Шүүхийн “хонгил” нурсан уу?!

Уг нь “хонгил”-ын шүүх гэдэг байв. Учир нь улс төр, хууль хяналтын нөлөө бүхий нөхдүүд “хонгил”-ыг бүрдүүлж, шүүхийг захирч байлаа. “Хонгил”, тэдэнд үйлчилдэг шүүгч нар нэр, устайгаа нийтэд зарлагдсан. Жишээ нь, “хонгил”-ын шүүхийн толгой нь ШЕЗ, Дээд шүүхийн дарга нар байлаа. Харин их бие нь Дээд шүүх, Нийслэлийн шүүхийн шүүгч нар, гар хөл нь анхан шатны шүүхийн шүүгч нар байсан. Ер нь бол “хонгил”-ын шүүхийн шүүгч нар хэн бэ гэдгийг бүгд мэддэг. Эл дол болсон доо.

Тэгээд ч шүүхийн “хонгил”, эсвэл “хонгил”-ын шүүх байсан гэдгийг хууль зүйн салбарынхан баталдаг. Тухайлбал,  Шүүхийн тухай хуулийн төслийг 2020 оны сүүлчээр УИХ-аар хэлэлцэж байх үед МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан “... Шүүхийн тухай хуулийн төсөл гол агуулгаараа батлагдвал шударга бусын “хонгил” гэгч нуран унана. Ихээхэн мөнгөн дүнтэй, эсвэл улстөрийн том ашиг сонирхлыг хөндсөн маргааныг шийдэхэд зөвхөн хууль, нотлох баримтаар биш, харин улс төрийн болон бусад зүй бус нөлөө орох эрсдэл байгааг “шударга бусын хонгил” гэж улс төрийн хэллэгээр хэлж байгаа гэж ойлгодог. Үнэхээр ийм эрсдэл байгаа юу гэвэл бодитой байгаа. Зарим тодорхой хэргийг шийдэж байгаа байдал, тэр шийдвэр гаргаж байгаа цаг момент зэргээс ийм эрсдэл байна гэж хардах хүмүүс байна. Үүнээс гадна олон улсын судалгаанаас иймэрхүү дүр зураг ч харагддаг” гэсэн.

Түүнчлэн 2019 оны зургадугаар сард УИХ-ын таван гишүүн “...ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулж “хонгил”-ынхон гэгддэг нэр бүхий  найман шүүгчийг ажлаас нь чөлөөлөх” шаардлага хүргүүлж байсан удаатай. Тэр найман шүүгч нь тухайн үеийн албан тушаалаар Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Зориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн, Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар байв. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургадугаар сарын 27-ннд зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Тэднийг “...Авлигын гэмт хэрэгт холбогдсон” гэх мэдээлэл цацагдсан. Харин дээрх 17 шүүгчийн 13 нь гэм буруугүй болох нь тогтоогдсон байдаг. 

Гэхдээ тэр цагийн “хонгил” бол нурсан. Улстөрчид нь буучихсан. Хууль хяналтын удирдлага дахь нөхөд нь ч явчихсан. Харин шүүх нь үлдсэн. Тэр шүүхэд харьяалагддаг шүүгч нар өнөө хэр нь шүүгчээ хийгээд л явж байна. Ганц нэг толгойлогч нь чөлөөнд гарсан. Гэхдээ зарим хүний баривчилгаа, шүүх ажиллагаа болох үед тэд гарч ирээд ажиллаад байдаг мэдээлэл бий. “...461-ээс гарга”, “...Хэргийг мөрдөн байцаалтад буцаа” гэсэн тушаалыг “толгой”-ноос “их бие”-д, “их бие”-ээс “гар хөл” рүү дамжуулна. Тиймээс “...Шүүхийн “хонгил” ажилласаар байна уу” гэсэн асуулт байсаар байгаа юм.

Сүүлд шүүхийн “хонгил”-ыг зааж чиглүүлж байсан гэх өмгөөлөгч Б.Баасанцогт 2022 оны наймдугаар сарын 10-нд хоёр дахь удаагаа цагдан хоригдсон. Түүнийг “...Шүүгч нартай холбоотой ноцтой мэдүүлгийг өгсөн” гэх мэдээлэл гарсан. Тэр үеэр улс төр, хууль хяналтын байгууллагын нөлөө бүхий хүмүүс Б.Баасанцогтыг суллахаар ажиллаж үзсэн байдаг. Тухайлбал, нэгэн экс Ерөнхийлөгч Дээд шүүхийн хуучин даргатай уулзаж, нөгөөх нь “...Баасанцогтыг сулла” хэмээн “доошоо” тушаал өгсөн. Гэхдээ тэд гаргаж чадаагүй. Тэр өмгөөлөгч саяхан дөрвөн жил гаруй хоригдох ял авч, түүнээс мөнгө авсан хоёр шүүгч 7.5 сая төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлээд өнгөрөв. Б.Баасанцогтын хувьд шүүч нартай маш сайн харилцаатай байсан нь тэдний хоорондын дансны гүйлгээнээс харагддаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг, Ж.Эрдэнэчимэг, Б.Мөнхбаяр, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар нарын нэр, данс гарч ирсэн. Тэдний хоёрынх нь буруутай тогтоогдож, шүүгчийн ажлаа өгсөн.

Үүнээс гадна 2021 оны зун тусгай санал гаргаж С.Баярцогтын хэргийг мөрдөн байцаалтад буцаасан Дээд шүүхийн Эрүүгийн танхимын хоёр шүүгчийн асуудал бий. Үүнийг залгуулаад өнгөрсөн зуны наадмын өмнөхөн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн прокурорын газрын прокурор ч бас анхаарал маш ихээр татаж байна.

Чухамдаа энэ бүхэн л “...Шүүхийн “хонгил” нурсан уу” гэж асуухад хүргээд байгаа юм. Гэхдээ шүүх энэ асуултын хариултыг удахгүй өгнө. Тэр хариу нь “Эрдэнэт-“-ийн 49 хувь, Хөгжлийн банк, Оюу толгой, С.Зоригийн амийг хохироосон хэргийг тойрсон хэргүүдийг хэрхэн шийдэх вэ гэдгээс харагдана. Экс “хонгил”-доо л үйлчилчихгүй бол шүү дээ?!

“Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн  2022-10-19 06:44:35
    Нээрээ шүүх шудрага талдаа, бусад орнуудын шүүхээс арай өөр, леберал шүүхээс хол байж нээрээ болох уу, мөнгө дагасан шүүх бус.
  • Зочин 2022-10-19 06:31:43
    Одоо Ухнасүхийн хонгил ажиллаж байна ...
    • ataarhagch albingyyd?????adgiin saarnyyd 2022-10-19 09:39:45
      chi atraahd yhlee yu?tamiin togoonii albin chetgeree!!!