Д.Энхбаяр: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөх бус хамтрах нь чухал байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа “Дархан арьс, ширний цогцолбор”-ын гүйцэтгэх захирал Д.Энхбаярыг урьж, ярилцлаа.

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙСАН ТҮҮХТЭЙ

 

-Манай улс арьс ширний үйлдвэрлэлийн арвин баялаг түүхтэй орон.  1934 оноос энэ салбар хөгжиж, арьс ширний үйлдвэрүүд бий болж байсан.  

Улмаар 1954 онд шинэ цаг үетэй нүүр тулж,  малын эрүүл мэнд, таваар бэлтгэл, түүхий эдийн тогтолцоо зэрэг хундаам суурийг нь зөв цутгахгүйгээр цааш явахгүй гэдгийг ойлгоод арай өөр түвшинд ажиллаж эхэлжээ. Төр засгийн тогтоол гарч, худалдаа бэлтгэлийн ангийг байгуулж асуудалд өргөн хүрээнд хандаж ирсэн.   Тэр л цаг үеэс аж үйлдвэрийн салбар гэх том өндөр барилгын суурь, хундаамыг нь цутгагдаж ирсэн түүхтэй.  Худалдаа бэлтгэлийн анги маань Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгч, нэлээд эрчимтэй ажиллаж ирсэн.  Ерөнхийдөө  “Эрдэнэт” үйлдвэр ашиглалтад орохоос өмнө Монгол Улсын төсвийн гол “саалийн үнээ” нь арьс ширний үйлдвэрлэлүүд байсан гэдэг.  Арьс ширний үйлдвэрлэл цогцолборыг дагасан гурван том цогц бодлого гэж бий.   Түүхий эдийн тогтолцоо, боловсруулалт буюу аж үйлдвэрийн бодлого, гадаад худалдааны бодлого гэсэн гурван том цогц зүйлийг хамтад нь авч явах шаардлагатай байдаг. Зөвхөн нэгийг нь хөгжүүлээд амжилтад хүрэхэд хэцүү гэдгийг бидний өнгөрсөн түүх, сургамжууд хангалттай харуулж байна.

“УЛС ТӨРИЙН ХҮЧТЭЙ МАНЛАЙЛАЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА”

-“Дархан арьс, ширний цогцолбор” нь Италь, Испани, Хятад, Монголын компаниудаар ТЭЗҮ, зураг төслөө хийлгэсэн. 225 сая.ам долларын төсөл.  Одоо Дархан-Уул аймгийн Хонгор суманд үйлдвэрийн районд баригдаж байна. Дарханы үйлдвэрийн район нэлээд тэлж, хөгжиж байгаа газар.   Орон нутгаас манай цогцолборын газрын асуудлыг нь шийдвэрлэсэн. Бид цогцолбороо олон улсын стандарт шаардлагад нийцсэн, жишиг үйлдвэрлэлийн хэмжээнд барьж байгуулж байна.  Арьс ширний үйлдвэрлэл маш их химийн бодис хэрэглэдэг учраас бохир усны асуудал нэлээд хүндээр яригддаг. Тиймээс цэвэрлэх байгууламжийн асуудал их чухал. Бид үйлдвэрээс гарах химийн бохирдолтой усыг цэвэрлэж, саарал ус болгоод загас амьдрах боломжтой цөөрөм хийх байдлаар төлөвлөсөн. Мөн  Дархан Сэлэнгийн бүс нутагт Монгол Улсын эдийн засгийн эргэлтэнд орсон төмрийн хүдрийн 68 хувь нь байна. Үүнийгээ дагаад үйлдвэр олон бий. Хүдрийг баяжуулахад маш их ус хэрэглэнэ. Тэндэнд бид саарал ус нийлүүлэх боломжтой байдлаар тооцоолсон. Мөн манай цогцолбор цахилгааны асуудлыг бүрэн шийдсэн. 16 мегаваттын хос хэлхээт буюу бараг хоёр жижиг аймгийг хангахуйц дэд станцыг агаарын шугамтай нь хамт бариад байгаа.  Одоо гүйцэтгэл нь  90 гаруй хувьтай байна. 3.9 км инженерийн шугам хоолойг хийж гүйцэтгэсэн. Ингэж бид цэвэрлэх байгууламж, цахилгаан станц зэрэг  дэд бүтцийн ажилдаа 40 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байна.  Одоо бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.    Цаашид нэмүү өртгийн сүлжээ, кластер, хоёрдугаарт, үйлдвэрлэлийн байгаль, нийгэм, эдийн засгийн үр ашигт аж үйлдвэрийн парк, гуравдугаарт, гадаад худалдаа, ложистик дижитал шилжилтийн гэсэн гурван том бодлогыг төр, хувийн хэвшил, олон нийт хамтран хэрэгжүүлж байж арьс ширний үйлдвэрлэлийн салбар хөгжиж, түүхий эдээ эдийн засгийн эргэлтэд оруулна. Олон улсад ч ийм зарчмаар явсан үйлдвэрлэл хөгжиж байна.  Төр засгийн зүгээс дээрх  бодлогуудаа хийгээд цэгцлээд байна. Гэхдээ төр, хувийн хэвшлийн өрсөлдөөн бус хамтрал хамгийн чухал гэдгийг онцлох нь зүйтэй.  Мөн арьс ширний үйлдвэрлэлээ олон улсад гаргаж, эдийн засгийн дахин нэг бодит эх үүсвэртэй болоход төр хувийн хэвшлийн түншлэлийг хоёргүй сэтгэлээр хэрэгжүүлэх улс төрийн манлайлал болох хүчтэй хэрэгтэй байна.

ОЛОН УЛСАД АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙГ ДӨРВӨН ОРОЛЦОГЧ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

 

-Манай цогцолборын хүчин чадал нь арьсаар 10 сая, завод ноос ноолуураар 11 мянган тонн байна. 13 үйлдвэрээс ес нь бог малын үйлдвэр. Нэг үйлдвэрийнх нь хүчин чадал жилийн нэг сая буюу хоногийн 4000 юм. Бод малын нэг үйлдвэрийн хоногийн хүчин чадал нь 1000, жилийн хүчин чадал нь 250 – 350 мянган бодын арьс боловсруулах боломжтой байх юм. Олон улсын туршлагаас харахад аж үйлдвэрийн паркыг барихад зохицуулагч, хөгжүүлэгч, ажиллуулагч, үйл ажиллагаа эрхлэгчид гэсэн дөрвөн оролцогчид оролцдог. Төр бол зохицуулагчаас эхлээд тодорхой дүрэм журмыг өгөх, шийдвэрүүд гаргах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зохицуулагчийн үүргийг гүйцэтгэдэг. Хөгжүүлэлтийн үе бол хамгийн чухал үе. Манай төсөл хөгжүүлэлтийн эхний гурван түвшингээс дөрөвдүгээр түвшин дээр явж байна. Энэ дөрөвдүгээр түвшинд хүрэхэд төслийн хамаг чухал хүчин зүйлсийн 90 хувь зарцуулагддаг гэж үздэг. Олон улсад төсөл хөтөлбөрийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтарсан туршлагууд их байдаг. Төр нь өөрөө төслийн хөгжлийн сан гэдгээр дэмжээд гаргасан тохиолдлууд ч бас байна. Ер нь хамгийн чухал нь төр хөгжүүлэлтийн шатанд болон дэд бүтцэд санхүүгээр дэмждэг юм байна. Манай төсөл дээр мэдээж төрийн зүгээс дэмжиж байгаа. Оператор буюу ажлуулагч үүнийг бол үндсэндээ хувийн хэвшил авч явдаг. Өөрөөр хэлбэл, төслийн менежментийг авч явна. Дотор нь үйл ажиллагаа явуулах байгууллага. Жишээлбэл, манай дээр 20 үйлдвэр байна. Тэд тусдаа бизнесийн хамтарлууд байна.  Зарим нэг үйлдвэртэй хамтарч болно, зарим нь түрээслэж, зарим операторын гэрээгээр эсвэл эзэмшээд хамтарч ажиллах юм. Өнгөрсөн хугацаанд цар тахал гээд давагдашгүй хүчин зүйл төслийн ажилд нөлөөлсөн. Төрийн зүгээс дэмжээгүй биш дэмжсэн. Гэхдээ нэг асуудал үүссэн нь төр нэг гараараа  хийсэн зүйлээ нөгөө гараараа устгах байдал манай цогцолбор дээр үүсч болзошгүй байгаад харамсаж байна. Төрийн зүгээс манай цогцолборын хажууд дахин нэг төрийн өмчит цогцолбор байгуулж, асуудлыг ойлгомжгүй байдалд хүргээд байна.

“ТӨРИЙН БОДЛОГО ОЙЛГОМЖТОЙ БАЙЖ, ХӨГЖИХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ”

 

- Бидний хувьд төр засгийн холбогдох байгууллагууд, салбарынхантайгаа хамт олон хүнд асуудлыг сүүлийн 10 орчим жилийн хугацаанд тууллаа. Төр хувийн хэвшил хамтарч байж шийдэх гарцуудаа ч оллоо. Хамгийн гол нь таваар бэлтгэлийн тогтолцоо, аж үйлдвэрийн паркийн олон улсын туршлага, аргачлал, экспортын гадаад худалдааны бодлого дээр одоо төрийн оролцоо хэрэгтэй байна. Төр, хувийн хэвшил хийх ёстой ажлуудаа л хийж хэрэгжүүлэх бодлогын зарчим энэ салбарт алдагдаж болохгүй. Төр, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, аль алиныгаа хохироох нь хэнд ч ашиггүй.  Харин Монгол Улс хохирно. Ерөнхий сайд  “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ-д өргөн барих үедээ “Эдийн засгийг сууриар нь тэлэхгүйгээр бидний дэвшүүлсэн зорилт бүхэн цаасан дээр зарцан үлдэж, улс төрийн маргааны чөтгөрийн тойрогт Монгол Улсын амьдралын цаг хугацаа идэгдсээр байх болно” гэж хэлсэн.  Үүний бодит жишээ нь “Дархан арьс ширний цогцолбор” төсөл дээр хэрэгжих эрсдэлтэй болсныг дуулгая.  Аж үйлдвэрийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлт орон сууцжуулах бодлогод дэд бүтцийг нь төр нь хийж өгөөд хувийн хэвшил нь барилгыг нь бариад, иргэддээ зарж борлуулж байгаа.  Тэрэнтэй л  ижил төрийн энгийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт хийх,  төрийн бодлогоо ойлгомжтой болгоод өгчихвөл аж үйлдвэрлэл олон улсад өрсөлдөхүйц хөгжих нөхцөл бүрдэнэ.

ТҮҮХИЙ ЭДЭЭ ҮНЭ ЦЭНД ХҮРГЭХ “ТҮЛХҮҮР”

 

-Ер нь арьс ширний үйлдвэрлэл гэдэг маш олон шат дамжлагатай. Маш олон хүний олон цагийн хөдөлмөрийг шингээдэг хүнд ажил.  Тэр ч утгаараа 300 мянга гаруй мал бүхий иргэд, мөн тооны мал эмнэлгийн салбарынхан, 15 мянга гаруй таваар бэлтгэл түүхий эдийн худалдааны салбарынхан,  хоёр мянга гаруй боловсруулах салбарынхан, таван мянга гаруй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарынхан, мянга гаруй гадаад худалдаа, тээврийн салбарынхан буюу нийтдээ 330 гаруй мянга буюу нийт хөдөлмөрийн зах зээлийн 30 хувь буюу Монгол Улсын 10 айл тутмын гурван айлынх нь амьдрал шууд энэ салбартай шууд холбоотой.  Бид түүхий эдээ экспортлорч хэвээр байсаар байвал 20, 30 жилийн дараа байгалиас өгөгдсөн анхдагч нөөцийн тодорхой хэсэг нь дуусна.  Мөн технологийн хөгжлийн давалгаанд өнөөдрийн нөөц гээд байгаа зүйл маань үнэ цэнтэй байж чадах уу. Ажлын байр шингээх бүтээлч үйлдвэрлэл байхгүй бол тэр өндөр технологийн хөгжилд хөл нийлүүлээд хөгжих бүтээлч ажлын фронт нийгэмд маань бий болох уу. Гэтэл өгөгдсөн нөхцөлдөө бүтээлч үйлдвэрлэлийг бий болгох бодлогыг дан ганц төр эсвэл хувийн хэвшил, олон нийт нь тус тусдаа хийж чадахгүй. Харин нэгдэж чадсанаар нэмүү өртөг бүтээж, ажлын байрыг бий болгож, экспортод гаргаж, дотоод эдийн засагтаа валют авч ирж чадна. Учир нь олон улсад  нэгдүгээрт, нэмүү өртгийн сүлжээ, кластер, хоёрдугаарт үйлдвэрлэлийн байгаль, нийгэм, эдийн засгийн үр ашигт аж үйлдвэрийн парк, гуравдугаарт гадаад худалдаа, ложистик дижитал шилжилтийн гэсэн гурван том бодлогын өрсөлдөөн бий болсон гэдгийг би дээр дурдсан.   Мөн технологийн өрсөлдөөнөөр өрсөлдөхдөө төр, хувийн хэвшил, олон нийтийн гэсэн гурван гол сегментийн хамтралуудын нэгдсэн бодлогын өрсөлдөөнөөр зах зээл, эдийн засаг, худалдааны өрсөлдөөнд орж зарим орнууд анхдагч өгөгдлөөсөө үүдэлтэй дийлдэх, дийлэхийн өрсөлдөөний үр дүнд дэлхий даяар тооцоолоогүй харилцан ялгаатай мөргөлдөөнүүд бий болж байна. Дэлхийн бүх түүхий эдүүд хамгийн өндөр үнэ цэн хүрэх бүтээгдэхүүн болж чадахгүй. Тодорхой хэсэг нь л эцсийн бүтээгдэхүүн болж чадаж байгаа буюу үнэтэй болох бүтээгдэхүүн хүртлээ замдаа дээрх гурван шат дамжлагыг давж чадсан нь сая барианд орж байгаа юм. Гэтэл дундрашгүй генетик нөөц болох малын гаралтай түүхий эдээ нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортын тэр тусмаа хязгаарлагдмал, өрсөлдөөн их, үнэлгээ өндөр зах зээлүүдэд гаргах анхдагч өгөгдөл бидэнд байгаа ч  яагаад бид эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Үүний бодитой жишээ нь дээрх гурван шат дамжлагыг хэрэгжүүлэх гэхээр төрийн бодлогыг тодорхой цаг хугацаатайгаар эрх мэдлийг нь хэрэгжүүлэгч хүмүүс уг асуудлаа ойлгож, өөрсдийн эрсдлийг гаргаад хүсэвч, эс хүсэвч хийх зайлшгүй гурван процессыг хамтад нь хэрэгжүүлэхгүй, аль нэг нь нөгөөтэйгөө өрсөлдөнө гэж буруу хараад байна. Түүхий эдээ таваар болгож үйлдвэрлэлд оруулахад олон нийтийн буюу нийт малчдын идэвхи сонирхлыг өдөөх олон нийт, хувийн хэвшлийн зах зээлийн харилцаа хэрэгтэй.  Үүнийг нь халамжаар биш хөдөлмөрлөсөн нь урамшдаг, хүртдэг төрийн оролцооны хамтрал түүхий эдийн салбарт хэрэгтэй байна. Түүнчлэн гадаад худалдааны тарифын нөхцлүүдээ олон улсын худалдааны байгууллагын гишүүн орны хувьд олон улсын дүрэм журмаар таатай байдлаар тохиролцох асуудал чухал байна. Энэ асуудлыг манай салбарт сайдаар томилогдоод байгаа Х.Болорчулуун гишүүн сайн мэднэ. Цаашид дээр дурьдсан гурван гол бодлогыг төр хувийн хэвшлийн үр ашигтай бодлогыг тодорхой болгож, хамгийн их ажлын байрыг бий болгох малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингээж, экспортод гаргаж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх том бодлогыг “Дарханы арьс ширний цогцолбор” хэрэгжүүлнэ.  Энэ нь  том эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн эхлэлийг тавьж, аж үйлдвэрийн салбар хөгжиж чадахгүй байгаа энэ чөтгөрийн тойргоос гарах эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.
 

 “Зууны мэдэээ” сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.