруулах арга замыг баримталдаг.

-Төв талбай орвол, цахимд хандив гуйсан хүүхдүүд маш их байна. Гэтэл төр иргэнийхээ эрүүл мэндийн хамгаалах үүрэгтэй. Тэр тусмаа хүүхдийн асуудлыг хариуцаж байгаа байгууллага нь зардал мөнгийг нь эрүүл мэндийн даатгалд хамруулах талаар анхаарч хөөцөлдөж байгаа юу?

-Байлгүй яах вэ. Монголд эмчлэх боломжгүй төрөл бүрийн өвчлөл байна. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх эмнэлгийн дүгнэлт гаргах болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулдаг. Одоогийн нөхцөл байдалд бид эрүүл мэндийн байгууллагатай холбон зуучлах, тухайн орны консулын газар, Элчин сайдын яамдтай холбож өгөх байдлаар ажиллаж байна. Мөн эмчилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэх саналыг холбогдох байгууллагуудад тавьсаар ирсэн. Үүнээс гадна өвчтэй хүүхдээ эцэг, эх хоёр асран хамгаалах үүрэгтэй, шаардлагатай байдаг. Гэтэл гадаад оронд эмчлэгдэх гэж байгаа хүүхдийн эцэг, эхийн нэгнийх нь виз гардаг . Энэ тал дээр дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

“Зууны мэдээ” сонин
C.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MONGOLIA NEWS 2022-11-10 11:59:23
    ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258