МАН: Шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэдэг бодлогыг баримталсан

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.10.31/ хуралдаж, нэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийв. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “ МАН-ын бүлгийн ээлжит хурлаар Монгол Улсын 2023 оны төсвийн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонссон. Ирэх оны төсөвтэй холбоотой гурван том асуудал бий.

Нэгдүгээрт, Монгол Улсын 2023-2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл,

Хоёрдугаарт, 2023 оны төсвийг дагасан нийт 110 хууль орж ирсэн. Эдгээр хуулийг хэлэлцэх асуудал.

Гуравдугаарт, 2023 оны Монгол Улсын төсвийн төсөл. Дээрх асуудлуудыг МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцлээ. УИХ-ын даргын захирамжаар 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсэг дотроо таван дэд ажлын хэсэгтэй. Төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, хүүхдийн мөнгө зэрэг асуудлаар ажлын хэсгүүд ажилласан. Өнөөдөр томоохон зарчмын зөрүүтэй асуудлуудаа намын бүлэг дээрээ ярьж, саналаа нэгтгэлээ. Ажлын хэсэг төсвийн орлогыг бага зэрэг нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг багасгаж, төлбөрийн тэнцлийг сайжруулсан. Мөн төсвийн зарлагыг тодорхой хүрээнд бууруулах чиглэлийг бэлтгэсэн байна. Хөрөнгө оруулалтыг оновчтой болгох чиглэлд мөн ажилласан” гэв.

Төсвийн байнгын хорооны дарга, төсвийн ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн “УИХ-аас 2023 оны Монгол Улсын төсөвтэй холбоотой өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Ажлын хэсгийн ажлын явц, төсвийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой асуудлаа МАН-ын бүлгийн хуралд танилцууллаа. Ажлын хэсгээс төсвийн сахилга бат, хариуцлага, хяналтыг чухалчилж байна. Энэ удаад бид өмнөх он жилүүдийн хувьд төсөв дээр баримталж байсан бодлого, суурь зарчимтай холбоотой асуудлуудад томоохон төсвийн шинэчлэлийг хийх ёстой. Үүнтэй холбоотой эрх зүйн томоохон реформ хийхийг МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжиж шийдвэрлэлээ. Мөн бид анх удаа олон нийтийн оролцоотой төсвийн нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Олон нийтийн зүгээс аймаг, нийслэл тухайн анхан шатанд тулгамдаж байгаа асуудлуудыг гаргаж ирж тавьсан. Нэг талдаа төсөв өргөн барьсан хүрээнд төсөв мөнгөний бодлого өөрөө хязгаарлагдмал хүрээнд байгаа. Иргэдээс тавьсан санхүүжилт нь зогсож, зогсонги байдалд орсон тодорхой цэцэрлэг, сургууль олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудлууд байна. Иргэдээс ирсэн дээрх асуудлуудыг судалж үзээд, эргээд шилжих зардлуудтай уялдуулж, шийдэх орон зайг нь гаргаж өгч байна. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Засгийн газраас 2023 оны төсөвт хөрөнгө оруулалтын зардал их байгаа учраас шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэдэг бодлогыг баримталсан. УИХ тэр дундаа МАН-ын бүлэг, ажлын хэсгийн зүгээс шинэ хөрөнгө оруулалтыг хийхгүй байх, төсвийн сахилга батыг сайжруулах, алдагдлыг бууруулах гэдэг бодлогыг дэмжиж ажиллана” гэв.


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.