Б.Оргилболд: Аэробик бүх спортын суурь болдог

“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа Аэробикийн тамирчин Б.Оргилболдыг урьж,  ярилцлаа. 

 

-Тайландын Паттая хотод болсон аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “Dance” төрөлд хүрэл медаль хүртсэн. Сэтгэгдэлээсээ хуваалцаахгүй юу?

-Азийн аваргын тэмцээнд Э.Ханд эгчтэй хамт оролцож гуравдугаар байр эзэлсэн. Би тус тэмцээний гурван төрөлд орсон. Манай улсаас 40 гаруй тамирчин оролцсон юм билээ. Тэмцээнд насны ангиллаар 11 орны тамирчид өрсөлдсөн. Шагнал авах мөч үнэхээр сайхан байсан шүү. Таван жилийн өмнө анх Азийн аварга шалгаруулах тэмцээнд ороод медалиас мултарсан. Тухайн үед “Дараа заавал медаль авна” гэж бодож билээ.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсын тамирчид байв? 

-Тайланд, Солонгосын тамирчид байлаа. Тухайлбал, Солонгосоос дэлхийн аваргууд зорьж ирсэн. Тайланд улстай мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн юм. Нэг талаараа нутагт нь тэмцээн болж байгаа болохоор давуу талтай л даа. Тэмцээний үзүүлбэр маань минут гаруй байсан.

-Мэдээж тэмцээний бэлтгэлийг Г.Болортулга багш базаасан байх. Бэлт­гэлдээ хэр хугацаа зарцуулсан бэ?

-Аэробик ганцаарчилсан, хос, гурвал, баг, степ, dance гэсэн төрөлтэй байдаг. Азийн аваргын тэмцээндээ зориулан хоёр сарын хугацаанд эрчимтэй бэлтгэл хийсэн. Багш маань тэмцээнд хамт явсан. Яг үзүүлбэр үзүүлэхдээ сандралгүй, төвлөрөөрэй гэж захиж байсан. Багшийн хэлсэн урмын үг илүү хичээх шалтгаан болдог. 

-Та багаасаа аэробикээр хичээллэсэн гэсэн. Анх энэ спорттой хэрхэн холбогдсон бэ?

-Би багын их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Анх биеийн тамирын багшийнхаа гимнастикийн дугуйланд шалгалт өгч тэнцсэн. Тухайн үед хоёрдугаар ангийн сурагч байлаа. Аэоробикээр хичээллээд 10 жил болсон байна. Аэробик бүх спортын суурь болдог. Сунгалт, тэсрэлт, хүч, үсрэлт, авхаалж самбаа, тэвчээр шаарддаг төрөл.

-Арван жилийн хугацаанд ямар амжилтууд гаргаад байна?

-Улсын аваргад долоо, хотын аваргад найман удаа түрүүлсэн. Олон улсад нэг түрүүлж, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Олон улсын тэмцээн Хятад, Солонгос, Орост зохион байгуулагдаж байлаа. Аливаа зүйл хоёр талтай байдаг. Шантрах үе бий. Гэмтэж бэртэх ч үе бий.

-Аэробикийн спортоор хичээллэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Ямар ч спортоор хичээллэсэн тууштай, сахилга баттай байх нь чухал санагддаг. Аэоробикийн тамирчны хувьд сунгалт, бие халаалт сайн байх хэрэгтэй. Бие халаалт дутуугаас бэртэх эрсдэлтэй. Тухайлбал, бэлтгэл дээрээ сунгалтын дасгал хийлээ гэхэд маргааш нь бие их булардаг. Үүнийг давж гардаг учраас тэвчээр шаарддаг. Мөн багшийн хэлсэн зүйлийг зөвөөр хүлээж авах хэрэгтэй.

 

 “Зууны мэдээ” сонин
Б.Нямсүрэн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.