Хушин ойгоо хамгаалж, баялагаа татвартай болгоё
Ухаж биш ургуулж байгалийн баялгын үр шимийг хүртэх боломж бидэнд байна. Энэ нь байгальд ургадаг ойн дагалдах баялаг болох хуш модны самар юм. Хуш мод нь байгальд ургадаг учраас жил бүр ургац нь янз бүр байдаг, зарим жилүүдэд ургацгүй үе ч байна. Тиймээс эрэлт нь нийлүүлэлтээсээ давах үед үнэ нь огцом өсдөг байна. Сүүлийн жилүүдэд самрын үнэ огцом өссөн, ажилтай ажилгүй, эр эм,хөгшин залуу хамаагүй хүн бүр л самранд явах гэдэг болж. Бизнес эрхлэгчид ажил хийх хүн олдохгүй байна гэцгээх болсон нь ч үүнтэй холбоотой байх, самар сайн гардаг жилүүдэд  хөдөөд хадланд гарах хүн, мал харах хүн олдохоо больдог нь гашуун үнэн.

Хувиараа самар түүгч иргэн Д: Тусгай зөвшөөрөл энэ тэр авдаггүй. Байцаагчтай бараг таардаггүй,таараад энэ тэрээ гэвэл яахав нэхсэн мөнгийг нь өгчихдөг. Борлуулалтаа кг-аар нь тооцож өгдөг. Машин тэрэг муутай нааш цааш явахад бэрхшээлтэй бол ууландаа өгчихнө. Машин тэрэг гайгүй асуудал гарахгүй бол хот руу оруулаад уулны үнээсээ илүү үнээр зардаг. Ихэвчлэн ченжүүдэд өгдөг. Хятад ченжүүд их авдаг,үнэ цохиж авдаг. Самар арвин жил сайн явж чадвал жилийнхээ хэрэгцээг хангалттай болгох мөнгөтэй болдог гэсэн байна.

Самарчид хуш модны самрыг түүхдээ модыг хүчтэй цохих, сүхдэх зэргээр холтсыг гэмтээх, түншүүр буюу хатуу биетээр модыг доргиож самар түүх нь хуш модыг гэмтээж, үүнээс үүдэн моддын 20 хувь нь амьдрах чадвараа алддаг байна. Мөн хуш модны самрын болц гүйцээгүй байхад нь түүснээс үүдэн мод мөхөх, улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдах аюултай. Хушны  самар  нь ой хөвчийн олон ан амьтадын амин чухал хоол, тэжээл тарга хүчээ авч тэнхээрч, амьдарч байдаг хүнс нь юм. Баавгай  самаргүй жил өлсөж, үхэлтэй тэмцэн, алалдаж байгааг харахад самрыг нь түүгээд цөлмөчихсөн газраас бусад олон амьтад дүрвэн зайлж, амьдрах газар идэх хоолгүй болж үхэж, үрэгдэж, хорогдож байгаа нь  тодорхой.

Ерөнхийлөгчийн санаачилан хэрэгжүүлж буй  “Тэрбум мод” үндэсний чуулганы салбар хуралдааны үеэр оролцогчдын анхаарлыг хөндсөн нэг чухал асуудал бол хуш мод байлаа. Манай орны хуш модны нөөц нь ойн нийт талбайн 1.8 хувь буюу 683.9 мян.га талбайг эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Хушин ойн самрын нөөцийн 70 хувийг байгальд нь үлдээгээд, 30 хувийг нь түүхэд хушин ойн байгалийн экологийн тэнцвэрийг хадгалах, нөхөн сэргэхэд нь онц харшлахгүй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийдэг. Гэвч харамсалтай нь бид Хятадын бодлогоор, хувийн ашиг сонирхол их мөнгөтэй болох хүслээр  100 хувь цөлмөдөг.

Хуш мод нь цаг уурын хүйтэн сэрүүн хүнд нөхцөлд байгалийн аясаар сэргэн ургах чадамж муутай, удаан ургалттай тул устаж болзошгүй байгааг анхаарч “Тэрбум мод” ургуулахтайгаа зэрэгцэн байгаа хушин ойгоо хамгаалах шаардлагатай байна.

Эцэст нь хэлэхэд, хуш модон ойгоо хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байж ургадаг баялагтаа эзэн болох, самар түүх,зарах бүх шат дамжлага бүрт нь татвар ногдуулдаг болох, экспортонд гарч буй ширхэг самар бүрт татвар оногдуулж төсөвт нэмэр болдог байх, самар цайруулагч компани аж ахуйн нэгж бүхэн тодорхой тооны ажилтан албан хаагчидтай байх, тэднийхээ нийгмийн даатгал асуудлыг шийддэг байх, төлөх ёстой татвар хураамжаа төлдөг байх гэхчлэн хууль ёсны шаардлагуудыг БОАЖЯ-наас тавьж, хэрэгжилтийг чанд мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.


С.Гэрэл
www.olloo.mn
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.