Б.Батцэцэглэн: Хуучны дууг дахин амьдруулахыг хүсдэг

“Зууны мэдээ” сонин “Өөр зочин” буландаа Соёлын тэргүүний ажилтан, Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Б.Батцэцэглэнг урилаа. Тэрбээр ард түмний сэтгэлд хоногшсон  ардын болон уртын дуунуудыг шаглаж дуулдаг, авьяаслаг уран бүтээлч билээ.

 

-Та сүүлд “Баян Монгол” гэсэн уран бүтээлээ сонсогчдод хүргэсэн. Энэ дуу төрсөн түүхийг сонирхмоор санагдлаа?

-“Баян Монгол” уран бүтээлийн аялгууг нь М.Дугаржав зохиож, өөрөө дуулж пянзанд бичүүлсэн байдаг. Харин үгийг нь Н.Наваан-Юндэн бичсэн. Мөн энэ дууг дахин намайг эгшиглүүлэхэд Улсын Филармонийн симфони  найрал хөгжим, УДБЭТ- уран бүтээлчид, Үндэсний урлагийн их театрын бүжгийн ангийнхан хамтарлаа. Олон уран бүтээлчийн хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн сайхан уран бүтээл болсон. Миний хувьд хуучны сайхан дууг сонсогчдын сэтгэлд хүрсэн тэр л хэвээр нь буюу М.Дугаржав гуайн дуулснаас хэт өөрчлөөгүй гэдгээрээ онцлог болов уу.

-Энэ дуунаас гадна хуучны олон бүтээлийг сэргээж дуулсан. Ер нь дуулах бүтээлээ сонгохдоо ямар зарчим баримталдаг вэ?

-Би уран бүтээлийн хоёр цомог гаргасан. Мөн цомогт ороогүй, шинээр дуулсан дуунууд, студид бичүүлж амжаагүй ардын дуу олон бий. Миний хувьд хуучны дуу дуулахаар сонгохдоо өмнөх дуучны дуулалтыг давталгүйгээр тухайн дууг өөрийн болгож, дахин амьдруулахыг хүсдэг. Үүний тулд судалгаа багагүй хийдэг. 

-Судалгаа хийх явцад ардын болон уртын дуутай холбоотой олон сонирхолтой баримт олддог байх даа?

-Монголчууд бид уртын болон ардын дууны баялаг түүхтэй ард түмэн. Миний хувьд тухайн дууг сонгохдоо их болгоомжтой ханддаг. Учир нь тус бүтээл дахин давтагдашгүй. Хүмүүсийн сэтгэлд хоногшсон бүтээлийг сэргээж дуулах мэдээж хэцүү. Уран бүтээлчийнхээ хувьд алс ирээдүйгээ хардаг. Олон жилийн дараа үр хүүхэд, ач зээ маань ээж, эмээгийн дуулсан дуу гээд сонсоно шүү дээ. Тиймээс тэдэндээ сайхан дурсамж, уран бүтээл үлдээхийг эрмэлздэг. Учир нь би ч ялгаагүй өмнөх үеийн дуучдаа сонсож өссөн. Магадгүй тэр сайхан уран бүтээлчдийн бүтээл, аялгуу эгшгээр хөглөгдөж, өнөөдрийн уран бүтээлээ  туурвиж байна.

-Та Дорноговь аймгийнхаа нэрийг гаргаж яваа уран бүтээлч. Энэ сайхан нутгийн энерги таныг хамгаалж, дагаж явдаг болов уу?   

-Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул. Миний уран бүтээлийн ард энэ сайхан нутгийн минь уул ус, ард түмнийх нь буян заяа түшээстэй бий. Нутгийн удирдлагууд ч шинэ бүтээлийг минь сайн дэмждэг. Анх СУИС-д ороход манай нутгийн зөвлөлийн дарга н.Одонтуяа эгч надад итгэл хүлээлгэж байлаа. Энэ хүний дэмжлэгээр дуучин болох сонголт хийсэн.

-Ийм учиртай дуучин болох сонголтыг хийжээ. Харин Үндэсний урлагийн их театр хэмээх их айлтай хэрхэн хувь заяа, уран бүтээлээ холбов?

-2006 онд ардын богино дуу дуулаачдын улсын уралдаан гэж болсон. Энэхүү уралдаанд би Дорноговь аймгаасаа зорьж ирээд, хөгжмийн цөөхүүлтэй нь хамтарч оролцсон юм. Анх ингэж л энэ том байгууллагын хаалгаар алхсан түүхтэй. Харин 2013 онд СУИС-ийг төгсөөд театртаа албан ёсоор дуучин нь болж байлаа. Аливаа улс үндэстнийг соёлоор нь шинждэг гэж дэлхийн урлаг судлаачид үздэг. Монголчуудын хувьд соёл, үндэсний, язгуур урлагийн баялаг түүхтэй. Манай театрын хувьд энэ түүх, үндэсний баялгаа олон улсад сурталчилж, таниулах том зорилготой.  

-Уртын болон ардын дууны том  ялгааг юу гэж боддог вэ?

-Зохиогдсон цаг хугацааны хувьд хоорондоо ялгаатай. Уртын дуу нь арай түрүү үеийнх. Манай улсын хувьд суурин иргэншил буюу хүрээ үүссэн цагаас ардын дуунууд зонхилж эхэлсэн. Түүнээс өмнө үед ард иргэд маань ихэвчлэн уртын дуу дуулдаг, аялдаг байжээ. Мөн дуулах арга барилын хувьд тэс өөр. Тухайлбал, уртын дуу нь том цараатай учир амьсгаа их шаарддаг. Харин ардын дуу дуулахад нь илүү хэв маяг, эв хэрэгтэй

-Та энгийн үед ч ихэвчлэн монгол дээлээр гоёдог. Тоглолтын хувцас, дээлээ өөрөө урладаг гэсэн үү? 

-Дунд сургуулийн сурагч байхдаа л дээл оёж сурсан. Эмээтэйгээ өссөн минь дээл урлахаас эхлээд хөдөлмөрч чанарт сургасан гэж боддог. Тиймээс зүгээр суух дургүй. Ер нь тоглолтын хувцсаа өөрөө ихэвчлэн урладаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд ажлын ачааллаас шалтгаалаад загвар, санаагаа хэлээд төрсөн эгчээрээ оёулдаг болсон.

-“Үлэмжийн чанар” дууг таны дуулснаар хүмүүс сонсох дуртай.  Дуу эзнээ олно гэдэг нь энэ байх даа?

-“Үлэмжийн чанар” дууг багаасаа сонсож өссөн. Манай гэр Хамрын хийдээс урагшаа 50 километрийн зайд байдаг байлаа. Тиймдээ ч нутгийн гайхалтай хутагтын бүтээсэн энэ дууг  урын сандаа оруулах нь миний хувьд нэр төр, хариуцлага болов уу.

-Өнөө үеийн ардын болон уртын дууны хөгжлийг дэлгэрүүлэхийн тулд яах хэрэгтэй гэж боддог вэ?

-Дуучид сайн уран бүтээл хийх хэрэгтэй. Нэг дууг олон дуучин дуулах тусам хүмүүс сонсоно. Энэ нь уран бүтээлчдийн дунд өрсөлдөөнийг бий болгодог. Үүнээс хөгжил эхэлнэ гэж бодож байна. Учир нь олон сайхан ардын болон уртын дуу төрснөөр энэ урлагийг сурах хүсэлтэй хүүхэд нэмэгдэнэ. Б.Батболд багш маань “Уртын дуу, ардын дуу эгшиглэх тусмаа хөгжинө. Дуулахгүй байвал замхарна” гэж байнга хэлдэг байлаа. Багш маань уртын дууг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх үйл хэргээ их сайн хийсэн.

-Таныг пянз гаргах гэж байгаа гэж сонссон. Энэ ажил тань хэр урагштай байгаа вэ?

-Ардын дууны пянз гаргах болон анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Пянзны ажил 90 хувьтай явж байна. Мөн энэхүү пянз маань орчин үеийн хөгжмийг ардын хөгжмийн дуугаралттай  хослуулснаараа онцлог. Зарим дуучдыг харахад тоглолт хийхдээ өөрөө 3-4 дуу дуулаад тайзнаас бууж, өөр уран бүтээлчийг урьдаг.  Харин миний хувьд тайзан дээр тасралтгүй 30 минут дуулахаар төлөвлөж байгаа. Мөн энэ удаагийн тоглолт маань амьд хөгжимтэй тоглох учир үзэгчдэд илүү бодит мэдрэмжийг төрүүлнэ гэдэгт итгэж байна.  

 

 

 “Зууны мэдээ” сонин
Б.Нямсүрэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.