Л.Энхтайван: Германы хөгжлийн  загвар, туршлага манай улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн

Гавьяат эдийн засагч, Элчин сайд асан Л.Энхтайвантай Монгол, Германы хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

 

-Та  Монгол, Германы хамтын ажиллагаанд гүүр болж үүрэг гүйцэтгэж ирсэн хүн.  Ер нь хоёр орны хамтын ажиллагааны онцлог нь юу вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Монгол Улс өрнөдийн өндөр хөгжилтэй Герман  улстай олон жилийн уламжлалт харилцаатай.  Ялангуяа, боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа  онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг дурдах нь зүйтэй. Аливаа амжилттай хөгжиж буй орны туршлагаас харахад  мэдлэг боловсролтой, чадварлаг  боловсон хүчин тухайн улсын хөгжлийн гол үндэс болж байна.  Үүний нэг үлгэрлэл нь Герман улсын хөгжил юм. Манай хоёр орны харилцаа нэлээд эрт үеэс эхэлжээ. Тодруулбал, 1926 онд бид тус улсад 35 охид, хөвгүүдээ илгээж байв. Тусгаар тогтнолоо олоод удаагүй байсан Монгол Улсын төр, засаг тэр үед улс орон ядуу, валютын нөөц хомс гэсэн олон бэрхшээлтэй байсан ч алс холын Герман улсад залуучуудаа сургахаар шийдэж байсан нь тун зөв шийдвэр болж түүхэнд үлдсэн.   Тэнд төгсөөд ирсэн сэхээтнүүд нэн шинэ үеийн  Монгол Улсын хөгжил дэвшлийн түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан нь лавтай.  Германд явж суралцсан хүмүүсийн дунд анхны тэргүүний сэхээтнүүдийн төлөөлөл их зохиолч Д.Нацагдорж, Төрийн шагналт, зохиолч Д.Намдаг, Ардын зураач Л.Намхайцэрэн, нэрт зохиолч, орчуулагч Н.Наваан-Юндэн, Ардын багш Г.Батсүх багтжээ. Үүний түүчээ болсон дараагийн үеийнхэн ч Герман улсад очиж мэргэжил эзэмшсэн.  Өнгөрсөн хугацаанд 30 гаруй мянган Монголын залуучууд өндөр хөгжилтэй  энэ оронд мэдлэг боловсрол эзэмшин дэлхийн соёлыг нутагтаа түгээж, эх орныхоо бүтээн байгуулалт, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан. Герман улсад боловсрол эзэмшсэн  ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Т.Галбаатар, академич Д.Цэрэнсодном, Т.Төмөртогоо, Ц.Баатар, П.Нямдаваа, Ардын эмч Онхуудай, доктор Б.Бирваа гэсэн арван нэртэй эрдэмтэн манай орны  шинжлэх ухаан, судалгааны салбарт манлайлж  ирсэн нь тус улсын хөгжлийн соёлын нэгэн тусгал болж байна.

-Хоёр орны харилцаанд сонин содон, ач холбогдолтой ахиц дэвшилтэй үйл явдал олон  болж байв.  Үүнээс та алийг нь онцлох вэ?

-Хоёр орны харилцаа 1950-аад оноос нэлээд сэргэж,  Герман улсын тусламж, хамтын ажиллагаа бүх салбарт эрчимтэй өрнөсөн. Герман хэл 1990 он хүртэл монголчуудын хувьд орос хэлний дараа орох гол гадаад хэл байлаа. Миний хувьд хоёр орны  хамтын ажиллагааны бүтээгдэхүүн мөн.  Герман улсад оюутан, докторант, судлаач хийж амьдралынхаа 13 жилийг тэнд өнгөрүүлсэн. Би 1973-1978 онд  ХБНГУ-ын Эдийн засгийн дээд сургууль, 1986-1990 онд мөн ХБНГУ-ын Эдийн засгийн дээд сургуульд  докторын зэрэг хамгаалжээ. Тэгэхээр яалт ч үгүй Герман улс хоёр дахь эх орон минь билээ. 1990 оны эхээр манай улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжээд хүндрэл, бэрхшээл тохиолдсон үед хамгийн түрүүнд тусалж дэмжсэн улсын нэг нь    Герман юм шүү.  Мөн 1998 онд Герман улсын ерөнхийлөгч Р.Херцог,  2011 онд Холбооны канцлер А.Меркел манай улсад айлчилж хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан гэж үзэж байна. Манай хоёр орны ард иргэдийн дунд олон жилийн нөхөрсөг сайхан харьцаа тогтсон. Манай ШУА-ийн судлаач агсан Д.Борчулуун Берлин хотод Германы ШУА-д ажиллаж байхдаа хатагтай А.Меркелтэй ойрхон сууж, өдрийн хоол иддэг байснаа дурсдагсан.



Германд төгсөгчид Герман улсын Ерөнхийлөгч Роман Херцогтой хамт, 1998 он                      
Зүүн гараас: Р.Херцог, доктор Ц.Болдсүх, Доктор Лхагва, зохиолч Ч.Галсан, академич П.Нямдаваа, Доктор Л.Энхтайван, “ДААД” клубын гүйцэтгэх захирал Д.Борчулуун нар

-Герман улсын сүүлийн үеийн хөгжил дэвшлийг та хэрхэн харж байна вэ.  Европ дахь тус улсын байр суурь ямар түвшинд байна?

-Герман улс нь Европын холбооны хамгийн хүчирхэг эдийн засагтай орон.  83 сая хүн амтай улс Европийн холбооны гол бодлогыг тодорхойлогч орон байхаас аргагүй билээ. Орчин үеийн  эдийн засаг, соёл, урлаг гээд бүх салбараар Европ төдийгүй дэлхийд тэргүүлэгч орон болоход гайхах хэрэггүй ард түмэн.

-Герман улсын манай улстай ойролцоо зүйл нь юу вэ.  Магадгүй бид германчуудаас юу суралцах ёстой гэж та боддог вэ?

-Манай улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход Герман улсын хөгжлийн загвар, туршлага чухал нөлөө үзүүлсэн. Манай үндсэн хуулийн систем ром-германы буюу эх газрын хуулийн системтэй тун ойролцоо юм билээ. Герман улс дахь нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн тогтолцоо нь манай улсын хүсэн зорьж буй  хөгжлийн загвар юм. Түүнчлэн герман хүний тооцоо судалгаатай, хэлсэндээ хүрдэг, хариуцлагатай, цаг баримталдаг, ажилсаг, даруу зан чанар гээд хувь хүний болон байгууллагын соёл, зан чанараас суралцах зүйл их.

-Та Австри улсад Элчин сайдаар ажиллаж байсан хүн.   Харин яагаад Герман судлалыг сонирхож, энэ чиглэлд судалгаа шинжилгээний ажил хийхээр болов. Энэ тухай ярихгүй юу?

-  Би Герман улсад төгсөгчдийн холбооны удирдах зөвлөл, ШУА-ийн дэргэдэх Герман судлалын төвд сонгуульт ажилтай. Төгсөгчдийн холбоо “ДААД клуб” нь 1992 онд үүсэн байгуулагдсан. Германы эрдмийн солилцооны албатай холбоотой ажилладаг.  Өөр улс орнуудад Германд төгсөгчид ийм клуб байгуулсан байдаг. Нэг ёсны сүлжээ байгууллага.  Мөн “Герман судлалын төв” маань Олон улс судлалын хүрээлэнгийн дэргэд 2002 онд байгуулагдан өнөөг хүртэл ажиллаж байгаа. Тус төв зөвхөн хоёр орны харилцаа, Герман улсын хөгжлийн тухай судалгаагаар хязгаарлахгүй. Европын холбооны асуудлаар судлах зорилго тавин өнгөрсөн хугацаанд сэтгүүл, ном гаргаж ирлээ.   Мөн өнөөдөр Монголд герман хэлний “Гёте” институт, “Ханс Зайдел”-ийн сан, Конрад Аденауерын сан, Фриедрих Эбертийн сан гэсэн улс төрийн сангууд төлөөлөгчийн газартай, байнгын үйл ажиллагаа явуулж байна. Би Германтай нэн ойролцоо Австри улсад Элчин сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ улсын тухай судалгаа шинжилгээний ажлаа орхилгүй, “Монгол, Австрийн Эдийн засаг, бизнес клуб”-ын тэргүүнээр ажилладаг. Элчин сайд байхдаа хоёр орны парламент, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга захирал нарын түвшинд нийт 35 айлчлал зохион байгуулжээ. Хууль зүй, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёл, шинжлэх ухаан, агаарын харилцаанд Засгийн газрын болон яамд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх есөн баримт бичигт гарын үсэг зурсан. Тэдгээрийн дотор Монгол, Австри улсын их, дээд сургуулийн диплом, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай 2006 онд байгуулсан хэлэлцээр багтаж буй. Өндөр хөгжилтэй оронтой энэ талаар үзэглэсэн анхны баримт бичиг юм. Цаашид Европын холбооны орнуудтай ийм төрлийн хэлэлцээрийг манай улс байгуулах замыг нээсэн. Өрнөдийн орнуудад суралцах боломжийг манай залууст олгож буйгаараа онцгой ач холбогдолтой ажил болсон гэж хэлж болно.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад айлчилж байна. Өмнө нь хийж байсан  айлчлалуудын онцлог, ач холбогдол юу байсан бэ?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Герман улсад айлчилж буй нь хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд  чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Өмнөх Ерөнхий сайдын айлчлалаас хойш есөн жилийн хугацаа өнгөрчээ.  Одоо гадаад, дотоод нөхцөл байдал их өөрчлөгдсөн үе. Хөгжлийн хамтын ажиллагаа дахин эхэлж байгаад таатай байна.  Өнгөрсөн хугацаанд Германы төр, засгийн тэргүүнүүд манай оронд айлчилж хамтын ажиллагааг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж байсныг мөн дурдах нь зүйтэй. 1998 онд ХБНГУ-ын ерөнхийлөгч Роман Херцог, 2011 онд Холбооны канцлер А.Меркел нарын айлчлалыг онцлон дурдууштай.

-Олон улсын нөхцөл байдал амаргүй байна. ОХУ Украины байдлыг та судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ. Магадгүй эдийн засаг талаас хэрхэн дүгнэх вэ?

-Хөгжлийн бодлого судлаачийн хувьд олон улсын нөхцөл байдал ялангуяа, манай орны хувьд тун амаргүй, ээдрээтэй цаг үе ирж байна.  Маш ухаалаг, эрсдэлийг сайн тооцсон бодлого явуулах ёстой. Бид хоёрхон хөрштэй.   Харин хөршүүд маань олон улсын энэ зөрчилдөөнд их үүрэг гүйцэтгэж буй тул хаа хамаагүй улсыг дуурайж бодлого явуулах нь эрсдэлтэй. Манай зарим хэвлэл мэдээлэл ч нэг талыг барьж их дуугарах юм.  Энэ асуудалд судлаачийн хувьд ихэд санаа зовж суудаг даа.

: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-10-17 01:11:39
    битгий шаа гавьяат эдийн засагч ч гэх шиг тийм лаг юм бол наад мангуунууддаа эртхэн зааж чиглүүлж өгөх нь яасан юм битгий шаа далан худалчаа