Хөгжлийн банкны “асуудал”-аас гарах гарц
Монгол улсын хөгжил, дэвшилд чухал үүрэг гүйцэтгэх томоохон төслүүдийг санхүүжүүлэн, үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахаар 2011 онд байгуулагдсан Хөгжлийн банк нь байгуулагдсан цагаасаа хойш нийт 3 их наяд 199 тэрбум 370 сая төгрөгийн зээл олгожээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсныг энэ оны эхэнд олон нийтэд зарлан, зээлдэгчдийн мэдээллийг ил болгосон. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 26 чанаргүй зээлийг нийтэд ил болгосон.

Уг мэдээллийн олон нийтэд ил болгосноос хойш 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна. Мөн 14 зээл бүрэн төлөгдөж хаагдсан байна.

Дээрхи “асуудалтай” байгаа зээлүүд бүгд ч бас яахаа алдсан, төлөгдөх боломжгүй болсон зээлүүд биш гэдэг нь ойлгомжтой. Төсөл нь хэрэгжсэн ч валютын ханш, эдийн засаг, бизнес циклээс шалтгаалан яалт ч үгүй хүндрэлд орсон төслүүд ч бий. Түүнчлэн  эргэн төлөлт хийгээд байгаа ч зээлийн хүү болон валютын ханшны зөрүүгээс үүдэн зээлийн үлдэгдэл өндөр дүнтэй харагдаж байгаа асуудал олон зээлдэгчдэд тулгараад байна. Орос-Украины асуудал, “Ковид-19” цар тахал, хилийн хориг саад гэхчлэн өөр бусад олон шалтгаанаар зээл авах үеийн ам.долларын ханш өнөөдөр зээлээ эргэн төлөх үеийн ханштай харьцуулбал огцом өссөн энэ хүнд үед ямар ч чадвартай компани байгаад зээлээ гүйцэт эргэн төлөхөд хэцүү болсон.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтаар нь ашиглан төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлсэн боловч аливаа том төсөл, хөтөлбөрт учирдаг эдийн засаг, санхүү, хууль эрх зүй, техникийн болон зах зээлийн урьдчилан тооцоолоогүй эрсдэлүүд төслийг хэрэгжүүлэх явцад тулгарч зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байх, нэмэлт санхүүжилт шаардагдах, төслийн хугацаа сунгах зэрэг асуудлууд тулгараад байна.

Хөгжлийн банк 2023 онд 750 сая ам.долларын зээлийн эргэн төлөлт хийнэ. Иймээс хувийн хэвшлийн санал санаачилгаар нэгэнт хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээд тодорхой үр дүнд хүрсэн байгаа томоохон төслүүдийг бүрэн дуусгах нь эдийн засаг болон нийгмийн ихээхэн ач холбогдолтой учраас ямар нэгэн аргаар шийдвэрлэх нь нэн чухал шаардлагатай юм.

Үүнээс гарах гарц, зөв шийдэл нь Засгийн газар,Хөгжлийн банк зээлдэгчидтэй хэлэлцээрийн ширээний ард суун зээлээ хэзээ хэрхэн барагдуулахыг хэлэлцэж тохирох, зээлийн хугацаа сунгах, шаардлагатай санхүүжилтийг нэмж олгох, ханшийн өсөлтөөс гарсан алдагдлыг бууруулах,тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн худалдан авалтаар дамжуулан борлуулалтыг нэмэгдүүлэх зэргээр төсөл хөтөлбөрүүдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх гарц гаргалгааг ярилцан харилцан тохиролцож ажил, үйлдвэрлэлийг нь хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх зайлшгүй хэрэгтэй байна.
 
С.Гэрэл
www.olloo.mn
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.