УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж, Ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай сонсов

Намрын чуулган ирэх аравдугаар сарын 15-нд хуралдах хуулийн хугацаатай.  Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг товлон зарласан билээ.  Ийнхүү өчигдөр парламентын ээлжит бус чуулганы хуралдаан нээлтээ хийж, улс төрийн “цаг агаар” нэлээд халах төлөвтэй болж байна. 

Ээлжит бус чуулганаар яригдах нэг чухал  асуудал нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт.  Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас “Засгийн газрын гишүүний дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Тэгэхээр парламент дээрх заалтын хүрээнд шийдвэрээ гаргаж, улмаар Засгийн газрын бүтэцэд өөрчлөлт орох асуудал яригдах учиртай.

Г.Занданшатар: “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар өөрчлөлтийг хэлэлцэнэ

Парламентын ээлжит бус чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн илтгэлийг гишүүдэд хаалттай горимоор хэлэлцүүлсэн байна.  Парламентын спикер нээж хэлсэн үгэндээ “Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэц дүгнэж, хүчингүй болгох шийдвэр гаргасан нь ноцтой үр дагавар үүсгэж болох томоохон алдаа бөгөөд Цэц Үндсэн хуулиас бусад хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх эрхтэй болохоос Үндсэн хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох эрх байхгүй.  Гэвч  нөгөө талаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх тул Улсын Их Хуралд хянан хэлэлцэх боломж Үндсэн хуулиар байхгүй, ийм эрх олгогдоогүй. Тиймээс үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар эрхэм гишүүд оюун ухаанаа дайчилж, олон нийт, эрдэмтэн судлаачидтайгаа зөвшилцөж, нухацтай хандах шаардлагатай боллоо. Бидний гаргах шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд, төр, ард түмний эрх ашигт бүрнээ нийцсэн байх ёстой. Улсын Их Хурал, Цэц, ер нь аливаа иргэн, байгууллагын бүхий л үйл ажиллагаа, шийдвэр Үндсэн хуулийг даган мөрдөж, сахин хамгаалах зарчмыг баримталж байх нь төр ард түмний туйлын эрх ашигт нийцнэ.  Үүнтэй холбоотойгоор парламентын гишүүдийн тоо, гүйцэтгэх засаглалын чадамж, засаглалын хяналт тэнцэл, парламентын ардчиллыг төлөвшүүлэхтэй холбоотой Үндсэн хуулийн хэрэгжилтийн үнэлгээ судалгаа хийх асуудлыг Үндэсний зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулах замаар, “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлага гарч байна гэж үзэж байна” гэжээ.

МАН: Цэц шийдвэрээ гаргасан учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийнг ярихаас өөр аргагүй

Ийнхүү нэгдсэн хуралдаан өндөрлөж, намын бүлгүүд хаалттай горимоор хуралдсан.  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нэгэнт Үндсэн хуулийн Цэц эцсийн хувилбараар шийдвэр гаргасан учраас УИХ түүнийг хянах, авч хэлэлцэх эрхгүй. Гэхдээ үүнтэй холбогдуулан цаашдын эрх зүйн орчин яаж явах вэ гэдэг асуудлыг ярихаас өөр аргагүй учраас МАН-ын бүлэг хэлэлцэж байгаа юм. Нөгөө талаар Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэртэй холбогдуулан Үндсэн хууль тогтоогчид буюу 1992 оны Үндсэн хуулийг баталсан депутатууд, нийгмийн зарим бүлгүүдээс тодорхой хэмжээний шүүмжлэлүүд гарч байгаа юм. Энэ асуудлыг аль аль талаас нь бүлэг ярилцсан. МАН-ын бүлгээс хоёр чиглэлээр шийд гаргаж байна. Нэгдүгээрт, хэдий эцсийн шийдвэр ч гэсэн тайлбар, тодруулга авах хэрэгтэй гэж үзсэн. Тийм учраас УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд тодорхой тайлбар, тодруулга хүссэн бичиг явуулсан. Цэц бүрэн эрхийн хүрээнд асуудалд хандах болов уу гэж найдаж байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт нөлөөлөх гэсэн хэлбэр биш. Гэхдээ нухацтай авч үзэх ёстой. Нэгэнт эцсийн шийдвэр учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярихаас өөр аргагүй. Зарим нэг хүний яриад байгаа шиг шууд Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулаад явж болохгүй гэж үзэж байна” гэлээ.

АН-ын бүлэг зургаан хүний бүрэлдэхүүнтэй хуралджээ

Түүнчлэн Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн асуудлыг хаалттай хэлэлцсэн байна.   Энэ удаагийн бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ш.Адьшаа, Д.Ганбат, С.Одонтуяа, Н.Ганибал, А.Адьяасүрэн нар оролцжээ.

“ХҮН сайдын суудал горилдог хямдхан нам биш”

УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийж, ХҮН-ын байр суурийн илэрхийллээ.  Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хуулийнхаа дагуу хийе.  Энэ тав хоногийн хугацаанд  цаашид Ардчилсан Монгол улс байх уу, үгүй юу гэдгийг хэлэлцэж, шийдвэрлэх гэж байна. Тиймээс МАН болон АН-ын бүлэг хуралдаж, зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.  Зарим улс төрийн намууд эрх баригчдын өмнөөс захиалга биелүүлдэг боллоо гэцгээж байна. Өнөөдрийн хүртэл АН-д хүлээцтэй хандсан. Гэтэл АН-ынхан зөвхөн ХҮН-ыг муулдаг нам боллоо. Сөрөг хүчнийхээ ажлыг хий. Бид ардчилсан парламент байгуулахын төлөө энэ өөрчлөлтийг хөндөж байна. Камер харахаараа шүүмжилдэгээ боль. Тун удахгүй хэн нь Ардчиллын төлөө, хэн нь албан тушаалын төлөө вэ гэдэг нь харагдана. Хэрэв надад сайд болох санал ирвэл би татгалзана. Битгий санаа зов. Хямдхан улс төр хийдэг улстөрийн нам бол ХҮН  биш гэлээ.
 

“Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.