Улстөрчдийн орооцолдсон хэрэг хаана гацдаг вэ?!

Монголд гардаг аманд багтамгүй том мөнгөн дүнтэй авлига, албан тушаалын хэрэгт голдуу улстөрчид холбогддог. Тэдний олонх нь УИХ-ын гишүүн, сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа уг асуудалд орооцолдсон байдаг.

Мэдээж, ийм хэргийг АТГ, зарим тохиолдолд тагнуулын байгууллага шалгана. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгаад прокурорт шилжүүлдэг. Том улстөрчдийн томоохон хэрэгт Нийслэлийн прокурорын газрын прокурорууд хяналт тавина. Тэндээс харьяа дүүргүүд, голдуу Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжинэ. Ерөнхийдөө Монголын авлига, албан тушаалтнуудын хэрэг шүүх хүртлээ энэ “дамжлага”-аар явдаг.

Ерөнхийдөө ийм авлига, албан тушаалын хэргүүд тасрахгүй. Байсгээд л нийгмийг шуугиулсан томоохон, бүлэглэсэн гэхээр хэргүүд ил болно. Гэвч тэгсгээд сураг алдардаг. Яг л бөмбөг шиг, “...Тус хэргийг прокурорт шилжүүлээ. Прокуророос шүүхэд шилжүүллээ. Шүүх мөрдөн байцаалтад буцаалаа” гэж байгаад хаа нэгтээ нь хав дарагдана. Тэр ч байтугай мөрдөн шалгах байгууллага хэдэн жил дамнуулж шалгаад, шат шатны шүүхээс тэр этгээдэд ял шийтгэл оноож явж байснаа гэнэт хэрэг биш болоод явчихна. Иймэрхүү жишээнд Оюу толгойн гэрээний, “Эрдэнэт”-ийн 49 хувийн, “Эрдэнэт”-ийг барьцаалж их хэмжээний мөнгө завшсан, бусдыг эрүүдэн шүүсэн хэргүүдийг авч үзэж болох юм. Тэгвэл “...Сүртэй нь аргагүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Хөгжлийн банкны гэх хэрэг энэ замаар  орчих вий” гэсэн болгоомжлол хууль хяналтын байгууллагын шударга ажилтнуудын дунд байна. Сүүлийн үед тиймэрхүү “үнэр” ханх тавиад байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор улстөрчдийн орооцолдсон томоохон хэргүүдийг шалгах явцыг олон нийтээс нуух нь зохимжгүй гэсэн байр суурь олон нийтийн зүгээс гарч байна.

Тухайлбал, яг одоо Хөгжлийн банкны хэрэг хууль хяналтын аль байгууллагын шатанд явна вэ гэдэг тодорхойгүй болоод байгаа юм. 2022 оны наймдугаар сарын сүүлчээр Хөгжлийн банкны гэх 80 гаруй хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болсон талаар эх сурвалжууд мэдээлсэн. Шилжсэн эсэх нь одоо ч тодорхойгүй байна. Уг хэрэгт албан тушаалтнуудаас УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн асан, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр, ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа, ЗГХЭГ-ын дэд дарга асан Д.Даажамба, М.Баярмагнай, ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Шинэбаатар, ЗТХЯ-ны Газрын дарга асан Б.Махбал, ХХААЯ-ны Газрын дарга асан М.Баянмөнх, УУХҮЯ-ны Газрын дарга асан Ч.Отгочулуу нарыг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл ангиар яллагдагчаар татсан байна.

Мөн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нарыг ч энэ зүйл ангийн дагуу шалгаж буй аж. Тэднээс гадна АТГ, прокуророос ХҮН-ын гишүүн Б.Найдалаа, МҮХАҮТ-ын газрын дарга асан Ч.Нэргүй, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас мэргэжилтэн хүртэлх албан тушаал хашиж байсан хүмүүс, зээлдэгч компанийн удирдлагуудыг яллагдагчаар тооцсон байна. Түүнчлэн зарим нь нэгэнт яллагдагчаар татагдсан нэр бүхий 10 хүнийг өөр үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорт гаргасан байдаг.

Зөвхөн Хөгжлийн банкны хэрэг ч бус дээр дурдсан хэргүүдийг хэрхсэнийг ч олон нийт нэхсээр байна.

Авлига, албан тушаалын хэргийг харьяалан шалгадаг гэдэг утгаараа АТГ-аас хамгийн түрүүнд нэхнэ. Гэтэл АТГ-ынхан ойрд хууль хяналтынхны яриагаар "жараахай"-нуудын хэргийг прокурорт шилжүүлээд байгаа гэх мэдээллүүд байна. Хамгийн сүүлд "...Энэ сарын  3-7-ны хооронд есөн хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, таван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна" гэж АТГ-аас мэдээллээ. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэх хэргүүд нь гаалийн байцаагч асан Э, СЭМҮТ-ийн нэг дарга, Булганы дарга нарт хахууль өгсөн иргэн А, "Өвөрхангай аймгийн АЗЗА" ТӨХК-ийн дарга нар, Бичил санхүүгийн хөгжлийн сангийн удирдах албан тушаалтан, Увсын Сагилын нэг дарга, Хятадын иргэн З, Төрийн өмчит компанид удирдах ажил хийж байсан А нартай холбоотой асуудлууд байна. Энэ дунд олны анхаарал татсан хэмээгддэг томоохон хэргүүд алга.

Мөн прокурорын байгууллага энэ аравдугаар сар гарсанаас хойш 305 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Түүнд нь Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 125, Өмчлөх эрхийн эсрэг 96, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 33, Хүрээлэн байгаа орчны эсрэг 16, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 12, Авлигын найм, Амьд явах эрхийн эсрэг тав, Халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг дөрөв, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гурав, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, Кибер орчинд хууль бусаар халдах тус бүр нэг хэрэг байна. Мөн л дээр дурдсан хэргүүдээс байсангүй.

Ер нь ойрын үед олны анхааралд орсон хэргүүдэд ямар нэг “хөдөлгөөн” ороогүй гэхэд болно. Лав л хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн зүйл үгүй.

Уг нь 2018 оны арваннэгдүгээр сард УЕПГ-аас олны анхаарал татсан хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулж байв. Тэр үед “...Тус ажлын хэсэг “Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг, Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг, Оюу толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг, 60 тэрбумын гэх хэрэг, АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг, ЖДҮХС-тай холбоотой хэрэг, Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг зэрэг авилгын гэмт хэргүүдийг шалгана” гэж байлаа. 

Дараа нь Улсын ерөнхий прокурор 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нд тушаал гаргаж мөн л олны анхааралд орсон хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан.

“...Тус ажлын хэсгийн прокурорууд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор, АТГ, Тагнуул, Цагдаагийн байгууллагын албан хаагч холбогдсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа ээдрээтэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж, олны анхааралд орсон эрүүгийн хэргүүдийг татаж хянана” гэж байсан.

Түүнчлэн Улсын ерөнхий прокурор 2021 оны гуравдугаар сарын 12-нд тушаал гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагуудад шалгаж буй хууль, хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл, хэргийг хянан, шуурхай шалгаж, шийдвэрлүүлэх ажлын хэсгийг байгуулсан юм.  “...Ажлын хэсгээс нийт 118 хэргийг хянаж танилцаад байна. Үүнээс 24 хэргийг шүүхэд шилжүүлэн, хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон 32 хэргийг хаасан. Мөн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” хэмээн УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Уранцэцэг 2021 оны есдүгээр сарын 21-нд мэдээлж байв.

Гэсэн хэр нь нийгэмд дуулиан дэгдээсэн “жинхэнэ” том хэргүүд хэрэг хаа нэгтээ гацчихдаг байдал хэвээрээ байна. Ингэхээр мөрдөн шалгах байгууллага, прокурор, шүүхийн хаана нь томчуудыг хэрэг замхардаг, эсвэл гацдаг вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм.
 

 “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуц 2022-10-18 07:55:39
    Ерөнхийлөгч ерөнхий сайд ЗГ ын гишүүн УИХ ын гишүүн банкны ерөнхийлөгч агентлагын болон засаг дарга байсан хулгайчууд гэнэт саахартай болж жүжиглээд л суллав
  • Иргэн 2022-10-11 07:26:24
    Энэ янзаараа үргэлжилбэл шүүх прокурорын хонгил дуусахгүй,авилга арилахгүй,төр,төрийн албан хаагч шударга байх зарчим ор үгүй болох нь тодорхой байна.
  • Zochin 2022-10-11 04:56:08
    Бүгд хахууль өгөгч,авагч,хуйвалдагч нар та нарыг бурхан гэсгээнээ