Т.Даваажаргал: Мөрөөдөл, зорилгодоо хүрэх нь хүнийг аз жаргалтай болгож, амжилт түүнийг дагаж ирдэг гэж ойлгодог

“Онцгой мэдээ” сонины “Аврагчийн хөрөг” булангийн энэ удаагийн дугаарт Дархан-уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Т.Даваажаргалыг урьлаа. Анх Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжих үетэй зэрэгцэн үүрэг гүйцэтгэхээр албаныхаа босгоор алхаж байсан түүний мөрөөдөл эргэлт буцалтгүй энд орших зам мөрийг нь заасан байна. Дуу хөгжимд дуртай, бүжиглэх авьяастай түүний ерmөнцийг уншигч танд дэлгэе.

– Өчигдөрхөн мэт боловч 18 жил “аялал” хийчихсэн байна. Эхлэл юунаас улбаатай вэ?

            Юуны өмнө “Онцгой мэдээ” сонины уншигч, онцгой залуустаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би 1988 онд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд төрж өссөн. Эхээс есүүлээ. 3 ах 2 эгч, 3 дүүтэй. Айлын дундах нь. Бага насаа Дулаанханыхаа өвөрт аав, ээжийн хамт өнгөрүүлсэн. Багадаа байнга л Ерөө голын эрэг дээр очдог, тоглодог, сэлдэг байлаа. Энэ маань ч усчин аврагч болоход нөлөөлсөн байх. Тухайн үед /2004 онд/ галын байгууллагад алба хаагч шалгаруулж авна гэх мэдээллийн дагуу очиж өөрийгөө сорьж үзсэн. Өөрийн үеийн 20 орчим залуустай шалгалт өгөөд тэнцсэн дөрвөн залуугийн нэг би. Багаасаа хүн авардаг хүн болно, бусдад тусална гэж боддог байсан мөрөөдлөө биелүүлсэн. 2004 онд аймгийн Гамшгаас хамгаалах хэлтэст анхны усчин-аврагчаар томилогдож байлаа. Анхны дуудлага айдас, сандралтай байсан учраас санаанаас гардаггүй юм. Одоо бодоход амьдралын сайхан, муухайг ялгаж амжилгүй хүний амь аварна гээд ус руу 18 настай хүү орж байж. Хамт олноосоо сурсан, албандаа дадлагажиж суралцсан, сэтгэлзүйн бэлтгэлтэй болсноор дараа дараагийн дуудлагад сандрал багасаж илүү сайн ажиллах юм байна гэдгийг ойлгож, ихээр шамдах болсон.

-Үер, ус, гал түймэр, зам тээврийн осол, өндрөөс аврах ажиллагаа гээд л бүх төрлийн дуудлагад үүрэг гүйцэтгэж байсан байх. Аврагч хүнд л байх чадвар шүү дээ?

Шинийг сурах, өөрийгөө өөрчлөх, хүнд туслах чин хүсэлдээ хөтлөгдөн аврагч-усчин, аврагч-гал сөнөөгч, гал унтраах автомашины жолоочийн үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд албаны автомашин техник, тоног төхөөрөмж шинэчлэгдэн сайжирч байгаа. 2006 оноос аврагч гал сөнөөгчөөр 13 жил ажиллаад, 2019 оноос Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангид гал унтраах автомашины жолоочоор томилогдсон. Дуудлага бүр л онцлогтой. Тэр дундаа Дархан-Уул аймгийн хувьд катлон буюу хиймэл нууртай. Гүний уснаас аврах ажиллагааны дуудлага их ирнэ. Нэг удаа катлонд гурван иргэн живсэн дуудлагаар ажилласан. Эрлийн ажиллагаа бараг 20 хоног үргэлжилсэн. Гэр бүлд нь олоод өгчих юмсан гэсэн сэтгэлээр цуцалтгүй ажиллаж, буцалтгүй нэрвэгдэгчийг олж холбогдох байгууллагад хүлээлгэж өгч байлаа.

-Ажлынхаа хажуугаар амжуулдаг олон ч хоббитой гэж сонссон. Үүний нэг нь бүжиглэх байх аа?

  Тийм. Ер нь бол зүгээр суух дургүй. Зав гарвал хоббигоо хөгжүүлнэ, тэмцээн, уралдаанд оролцоно. Хүүхэд байхын дуулах, бүжиглэх дуртай байсан. Дулаанхаан тосгон найман жилийн сургуультай. Сургуулийн урлагийн үзлэгт байнга л орно. Дуулахдаа дуулна, бүжиглэ гэвэл бүжиглэнэ. Нийгмийн идэвх сайтай байсан. Сумын бүжгэнд аргалж байгаад л орчихдог хүүхэд байлаа шүү дээ./инээв/ Хүний дуртай зүйл, сонирхол хобби гэдэг завгүй байсан ч түүндээ хүрэх тэмүүллийг бий болгодог. Албаны хэмжээнд урлаг, уран сайхны ямар л арга хэмжээ болно бүгдэд нь оролцоно.  2017 онд манай аймагт зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл гээд шөнийн 04 цаг хүртэл урлагийн номер, дуу бүжгээ бэлдэж байсан жишээтэй. Сүүлийн жилүүдэд аймагт бүжгийн клубууд нээгдээд гишүүнээр элсээд зав л гарвал клуб руугаа очдог болсон шүү.

-Хүнд бүтээлч байлгадаг, мөнгө олдог, эрүүл байлгадаг 3 хоббитой байх хэрэгтэй гэдэг. Таны хувьд бүтээлч, эрүүл байлгадаг хобби нь бүжиг юм шиг байна..?

Эрүүл байхын эхлэл нь дасгал, хөдөлгөөн шүү дээ. Бүжиг бол бурханаас илгээсэн бэлэг, залуужих эм. Эрүүл хүн бүтээлч, эрч хүчтэй байдаг. Анх 2020 онд найзуудаасаа бүжгийн клуб нээгдсэн байна гэдгийг сонсоод олон жил тасраад байсан хоббиндоо хөтлөгдөн очсон. Одоо цагт ч нийтийн цэнгээнт бүжиг хөгжиж байна. Залуучууд гэлтгүй хөгшчүүд ч нийтийн бүжгийг сонирхон очдог болсон байна. Миний хувьд одоогоор фокстрат, уран вальс, гурван тамирын уянга, задгай цагаан, хүмүүн төрөлхтөн, танго, тусмен гээд л  10 гаруй бүжгийг бүжиж байна даа.

Хамгийн түгээмэл бас сонирхолтой бүжиг нь фокстрат бүжиг. Гоё мэдрэмж төрүүлдэг шүү. Залуучууд ч бас энэ бүжигт их дуртай байгаа нь анзаарагддаг.

-Энэ олон бүжиг эзэмшиж, сурсанаа тэмцээн, уралдаанд оролцож сорьж байна уу?

Гэр бүлийн хүн маань намайг бүжигт сонирхолтойг эртнээс мэднэ л дээ. Гэхдээ анхныхаа тэмцээндээ хэлэлгүй ороод тусгай байрт шалгарчихдаг юм байна. Нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээн байсан. Баярт мэдээгээ хамгийн түрүүнд эхнэртээ дуулгамаар байдаг нэг л эвлэдэггүй. Мэдээж гэр бүлийн хүн маань баярласан. Ковид гээд ажил ихтэй, гэр бүлдээ ч зарцуулах цаггүй байж яаж амжуулсан юм л гэсэн. Одоо бодоход хөгжилтэй дурсамж байгаа биз. Цаашдаа улам их амжилт гаргахыг хичээж, өөрийгөө сорьсон тэмцээнүүдэд хамрагдаж орох сонирхолтой байгаа.

-Бүх л зүйлд таныг дэмждэг, урамшуулдаг, хамгаалдаг хүмүүс бол гэр бүлийнхэн шүү дээ?

Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.Манай эхнэрийг Б.Баттөгс гэдэг. 1985 онд Хөвсгөл аймагт төрсөн.  2009 онд Дарханд танилцаж, гэр бүл болж байлаа. Миний ажил мэргэжлийг ойлгож, тусалдаг маш сайн зөвлөгч туслагч минь. Ханьдаа үргэлж талархаж явдаг даа.

-Аз жаргал, амжилтын үндсийг юу гэж хардаг бол?

Мөрөөдөл, зорилгодоо хүрэх нь хүнийг аз жаргалтай болгож, амжилт түүнийг дагаж ирдэг гэж ойлгодог.  Гэр бүл, ажлын хамт олон гээд олон хүний дэмжлэгээр л зорьсон бүхнээ биелүүлж байна.  Дэмждэг, итгэдэг бас хайрладаг гэр бүл, сайхан хамт олон хүнийг бас л аз жаргалтай болгодог. Сайн, сайхан зүйлд тэмүүлж явахад амжилт үргэлж дэргэд байдаг гэж боддог.

-Сайхан үг бусдаас сонсвол тэр өдөртөө магадгүй сардаа эрч хүчээр дүүрэн явдаг. Таныг эрчилдэг, хурцалдаг тэр үг юу бол…?

Сайн явах санааных гэдэг үгийг  их бодож, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Хэн нэгэн хүнд сэтгэлийг нь дэмжих оновчтой үг хэлэхэд өөрт болоод нөгөө хүндээ хичнээн сайхан харилцааг бий болгодог вэ гэдгийг анзаардаг л байх. Хүн хүсэл мөрөөдөлтэй түүндээ хүрэх зорилгынхоо төлөө хөдөлмөрлөдөг шүү дээ. Залуу үеэ түүчээлэн зааж сургаж, ахмад үеэсээ суралцаж, сэтгэл хангалуун байх нь хамгаас чухал эрхэм зүйл гэж бодож явдаг даа. Сайхан бодол зөв замд хүргэнэ гэж үр хүүхдүүддээ хэлэх дуртай.

-Таны цаашдын мөрөөдлөөр ярилцлагаа өндөрлөе?

Цаг хугацаа улиран одож цэргийн байнгын тэтгэвэрт гарна. Гавьяаныхаа амралтад гарсныхаа дараа гэрэлт ирээдүйг залуустаа олгох сайхан бүжгийн клубтэй болж өөрөө багшилна гэж боддог. Тэр зорилгодоо хүрэхийн тулд өөртөө цаг зав гаргаж, бүжгийн бэлтгэлээ хийж, тэмцээн уралдаанд оролцохыг хичээж байна. Энэ дашрамд үргэлж дэмжиж, тусалж, итгэл урам зориг хайрлаж байдаг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд, алба хаагчдадаа болон зааж сургаж төлөвшүүлсэн ахмад ажилтнууддаа талархаж явдгаа илэрхийлье. Мөрдэс нэгт алба хаагчдадаа аз жаргал, эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье.

Ариун тангарагийн эзэд, Аврагчдын алдар бадартугай.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.