Японд ёс суртахуун, Монголд улстөрийн тохиролцоо
Нэгэнтээ УИХ-ын дарга “Япон лугаа хөгжье” гэж хэлсэн. Тэгвэл Монголын улстөрчид ядаж Японы улстөрчид лугаа ёс суртахуунтай болмоор байна.
 
Учир нь тус улсын Ерөнхий сайд Кишида Фумио Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт хийчихлээ. Сүүлийн үед Японд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, гадаад харилцааны хүндрэл, Ерөнхий сайд агсан Шинзо Абегийн аллага гэх мэт олон асуудал иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон. Тиймээс Засгийн газрын зүгээс бүтцийн өөрчлөлтийг нэн яаралтай хийж, эдийн засагт шаардлагатай чухал алхмуудыг хийх ёстой гэж үзэн, шинэ кабинет байгууллаа.
 
Тэгвэл манай улсад юу болж байна вэ.
 
Үнийн өсөлт үргэлжилсээр, бүтээн байгуулалтын ажлууд гацсаар, дарга нар нь наадам, цэнгүүнд уригдаж, эргүүлдсээр...Иргэдийн бухимдал улам бүр гаарсаар байна.
 
Уг нь өнгөрсөн жилээс шахам л Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдаж, Ажлын хэсгүүд ч байгуулагдсан. УИХ үүнийгээ хийхийн тулд ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах талаар чих дэлсэж буй.
 
Гэвч үүнээс урьтаж Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орно гэдэг мэдээллийг түгээж эхлээд байна. Ингэхдээ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй хэдэн нөхрийг “зайлуулна” гэж байгаа ч энэ нь таамаг төдийхөн.
 
Хэрвээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын болон УИХ-ын гишүүдтэйгээ тохиролцохгүй ээ гээд гэдийчихвэл Засгийн газар одоогийнхоороо л явна.
 
Харин тохироо хийж, УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэн, “давхар дээл”-тийн тоо, тэнд хэн байх тухайгаа хэлэлцэн, тохирчихвол УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ сарын 25-наас ээлжит бус хуралдааныг зарлахыг дэмжчихна.
 
Хэрвээ монголын улстөрчид иргэдээ боддог, ёс сурахуунтай байсан бол хил гааль, түүнээс шалтгаалсан шатахуун, бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтоон барьж дийлээгүй, Дарханы замаа ч барьж чадахгүй байгаа Засгийн газартай аль хэдийн хариуцлага тооцох, эс бөгөөс сайдууд өөрсдөө ухамсарлаад огцорчих хугацаа байсан. Заавал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүлээх шаардлагагүй.
 
Харамсалтай нь тэдэнд өөрсдийн ухамсар, ёс суртахуунаараа огцрох гэдэг ойлголт байхгүй. Яг үүнтэй адил монголчууд хэзээ ч Япон лугаа хөгжихөөсөө өнгөрсөн гэсэн үг.
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.