Колин Менделсон: Тамхины судалгаанд бид хариуцлагатай ханддаг

Тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр Монгол Улс дэлхийд тэргүүлж байгаа гэвэл та итгэх үү. Жилд 20 мянган хүн тамхидалт болон дам тамхидалтын улмаас өвчилж, үүний 4300  хүн нас бардаг гэсэн тоог мэргэжлийн байгууллагаас гаргаад байна. “Тамхигүй маргаашийн төлөө” ТББ-ын залуус өндөр хөгжилтэй гадаад орнуудын туршлагаас судалж, тамхидалттай эрчимтэй тэмцэж буй Англи улсын иргэн Сэр Кэвин Баррон болон Австрали улсаас доктор Колин Менделсон нарын мэргэжилтнүүдийг урьж ирүүлээд байгаа билээ. Кэвин Баррон бол Английн парламентад 30-аад жил ажиллахдаа тамхины эсрэг хуулийн төслүүд санаачилж, тамхидалтыг бууруулах бүхий л сайн аргуудыг хуульчлахын төлөө явсан хүн юм. Ингээд олон улсад тамхины хоруу чанарын судалгаа ямар түвшинд байдаг, сүүлийн үед зах зээлд хэрэглээ болсон зарим бүтээгдэхүүний талаар тэдэнтэй ярилцлаа.

 

- Манай улсын хүйтний улиралд тэр тусмаа утааны улирал эхэлж буй энэ цаг үед Улаанбаатар хотод зочиллоо.  Монголд тамхидалтын асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгч, өөрсдийн туршлагаасаа хуваалцахаар ирсэнд баярлалаа. Юуны түрүүнд өсвөр насны хүүхдүүдийг тамхичдын эгнээнд  оруулахгүйн тулд анхаарах нь маш чухал санагддаг. Танай улсад энэ талаар ямар бодлого баримталдаг вэ. Онцгой арга хэлбэр гэж байх уу?

Сэр Кэвин Баррон: -Тийм ээ.  Монгол бол залуусын орон. Нийт хүн амын 60 гаруй хувь нь 35-аас доош насныхан гэж сонссон. Ийм орны хүүхэд залуус, өсвөр үеийнхний эрүүл мэнд тамхинаас болж хохирч байвал маш харамсалтай. Тиймээс Англид болон олон улсад хийгдсэн туршилт судалгаа, үр дүнтэй туршлагаасаа хуваалцахаар танай оронд хүрэлцэн ирсэндээ баяртай байгаа. Манай орны хувьд тамхи татдаг насанд хүрэгчдээс илүү өсвөр, бага насны хүүхдүүдийг тамхи татуулж сургахгүй байх, тамхи татдаг хүмүүсийн хувийг нэмэхгүй байх талаар онцгой анхаарч ажилладаг. Мэдээж хүүхдүүдийг “Чи тамхи татаж болохгүй” гэж хэлээд ямар ч үр дүнгүй. Болохгүй гэж хорьсон юм болгоныг туршиж үздэг, шинэ соргог зүйл сонирхдог нас нь шүү дээ. Тиймээс сургуулийн ойр орчимд тамхи зарж борлуулахгүй байх, худалдан авагчийг 21 нас хүрсэн эсэхийг шалгах, тамхины хор холбогдлын талаар ярьж ойлгуулах, сурталчилгаа ил тод явуулахгүй байх зэрэг олон аргыг Англи улсад хуульчилсан. Энэ бүгдийг хуульчилж хэрэгжүүлэхдээ хяналтыг чангатгах нь маш хариуцлагатай ажил байсан. Хүмүүс аливаа шинэ зүйлд удаан дасаж тэр хэрээр эсэргүүцэх хандлагатай байдаг болохоор ялангуяа тамхины компани, борлуулагчдын хувьд ашиг орлогоо алдахаас айсан болгоомжлол нь зарим нэг хууль бус үйлдэлд түлхэж байсан баримтууд бий. Гэхдээ дэлгүүр, сургуулийн орчмыг камержуулж эцэг эх, багш нарын хяналтыг нэмэгдүүлснээр хүүхдийн тамхидалд эрс багассан.

-Танай улсад уламжлалт янжуур тамхи болон электрон тамхины хэрэглээ өсвөр насныхны дунд ялгаатай байдаг уу. Жишээ нь манай улсад электрон тамхийг хортой хоргүй гэсэн талцал бий болж хүмүүст үнэн зөв мэдээлэл дутагдаж байгаа санагддаг?

-Хүүхдийн хувьд янжуур, электрон тамхи ялгаагүй хортой. Манай улсад ч хүүхдийн асуудал маш хурцаар тавигдаж байсан. Ялангуяа төлжиж бүрэн гүйцээгүй бие организм тамхи татаад эхэлбэл насанд хүрсэн хүнээс илүү хорддог гэдгийг бид мэднэ. Англи улсад Тамхины хяналтын тухай хуульдаа хүүхдүүдийн тамхидалтыг таслан зогсоох дорвитой заалт оруулаагүйг тамхины компаниуд ашиглаж, ямар ч зохицуулалтгүй явж байсан үе бий. Би парламентын гишүүнээр 30-аад жил ажиллахдаа Тамхины хуулийн төслүүдийг санаачилж, тэр тусмаа насанд хүрээгүй хүүхдүүдийг хамгааах тал дээр хамаг анхаарлаа хандуулж ирсэн хүн. Одоо Англид 21-ээс доош насныханд тамхи борлуулдаггүй. Борлуулсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцалж, өндөр торгууль ногдуулдаг. Насыг нь тогтоохын тулд бичиг баримт шалгаж байгааг баримтжуулах камерын хяналт чанга байдаг. Энэ бүгдийг хуульчилснаас хойш ямар ч байсан хүүхдүүдийн тамхидалт эрс багассан. Монголд Тамхины хяналтын тухай хуульд насны хязгаар тогтоож өгсөн нь сайн хэрэг. Одоо хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэж ойлгосон. Бид Эрүүл мэндийн яам болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж өөрийн орны туршлага, үр дүнтэй аргуудыг хуульд хэрхэн тусгаж болох талаар санал солилцож зөвлөхөд бэлэн байгаа.

-Манайд сургуулиас 500 метрийн зайд тамхи зарахыг хориглосон. Энэ нь арга ядсан зохицуулалт мэт санагддаг. 510 метр 500 метрийн ялгаа байхгүй мэт. Ийм жишиг бусад оронд байдаг юм болов уу?

-Колин Менделсон: -Энэ 500 метрийн зохицуулалтыг ДЭМБ-аас буурай хөгжилтэй орнуудад туршиж байсан тоо л доо. Тэр жишгээр л танайд ашигласан бололтой. Миний хувьд энэ нь тийм ч үр дүнтэй өгөөжтэй арга санагддаггүй. Яагаад гэвэл 500 метрийн дөнгөж гадна талд гурван алхмын зайд тамхи зардаг дэлгүүр байвал түүн рүү хүүхдүүд гурав алхаад л хүрч чадна. Дэлгүүр 500 метрийн радиусаас гадна байгаа учраас торгож, хаах эрх зүйн үндэслэл байхгүй. Үүнийг хуулийн цоорхой гэдэг. Хуульчилсан нэртэй боловч ямар ч хяналт байхгүй, үр дүнгүй. Дээрээс нь тамхины худалдаа далд хэлбэрт орж хүүхдүүдийн худалдан авах боломжид тааруулж ширхэглэж зарах үзэгдэл ихэснэ. Энэ бол тийм ч үр дүнтэй арга биш гэдэг нь зарим орны жишээн дээр харагддаг. Магадгүй танай оронд туршилтын журмаар хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй. Хуулийн зохицуулалт зөв байсан эсэхийг бодит байдал харуулдаг шүү дээ.

-Тамхинаас гарах шалгарсан шилдэг арга гэж байна уу. Эсвэл хүн болгонд тохирсон аргууд нь өөр өөр байх боломжтой юу?

Сэр Кэвин Баррон: -Олон улсад никотины хамаарал гэсэн тусгай кодтой өвчний онош байдаг. Нэгэнт никотины хамааралтай болсон хүнийг тамхинаас гар гэж хэлэх нь чи хоолноос гар гэж хэлж байгаатай ялгаагүй хэцүү асуудал. Никотин нь хүний бие, сэтгэлзүйд дасал болж, шууд гарлаа гээд гарчихаж болдоггүй эд. Тиймээс тамхины никотины хэмжээг аажмаар бууруулсаар тамхинаас гаргах нь олон хүмүүст туршигдаж үр дүнтэй нь харагдсан арга байгаа юм. 

Колин Менделсон: -Би эрүүл мэндийн салбарын доктор хүн. 40 гаруй жил тамхидалтын эсрэг судалгааг хийж ирсэн туршлагатай. Янжуур бол хамгийн хортой эд. Тамхичин гурван хүний хоёр нь эрт нас бардаг гэсэн судалгаа бий. Никотинтой бохь, никотинтой наалт, суулгац зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гарсан боловч эдгээрээс хэмжиж болохуйц арга бол электрон тамхи юм байна гэдгийг бид судлаад тогтоосон. Миний бие эрүүл мэндийн салбарт хариуцлагатай байх үүрэг хүлээсэн эмч судлаач хүн. Ямар нэг бизнесийн эрх ашгийн төлөө худал ярих шаардлагагүй. Зөвхөн тамхидалтаас үүдэлтэй өвчнөөр шаналж хорвоог орхиж байгаа олон хүнийг харсан учраас 30 гаруй жилийн турш судалсан судалгаан дээрээ үндэслээд электрон тамхи янжуураас  хор багатай гэдгийг олж мэдсэн. Хүн болгон судлаач биш. Харин мэргэжлийн судлаач хүмүүст итгээд мэдээллийг үнэн зөв ашиглаж сурах нь чухал санагддаг. Ам дамжсан ярианд итгэн төөрөлдөх шаардлагагүй. Янжуур тамхийг шатаахад үүсдэг утаанд агуулагдах химийн хортой бодисыг электрон тамхитай харьцуулбал хорт чанараараа зөрүүтэй. Тиймээс тамхи татаж никотины хэрэгцээгээ хангахын тулд давхар хордох уу эсвэл хордохгүйгээр никотиноо авах уу гэдэг бол сонголтын асуудал болчихоод байгаа юм. Никотинтой бохь, наалт зэрэг бүтээгдэхүүн дэлгэрээд удаж байгаа болохоор хүмүүс сайн мэддэг, ашиглаж сурсан. Харин электрон тамхины хувьд янжуур болон бусад тамхи орлуулагч бүтээгдэхүүнтэй харьцуулахад зах зээлд нэвтрээд төдийлөн удаагүй учраас хүмүүс болгоомжтой хандах нь зүйн хэрэг. Тийм учраас олон улсын хэмжээнд судлагдсан байдлыг уншиж ойлгож байх нь чухал. 

-Та бүхний хийж буй судалгааны ажлууд хүн амыг тамхидалтаас урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа. Жишээ нь, цахилгаан тамхийг Засгийн газрууд нь дэмждэг гэж сурталчилдаг. Миний бодлоор янжуур ч бай электрон тамхи ч бай адилхан л тамхи учраас Засгийн газрууд дэмждэг гэдэгт эргэлздэг юм. Та энэ тал дээр тайлбар хэлнэ үү?

Сэр Кэвин Баррон:-Би 1993 оноос олон нийтийн газар тамхи татахгүй байх, тамхины сурталчилгааг ил тод хийхийн эсрэг хуулийн төсөл өргөн барьж ажилласаар байсан. Эхлээд парламент, Засгийн газар дэмждэггүй байсан ч би тууштай тэмцсээр ирсэн. Одоо Англид зургаан сая хүн тамхи татдаг. Жил бүр хагас сая гаруй хүн тамхидалтаас үүдэлтэй уушги, улаан хоолой, зүрх судасны өвчнөөр эмнэлэгт хандаж байна. Тэднийг Английн Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр эмчилдэг. 74 мянган хүн тамхидалтаас болж эрт нас бардаг. 2.4 тэрбум паунд эмчилгээнд зарцуулдаг. Байдал ийм байхад Засгийн газар тамхидалтыг бууруулах бүхий л арга хэмжээг авах нь зайлшгүй юм. Зайлшгүй арга хэмжээ нь тамхинаас гар гэж хатуу хорих биш никотины хэмжээг аажмаар бууруулж тодорхой хугацааны дараа никотины хамааралгүй болж тамхинаас гарч болдгийг олон газар олон хүнд хийсэн туршилтаар батлагдсан болохоор шинэ бүтээгдэхүүн гарах бүрт дэмждэг. Никотинтой бохь, наалт зэргийг Английн эрүүл мэндийн агентлаг туршаад эмчийн жороор олгодог болсон. Одоо Эрүүл мэндийн сайд электрон тамхийг тамхинаас гаргах нэг хувилбар болгоод бүх анхаарлаа хандуулж, урт хугацааны туршилж судалгаа шинжилгээг хийхэд туслалцаа үзүүлж байгаа. Хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлж аажмаар никотины хэмжээг хянаж бууруулснаар тамхидалт нийт хүн амын 15 хувь хүртэл багассан ч захын хотуудаар орлого багатай иргэдийн тамхидалтын хувь их байсаар байна. Харин орлогын түвшин өндөр хүн амын тамхидалт зургаа орчим хувьтай байгаа учраас орлого багатай иргэдийн тамхидалтыг бууруулах тал дээр Засгийн газар түлхүү анхаарах болсон. Засгийн газраас гадна хувь хүний үүрэг их.

-Судалгаа үнэн гэдэгт эргэлзэх хүмүүс байдаг. Хаана, хэчнээн хүнд хийсэн судалгаа байдаг юм гэх мэтээр. Ялангуяа гадаад орны тоо баримт үнэн эсэхийг бид мэдэхгүй шүү дээ?

Колин Менделсон: -Би эмч судлаач хүн гэж дээр хэлсэн. Олон жилийн турш хийж ирсэн туршилтын судалгаандаа эргэлзэж байсангүй. Миний хувьд Австрали улсын 100 мянга гаруй хүнийг  туршилтад оруулж тамхинаас гаргасан. Энэ бол надаас шууд туслалцаа авсан хүмүүс. Янжуур болон электрон тамхийг зэрэгцүүлж судлаад янжуурын утааны хор 95 хувь илүү гэдгийг баталсан.  Австралиас гадна Английн нийгмийн эрүүл мэндийн агентлаг,  Английн эзэн хааны коллеж,  Канад, Шинэ Зеланд зэрэг орны Засгийн газраас электрон тамхины судалгааг хангалттай хийж, тэрхүү судалгаандаа тулгуурлан зөвлөмж гаргадаг учраас эргэлзэх зүйлгүй. Засгийн газарт итгэж болно. Ямар ч Засгийн газар хүн ардынхаа эрүүл мэндийн эсрэг ажиллахгүй нь ойлгомжтой. Мэдээж ирээдүйд ямар эрсдэл үүсэхийг мэдэхгүй ч одоогийн байдлаар ийм дүнтэй байгаа. Урт хугацааны судалгааг үргэлжлүүлэн хийсээр байх болно.

Сэр Кэвин Баррон: -Английн Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаа бий. Олон газар олон хүнд  хийсэн 400 гаруй жижиг судалгааг нэгтгэсэн маш том судалгаа юм. Засгийн газартаа итгэдэггүй иргэн гэж байж болохгүй байх. Татвар төлөгчдийн төлсөн төсвийн мөнгийг тамхидалтад зарцуулаад байх нь шударга бус, утгагүй зүйл. Иймд аль болох мөнгө бага зарцуулж өвчлөлийг бууруулахыг хичээх нь ойлгомжтой. Бид Монголд байх хугацаандаа танай улсын эрүүл мэндийн байгууллагуудтай холбогдож Англи, Австралийн туршлагаас хуваалцах болно.

Колин Менделсон: -Дэлхийн хэмжээнд  цахилгаан тамхи хэрэглэгч 360 сая,  Австралид нэг сая, Англид 3.5 сая хүн байна. 3.5 сая англи хүний талаас илүү хувь нь янжуур татаж байсан. Одоо жилд дунджаар 50 мянган хүн тамхинаас татгалзаж байна. Гэтэл янжуур тамхинаас гарах хүсэлтэй 25 хүний нэг нь л тууштай гарч чаддаг, үлдсэн нь тодорхой хугацааны дараа эргээд ордог. Энэ бол бодитой харьцуулсан тоо баримт юм шүү.

Ер нь аливаа асуудалд тэр тусмаа тамхидалд, эрүүл мэндийн асуудалд шинжлэх ухаанчаар хандаж сурах нь нийт хүн амын боловсролтой холбоотой. Сөрөг сурталчилгаа, эсрэг байр суурь хаанаас хэнээс гарч байдгийг, ямар зорилго агуулагдаж байгаа зэргийг асуудалд бодитой ханддаг хүмүүс бол ойлгоно. Үүний цаана нийт хүн амын дийлэнх нь цуу ярианд итгэх, асуудлыг харьцуулж ойлгох чадвар дутагддаг л даа, аль ч оронд. Тиймээс зөв мэдээллийг мэргэжлийн байгууллагын зүгээс дорвитой хийх нь зүйтэй гэж бид зөвлөдөг. Бидний туршлага Монгол оронд ч гэсэн үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Иргэдийн тамхидалтад санаа зовсон монгол залуус нэгдэн “Тамхигүй маргаашийн төлөө” ТББ байгуулан олон улсын туршлага судалж Монголдоо хэрэгжүүлэхээр чармайж байгаа явдалд үнэхээр их талархаж байна. 2-3 жилийн дотор 100 мянган хүнийг тамхинаас гаргах зорилго тавин ажиллаж байгаа гэж тэдгээр залуус ярьж байсан. Амжилт гаргана гэж бид найдаж байна.

 “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.