Аюулгүйн зөвлөл дээр нүүрсний хэргийг ярьжээ

Аюулгүйн зөвлөл уржигдар хуралдсан. Хөршүүдэд болж буй үйл явдлуудтай холбогдуулан мэдээлэл сонсчээ. Улмаар Монгол Улсын баримтлах байр суурийг ярилцжээ. 

Мөн удаан хугацаанд “царцсан”төслүүдийн буруутай этгээдүүдийг олж тогтоох, түүнээс болж алдагдсан боломж, гаргасан өртөг зардлыг тэдгээр нөхдөөр нөхөн төлүүлэх чиглэл барьж ажиллаж байгааг Засгийн газраас танилцуулсан байна. Ийм танилцуулгыг Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнууд, хууль хяналтын байгууллагын удирдлагууд хийжээ. 


Өмнөх долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаан дээр Дарханы замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутэй эсэхийг шалгаж тогтоох, Зүүнбаянгийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн яам, АТГ, ЦЕГ-т Ерөнхий сайд үүрэг болгосон. 


Ер нь бол Зүүнбаянгийн төмөр замын асуудал гэдэг явсаар сүүлийн үед яригдаад байгаа нүүрсний хэрэгтэй холбогдоно. “...Нүүрсний хэрэгт маш олон албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээдүүд холбогдож гарч ирнэ” гээд байгаа юм. Гэвч хууль хяналтын байгууллагууд нүүрсний хэрэг, төмөр замуудын удааширсан асуудлыг шалгахад хамгийн түрүүнд “...Бүтээн байгуулалтын зардал нь улсын нууц” гэсэн саадтай тулна. Уг нь Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны 135 тоот тогтоолоор Зүүнбаянгийн төмөр замын төслийн ТЭЗҮ-д тулгуурлан шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Ингэхдээ нэг удаагийн, хүүгүй, 20 жилийн хугацаатай, 750 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нэрлэгдсэн үнээр, хаалттай худалдах зөвшөөрлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсөн байдаг. Энэ зардал ямар шалтгаанаар улсын нууцад орсон тухай өнөөдрийг хүртэл хэн ч ам нээж байсангүй.  Нөгөө “...Шаварт унасан шарын эзэн” гэдэг шиг Зам тээврийн сайд Л.Халтар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2020 оны арванхоёрдугаар сард болсон хуралдаан дээр энэ талаар нэгэн гишүүний асуултад “...Зүүнбаянгийн төмөр зам яагаад төрийн нууцад орсон талаар би танд өгье. Нийтийн өмнө яриад байж болохгүй байна.  Зүүнбаянгийн төмөр замын оператор хэн байх вэ гэдэг зөвлөмжийг Аюулгүйн зөвлөлөөс гаргасан. Энэ зөвлөмжид маш тодорхой гарсан. Гэхдээ нууцаар гарсан учраас нийтийн өмнө хэлэх боломжгүй байна. Бичгээр танд хүргүүлье” гэж байв. Ямартай ч “Монголын төмар зам” ТӨХК-ийн өнгөрсөн жилийн тайланд “... 2019-2020 онд нийт 298 гэрээ байгуулснаас Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой 211 гэрээ дуусгавар болж, гэрээг дүгнэх ажил хийгдэж байна” гэсэн байна. Иймэрхүү ээдрээтэй бүтээн байгуулалт болох Зүүнбаянгийн төмөр замын зардлыг Аюулгүйн зөвлөлийн энэ хурлын үеэр улсын нууцаас гаргах талаар ч хөндөгдсөн байж магадгүй гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

 

 "Зууны мэдээ" сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-08-03 03:09:28
    төмөр зам барихад улсын нууц болоод байх даа яахав дээ худлаа идэх л арга биез дээ
  • ХУУЛЬЧ  2022-08-03 02:38:47
    ШАЛГААД НЭГ ТАЛДАА ГАРАХ ОНОВЧТОЙ ЗҮЙЛ ШҮҮ ДЭЭ ,,ТЭГЖ БАЙЖ ЭНЭ УЛС ТӨРЖИЛТ ДУУСАНА ШҮҮ ,,, ЮМАНД ХЭМЖЭЭ ХЯЗГААР БАЙДГЫГ ХҮН БҮР ОЙЛГОНО ДОО