''Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье'' сарын аян 9 сарын 2-ноос эхэллээ

Галлагааны улирал эхлэж байгаатай холбогдуулан зуух, пийшингийн битүүмжлэл алдагдах, бөглөрөл үүсэх, яндангийн хүхээгийн хаалтыг хаасан зэргээс үүдэн иргэд угаарын хийн хордлогод өртөх эрсдэл нэмэгдэх, эрүүл мэнд амь нас хохирох хүртэл эрсдэл үүсдэг.

Үүний сацуу гэр байшингийнхаа дулаалгыг бүрэн хийж, битүүмжлэл хангаагүйгээс галлагаа ихсэж, орчны бохирдол нэмэгдэх, нийгмийн эрүүл мэндийн өвчлөл нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Эрчим Хүчний Яам, ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн Алба, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Таван Толгой Түлш компани, Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний Төв зэрэг холбогдох байгуулагуудын хамтарсан  агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх  “Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье” аяныг өнөөдрөөс эхлэн 1 сарын хугацаатай зохион байгуулж байна.

Аяны хүрээнд:

  • Гэр хорооллын айл өрхүүд яндангийн хөө тортгийг тогтмол цэвэрлэх дадлыг бий болгох, агаар бохирдуулагч хий болон нарийн ширхэгт тоосонцоруудыг бууруулах сургалтуудыг тогтмол зохион байгуулах, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх
  • Тээврийн хэрэгслийн янданд утаа шүүлтүүр суурилуулах, шаардлага хангасан хөдөлгүүрийн тос, байгалийн гаралтай шаталт дэмжих нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх талаар мэдээлэл хүргэх
  • Дотоод орчны угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, янданг хэрхэн зөв хөөлөх, галагааны арга ажиллагааны талаар зааварчилгаа өгөх, гэр байшингийн битүүмжлэлийг хангах талаар гарын авлагa зөвлөмжүүдийг түгээн дэлгэрүүлэх
  • Угаар мэдрэгч айл өрхүүдэд суурилуулан, тогтмол ажиллагааг ханган, эмзэг бүлгийн айл өрхүүдийн ханан пийшинг хөөлөх, зөвлөмж мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран шуурхай алба байгуулан, хэрэгжилтийг ханган ажиллах юм.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Тавантолгой түлш ХХК өнөөдрийн байдлаар 91.650 тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэн нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд нөөцлөөд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй мянган тонноор илүү байгаа юм.


 

2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөэжээ. Үүнээс эхний ээлжинд өнгөрсөн онд үйл ажиллагаагаа 100 хувь дүгнүүлсэн 423 цэгтэй хамтран ажиллах гэрээгээ сунган, энэ сарын 15-наас борлуулалтаа эхлүүлнэ. Харин үлдсэн 247 цэгийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга н.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулж, 10 сарын 1 гэхэд 650 цэгийг бүрэн ажиллуулахаар төлөвлөж байна.

Энэ жилээс эхлэн Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд хамрагдаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсонтой холбоотой тус дүүргийн 7800 өрхөд борлуулалтын 28 цэгээр түлш худалдаалах ажлыг зохион байгуулна.

Өнөөдрийн байдлаар Баруун бүсийн үйлдвэр зургаан шугам тогтмол ажиллаж, нөөц бүрдүүлэлт хийж байгаа бол гурван шугамын засвар үйлчилгээг хийж, ажиллуулахад бэлэн болгоод байна. Зүүн бүсийн үйлдвэрт хоёр шугам тогтмол ажиллаж байна.

Түлшний түүхий эд болох мидлингийн нөөц 185.000 мянган тонн байна.

Бусдад түгээх
  • gplus