Чингис хааны хөргийг архины шошгоноос “буулгах” уу, Ерөнхийлөгч өө?!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн зуны наадмаар Чингис хааны эш хөргийг монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай зарлиг гаргасан. Тэрбээр зарлиг дуулгахдаа “...Далай их хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс энэхүү түүхэн зарлигийг буулгалаа” хэмээж байв. Түүнээс хойш айлууд, байгууллагууд Чингис хааны эш хөргийг хоймортоо давалгаалан залж байна. 

Мөн өчигдөр УИХ-ын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу нэгдсэн хуралдааны танхимын хойморт Чингис хааны эш хөргийг заллаа.

Ер нь бол Чингис хааны хөргийг дээдлэн залах Ерөнхийлөгчийн зарлигийг ард түмэн тун тааламжтай, хүндэтгэж хүлээж авсан.

Тэгвэл Ерөнхийлөгчийн зарлигаар залсан Чингис хааны хөрөг архины шошго дээр заларсаар байна. Үүнд олон нийт таатай ханддаггүй. Гэхдээ “Чингис” хэмээх архинуудыг хэрэглэсээр байдаг. 

Уг нь 2012 онд ШӨХТГ-ын дарга О.Магнай Чингис, Соёмбо нэртэй архи үйлдвэрлэхийг хориглох тухай хуулийн төслийг боловсруулж, түүнийг нь нэр бүхий гишүүд УИХ-д өргөн барьж байлаа.  2016 онд түүх судлаач, эрдэмтдийн төлөөллүүд Чингис хааны нэрээр архи, тамхи, согтууруулах бодис оноон нэрлэхгүй байх зарлиг гаргуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж байв. Тухайн үед “Төрт ёс, Хаадын сан”-ийн тэргүүн, зохиолч, судлаач Д.Гүн-Үйлс “...Чингис хаан маань Монголын ард түмэнд “...Архийг бага хүрт, болж өгвөл огт бүү амс” хэмээн зарлиг үлдээсэн. Гэтэл бид өнөөдөр үзэл санаагаар нь зориуд тохуурхаж байгаа юм шиг үйлдлүүд гаргасаар байна. Үүний нэг бол Чингис хааны нэртэй архи ууж,  уусан архиныхаа шилийг хог дээр чулуудаж, хүний хөлийн гишгүүр болгож байна. Энэ бол  маш буруу үйлдэл төдийгүй Их хаан, төрт ёсоо үл хүндэтгэсэн, түүх соёлоо умартсан үйлдэл. Зөвхөн түүх соёлоор зогсохгүй “Чингис” нэртэй архинаас болж хичнээн амьдрал сүйрсэнийг хэн ч таашгүй. Тиймээс бид энэхүү хөдөлгөөнийг эхлүүлж Ерөнхийлөгчид хүсэлт гаргаж байгаа юм. Чингис хааны нэрээр архи, тамхийг нэрлүүлэхгүй байх, нэрлүүлж болохгүй талаар бид бүхий л арга хэмжээг авахуулахын төлөө ажиллана” гэж байв. 2017 онд “Хамаг Монгол” МСҮТ-ийн захирал Д.Уламбаяр, сурагчид, оюутан залуучуудаас архины компаниудын эздэд “... Та бүхэн өөрсдийн хувь эзэмшдэг тус тусын компаниудад нөлөөлөх замаар “Чингис” брэндийн архины үйлдвэрлэлийг зогсооно уу” гэсэн шаардлагыг хүргүүлж байв. 2021 оны хаврын чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “...Төрийн бэлгэ тэмдэг, төртэй холбоотой зүйлээр архийг нэрлэдэг, үйлдвэрлэдгийг таслан зогсоох хэрэгтэй байна. Өнөөдөр "Чингис" хааны нэрээр нэрлэсэн архи үйлдвэрлэж байна. Төрийнхөө далбаа дээр байдаг “Соёмбо” гэдэг архи байна. Энэ бүхэнд зохицуулалт хэрэгтэй" гэж байлаа. Эдгээрээс гадна ийм санаачлага олон гарч байв. Гэвч архины компаниудыг яаж ч чадалгүй байсаар өнөөг хүрсэн юм.

 Харин Ерөнхийлөгчийн энэ зарлиг Чингис хааны хөргийг архины шошгоноос “буулгах” боломжийг бий болгов.  Боломж ч гэж дээ, Ерөнхийлөгчийн зарлигаар залсан Чингис хааны хөрөгтэй архины шил хог дээр хэвтээд байх нь агуулгын хувьд томоохон зөрчил үүсгэж байгаа юм. Тэгэхээр Ерөнхийлөгч зарлигаа хэрэгжүүлэхийн тулд хааны хөргийг архины шошго дээр “залах”-гүй байх дээр анхаарах хэрэгтэй болж байгаа юм. Хэрвээ тэрбээр анхаарвал энэ төвөггүй шийдэгдэнэ.

Тэгээд ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хавар гуравдугаар сард болсон “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган дээр “...Монголчуудын бидний зовлонгийн нэг шалтгаан нь архидалт юм. Эрчүүд бид архийг ууж байна гэж боддог. Харин архи биднийг ууж байна. Эх орны минь хөгжилд чөдөр болж байна” гэсэн. Улмаар архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Эрүүл монгол хүн” хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан. Зарлигтаа архины хатуулгийн хэмжээг жил бүр хоёр градусаар бууруулах талаар зааж байв.

 “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zocnin 2022-10-06 00:01:56
    Arhin deerbhad buruudahgui biz Zondoo l delhiig ezelsen tsuutnuudiin nertei arhi bdag Harin negent neriig ni ogcn bgaa bol delhiig ezelsen shig ni delhiid nerte...