Зөн: Бид энд байна

...Даяаршсан, технологижсон, шинэ шинэ үзэгдэл, урсгал, бараа бүтээгдэхүүний асар том давалгаанд түрэгдэн буй орчин цагт бид үндэстнийхээ хувьд дархлаагаа хадгалж, зөн, мэдрэхүйгээ сэрээх нь чухал хэвээр. Биднийг бүтээсэн, цаашид хэн байхыг тодорхойлох ахуй, соёл, уламжлалыг тээн үлдэхийг сануулах философи, бэлгэдэл шингээсэн бүтээлүүдээ зураач М.Ган-Очир ХААН галерейд дэлгэжээ.

Зөн совин буюу “INTUITION” хэмээх энэ үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүддээ тэрбээр монголчуудын язгуур шинжийг илэрхийлэх, ахуй, эдлэл хэрэглэлд түгээмэл хэрэглэгддэг хээ угалзаар үндэсний урлаг, ардын дууны элементүүдийг зүйрлүүлэн дүрсэлсэн аж. Нүсэр биш, абстракт, гүн агуулга бүхий  эдгээр бүтээлээс “Зөн” өрөг урлагийн бүтээл нь эрхгүй анхаарал татна. Цэлмэг тэнгэрт дүүлэн нисэх мэт сэтгэгдэл төрүүлэх уг бүтээлээ тэр нимгэн торго, торон дээр хөх цэнхэр өнгийг түлхүү ашиглан абстракт зураг зуран туурвижээ. 

2022 оны 8-р сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх  “INTUITION” үзэсгэлэнд саатахыг хүсвэл та ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейг зориорой. 




 
Бусдад түгээх
  • gplus