Л.Бямбажаргал: Физикийн хичээлийн сургалт, сурах бичгийн агуулга муудсан

“Зууны мэдээ” сонин байгалийн ухааны хичээлүүд багшийн хомсдолд орсноор ирээдүйн эмч, инженерүүдийг хэн бэлтгэх вэ гэсэн сэдвээр цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Бид энэхүү асуудлаар ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, физикч Л.Бямбажаргалтай ярилцлаа. 

 

-Багшийн мэргэжил бэлтгэдэг сургуулиудад байгалийн ухааны хичээлээр элсэх оюутан байхгүй болсон. Үүнийг та ямар шалтгаантай холбож тайлбарлах вэ?

-Байгалийн шинжлэх ухааны агуулга тэр бүр өөрчлөгддөггүй онцлогтой. Ерөнхий боловсролын дунд сургуулийн физикийн хичээл гэхэд 100 гаруй жилийн өмнөх онолыг л үзэж байгаа. Энэ нь буруу зүйл биш. Учир нь нийгмийн ухааны хичээл гэхэд нэг ном уншаад мэдлэгээ тэлчих боломжтой. Харин физикийн хичээл үндэс сууриас нь эхэлж, онол томьёог нь үзэхгүй бол тухайн хүүхэд инженерийн ямар ч бодлого бодож чадахгүй.

Нэгэн цаг үед суурь болон дээд боловсролд энэ хичээлийг системтэйгээр хэрхэн тусгах нь толгойны өвчин байлаа. Харин одоо манай улс дэлхий нийтийн гаргасан жишгийг дагаж байна.

-Тухайн шинжлэх ухааныг судлахад хичээлийн агуулга хамгийн чухал. Одоогийн их, дээд сургуульд зааж буй сургалтын агуулга хэр хүртээмжтэй, зөв гэж та бодож байна? 

 -Зах зээл эхэлсэн буюу 1990-ээд оны сүүлч үеэс зарим нэг нь манай байгалийн ухааны хичээлийн агуулга буруу байсан юм байна. АНУ-д тэс өөр заадаг юм байна гээд талцаж эхэлсэн. Энэ шалтгааны улмаас сурах бичгүүд ч нэлээд солигдсон байдаг. Үүнээс болж байгалийн шинжлэх ухааны хуучин тогтчихсон байсан уламжлалaa алдчихсан гэж хэлж болно. Манай энэ чиглэлийн багш, эрдэмтдийн ихэнх нь өнгөрсөн зуунд бэлтгэгдсэн боловсон хүчинүүд. Тэд маань өөрийнхөө сурч байсан сурах бичгээрээ хичээл заах эрхгүй болчихоод байна. Хоёрдугаарт, манайд шинжлэх ухаан руу дайрах дайралт ихэссэн. Монголд эрдэм мэдлэгтэй хүний хэрэг байна уу, косинус, синусгүй амьдарч болно зэрэг нийгмийн уур амьсгал байгалийн шинжлэх ухааны мэдлэг рүү дайрч эхэлсэн. Энэ үзэгдэл одоо ч бий. Үүнийг нь дэвэргэдэг нэг бүлэг байна. Тухайн бүлгийн ажил эрчимтэй, сайн явж байгаагийн бодит жишээ нь одоогийн МУИС юм.

-МУИС-ийн физикийн тэнхим биеэ даасан, олон оюутантай байсан цаг саяхан. Харин өнгөрсөн жилээс өөр салбартай нэгтгэнэ гэж яригдах болсон?

-МУИС одоогийн байдлаар Шинжлэх ухааны, Хэрэглээний шинжлэх ухааны, Бизнесийн, Олон улсын харилцааны гээд олон салбар сургуультай. Үүнээс Шинжлэх ухааны сургуульд нь байгалийн ухааны салбар гэж байдаг. Тэгэхээр өнөөх олон зуун жилийн түүхтэй, биеэ дааж байсан физикийн шинжлэх ухаан маань нэг салбарын жижигхэн хэсэгт л оршин тогтнож байна. Харин энэ хичээлтэй эн тэнцүү байсан нийгмийн ухаан гэхэд бүхэл бүтэн салбар, бие даасан сургууль болж өргөжсөн байх жишээтэй. 2010 онд МУИС-ийн физик, электроникийн сургууль 48 багш эрдэмтэн,19 инженер техникч, 679 оюутан, 95 магистрант, 28 доктуранттай байжээ. Энэ чинь 10 гаруй жилийн л өмнө шүү дээ. Харин 2014 оноос МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхим болон өөрчлөгдсөн. Энэ тэнхим өнөөдөр яг хэдэн оюутантай байгааг би мэдэхгүй. Гэхдээ энэ салбар ингэтлээ унах болсон гол шалтгаан нь их сургуулийн бүтцийн өөрчлөлт юм. Жишээлбэл, ШУА маань МУИС-тай шууд харилцдаг нэг эрэмбэтэй байсан. Физик технологийн хүрээлэн Физик электроникийн сургууль бие даасан салбар байлаа. Гэтэл одоо бид Физикийн тэнхим эсвэл Байгалийн ухааны сургуультай л харилцаж байна. Тухайн сургуулийн захирал нь ч физикийн мэргэжлийн хүн биш. Өөрөөр хэлбэл бүтцийн өөрчлөлт нэрээр Физик технологийн сургуулийг багшлах боловсон хүчнээр тасалчихсан гэсэн үг. Мөн аливаа сургуулийн үндсэн мөн чанар багшлах боловсон хүчин, сургалтын агуулга, тогтвортой сурах бичигт л оршдог юм. Гэтэл энэ гурван үзүүлэлтийн аль нь ч МУИС-д алга.

-Та яриандаа физикийн хичээлийн сурах бичиг их олон солигдсон гэж хэлсэн. Өмнө нь манай их дээд сургуулиуд ямар орны сурах бичигт үндэслэж хичээлээ заадаг байсан юм бэ?

-Хуучин МУИС-ийн Физик технологийн сургууль ОХУ-ын буюу Москвагийн сурах бичгээр хичээлээ заадаг байсан. Орост бүх их, дээд сургууль нь ижил сурах бичигтэй учир  сургалтын агуулга нь тодорхой. МУИС ямар ч байсан 2000 он хүртэл тухайн сурах бичгээр явсан байдаг. 1940-өөд оны үед байгуулагдсан гэхээр 80 жил өнгөрөхөд МУИС онолын физикийн суурь сурах бичгээ орчуулаагүй байсан. Оросын бэлэн сурах бичгийг ашигласаар ирсэн. Гэхдээ өнөөдөр энэ нөхцөл байдлаас гарах гарц МУИС-д байсан. Аль болох багшлах боловсон хүчнийг, бүтцийг, сурах бичгийн агуулгыг тогтвортой авч үлдэх бодлого баримтлах ёстой байсан ч энэ алхмыг хийгээгүй. Анагаах, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны сургууль бүгд МУИС-иас үндэс эхтэй. Энэ зарчмын дагуу салбар сургуулиудаа чиглэл, чиглэл рүү нь тарааж өргөжүүлээд өөрөө академич шинжээ хадгалж үлдэх нь зүйтэй байсан болов уу. Гэтэл одоо “Ховд” их сургуулийг хүртэл өөртөө нэгтгэж байна. ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан хүүхэд МУИС-д ордог гэсэн өнөөх босго байхгүй болж байгаа юм. Өнөөдөр 500 оноо авсан хүүхэд “Ховд” их сургуульд очиж сураад МУИС-ийн дипломтой төгсөх нь байна. Би “Ховд” их сургуульд багшилж байсан. Энэ сургууль биеэ даагаад, багш нараа бэлтгээд болоод л байсан шүү дээ.

-Нэгэнт л хүрээллийг нь багасгаад, байгалийн шинжлэх ухааны дор хийчихсэн хуучнаар Физик технологийн сургууль эргээд биеэ даах нь цаг хугацааны асуудал байх. Тэгвэл одоо бид ирэх жилийн элсэлтээр МУИС-ийн физикийн ангид хүүхэд элсүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-МУИС үнэхээр Монголын топ сургууль юм бол төлбөрөө нэмэх хэрэгтэй. Харин ЭЕШ-даа физикийн хичээлээр 800 оноогоо бүрэн авсан бол 100 хувь тэтгэлэгтэй, авах ёстой онооноосоо 80 хувийг нь авсан бол 80 хувийн хөнгөлөлттэй сур гэдэг ч юм уу энэ тогтолцоо руу орох цаг болсон. Энэ чинь олон улсын их, дээд сургуулиудын зарчим болоод байна. Хөндлөнгөөс харахад МУИС өнөөдөр ШУТИС-аас ялгарах зүйлгүй болж байна. Багш, ажиллах боловсон хүчний хувьд ШУТИС-ээс бараг бага ч байж магад.

-Дунд сургуулийн хүүхдүүдийг байгалийн ухааны хичээлд дурлуулж, энэ хичээлийн ашиг тусыг ойлгуулахын тулд ямар алхам хэрэгтэй гэж та харж байна?

-Ерөнхий боловсролын сургуульд зааж буй физикийн хичээлийн сургалт, сурах бичгийн агууламж муудсан. Байгалийн шинжлэх ухаан ялангуяа физикийн хичээл бие даагаад сурах боломжгүй гэдгээрээ онцлог. Манайхан туршлага судлах их дуртай. Энэ нь зарим үед сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Үнэндээ сурах бичгийн асуудал дээр БШУЯ одоог хүртэл бодлого баримталж чадахгүй байна. Жил бүр сурах бичгийн тендер зарладаг. Ингэхдээ манайхан хоёр өөр юмыг хамтад нь зарлачихдаг нь сурах бичгийн агуулга, хэвлэлт. Тэгэхээр хэвлэлийн компаниуд хэдэн багш нийлүүлээд яамаар явж байгаад хэвлэх эрх авчихдаг. Сурах бичгийг мэргэжлийн баг буюу Боловсролын хүрээлэн, багшийн сургууль, их, дээд сургуулийн мэргэжлийн багш нар оролцож утга, агуулга, цагийг нь тааруулж байж хэвлэх ёстой. Гэтэл энэ тогтолцоо өнөөдөр манай нийгэмд алга.

-Энэ хичээлүүдэд хүүхэд сонирхолгүй байгаа нь хичээлийн цаг бага байгаатай холбоотой юу. Жишээлбэл, ахлах ангийнханд физикийн хичээл долоо хоногт хоёр цаг л орж байна?

-Энэ нь бас өнөөх туршлага судалсантай холбоотой. Учир нь гадны оронд Эрүүл мэнд, хуулийн  хичээлийг л чухалчилж байна гэдэгтэй агаар нэг. Хичээл гэдэг мэргэжлийн багштай, тогтвортой сурах бичигтэй, хүрэх үр дүн нь тодорхой зүйлийг хэлдэг. Ер замын хөдөлгөөн, иргэний боловсрол зэрэг хичээл бие даасан хичээл байх шаардлагагүй санагддаг юм. Учир нь тодорхой хэсгийг нь эцэг эхээсээ, үлдсэн хэсгийг нь орчноосоо, амьдралын хэв маягаасаа сураад явах боломжтой. Эдгээр хичээлийг томчууд нь хүүхдэд чиглүүлэх бүрэн боломжтой. Тийм энэ мэт арга боломжийг хайж, бүхий л шинжлэх ухааны суурь болсон байгалийн ухааны хичээлийн цагийг нэмээсэй гэж хүсдэг. 

“Зууны мэдээ” сонин
Ч.Гантулга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.