Батлан хамгаалахын гол концевц нь улстөр, дипломатын харилцаанд тогтдог
Өчигдөр өглөө Шийдлийн Засгийн газрын сайд нарыг томилох УИХ-ын нэгдсэн чуулган сурсан зангаараа товлосон цагаасаа цаг орчим хоцорч эхэлсэн. УИХ-ын гишүүд танхимын үүдээр эргэлдэж, гарч орцгоох зуур “Шударга ёс” эвслийн бүлгээс Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Цолмонтой уулзаж ярилцав. УИХ-ын тулхтай гишүүдийн нэгэнд тооцогддог Ц.Цолмонгийн хувьд Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, Намын дээд сургууль, Москвагийн Дипломатын академи тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цолтой нэгэн билээ.

-“Шударга ёс” эвслийн бүлгээс гурван сайд нэр дэвшээд явж байгаа. Уг нь 2012 онд байгуулсан АН, “Шударга ёс “эвслийн хамтран ажиллах гэрээ ёсоор дөрвөн сайдын квоттой байх ёстой биш үү. Нэг ёсондоо МАН засагт орж ирснээр та бүхэн нэг сайдын суудлаа дээрэмдүүлчихлээ. Та энэ талаар ямар бодолтой явна?

-Үгүй яах вэ дээ. Олон нам, эвсэл нийлж их эвслийн Засгийн газар байгуулагдаж байгаа болохоор АН, “Шударга ёс” эвслийн хамтран ажиллах тухай 2012 оны гэрээнд заагдсанаас нэг суудлаар дутуу сайдтай ажиллахаар болж байна. Олон хоног зөвшилцсөнийг та бүхэн мэдэж байгаа. Одоо өнгөрч байгаа цаг мөч болгон Монгол Улсад үнэтэй байна. Засгийн газрын өмнө маш яаралтай шийдвэл зохих олон бэрхшээл шийдлээ хүлээгээд байж байгаа. Ямар нөхцөл байдалд, яагаад их эвлэрлийн Засгийн газар байгуулагдаж байгааг манай иргэд сайтар ойлгох хэрэгтэй. Зүгээр нэг сандал, ширээ эзэгнэх үүднээс хамтарч Засгийн газар байгуулагдаж байгаа юм биш. Бид удтал зөвшилцсөний эцэст 10, зургаа, гурав гэсэн бүтэц дээр тохиролцоод одоо гишүүдийг нь УИХ-аар хэлэлцэх гэж байна.

-“Шударга ёс” эвслийн гишүүдийн дунд бас нэгэн МАНАН-гийн Засгийн газар үүсч байна гэж эсэргүүцэж байгаа тодорхой хүмүүс бий. Тэр ч үүднээс Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрах шаардлагагүй гэж эсэргүүцсээр байгаа. Та журмын нөхдийнхөө тэрхүү эсэргүүцлийг хэрхэн ойлгож, дүгнэж байгаа вэ?

-Ер нь бол Монголын нийгэмд тодорхой хэмжээний болгоомжлол байгаа учраас “Шударга ёс” эвслийн зарим гишүүд Засгийн газарт хамтрах шаардлагагүй гэдэг байр суурин дээр хатуу зогссоор байгаа. Ард түмний төлөөлөл болон УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэр гишүүдийн болгоомжлол, эсэргүүцлийг би сайтар ойлгож байгаа. Урьд бид МАНАН үүсчихээд ажлаа хийхгүй, бялуу хуваалт л явагдаад байна гэж шүүмжилж л байсан. Ажил хийхээсээ илүү албан тушаал хөөцөлдөж, тэр хэрээр хөрөнгө мөнгө шамшигдуулж байсан юмнууд байсан учраас л тодорхой гишүүд хамтарсан Засгийн газрыг шүүмжилж байгаа нь хэвийн эрүүл үзэгдэл.

Гэхдээ бүх зүйлийг харлуулахын тулд, бүхнийг үгүйсгэхийн тулд байнга л шүүмжлээд байх нь асуудлыг бодитойгоор шийдэх арга зам биш. Жишээ нь Н.Алтанхуягийн Засгийн газар хоёр жил хагасын хугацаанд зам, барилга, хөдөө орон нутагт ямархуу том бүтээн байгуулалт өрнүүлж, өнгөрсөн хорин хэдэн жилд хийгээгүй ажлыг амжууллаа шүү дээ. Хамгийн наад захын баримт хэлэхэд зүүн аймгуудыг холбосон ямар сайхан засмал замтай болов. Жишиг сумдыг хар. Энэ бүхнийг хэлээд байгаа учир нь “Шударга ёс “эвсэл Засгийн газарт хамтарсан тулдаа хий хоосон магтаад байгаа юм биш. Бүхний нүдэнд илт харагдаж байгаа бодитой хийсэн, бүтээсэн ажлыг л ярьж байна.

Яг энэ зарчим хадгалагдаж их бүтээн байгуулалт өрнүүлэхэд хэн хэндээ хориг саад тавихгүй хамтраад Монгол Улсын өмнө тулгамдсан асуудлуудаа шийдээд явъя гэсэн үүднээс л энэ Засгийн газар байгуулагдах гэж байна. Ийм ч байр суурины үүднээс бид хамтарч байгаа. Энэ ерөнхий зарчим хадгалагдаж л байх юм бол бид бүх асуудлыг дэмжээд л цаашаа явна. Харин зүгээр хэтэрхий намын эрх ашгийг урьтал болгож, алдаатай албан тушаалын томилгоо хийж хөрөнгө мөнгө хяналтгүй, хууль бусаар хуваарилаад эхэлбэл бид дотроос нь харж байгаагийн хувьд эсэргүүцэж, засч залруулаад явна.

-“Шударга ёс” эвслийн хувьд өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нараа ямар шалтгааны улмаас өөрчилсөн юм бэ. Зайлшгүй өөрчлөх алдаа дутагдал гаргасан юм уу, аль эсвэл одоо өөр хэн нэгнийг албан тушаалтай болгож, хөрөнгө мөнгө атгуулах цаг болсон гэж үзсэн хэрэг үү?

-За яах вэ дээ, урьд нь ч олон Засгийн газар солигдсон шүү дээ. Өмнөх Засгийн газрын хувьд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаа тууштай хамгаалж чадаагүйгээс л огцорсон л доо. Нэгэнт өмнөх Ерөнхий сайд огцорсон болохоор дараагийн хүн нь өөрийнхөө гар нийлэн ажиллаж чадах болов уу гэсэн шинэ бүтцээр ажиллахыг хүсч таарна. Тэгээд ч аливаа улстөрийн намд бэлтгэгдсэн боловсон хүчин хангалттай байгаа болохоор дандаа л хоёр гурван хүнийг эргүүлэн тавиад байя гэж бодохгүй шүү дээ.

Сэлбэж, өөрчилж, шинэчилж байж шинэлэг зоримог санаа, шийдэл гарч тэр хэрээр улс орны амьдралд ч тус нэмэр үзүүлнэ. Энэ зарчмыг ч шинэ сайдуудын томилгоон дээр сонголт хийсэн бүх намуудын үйл ажиллагаанаас тодорхой харагдаж байна. Манай бүлгийн хувьд урьд нь ажиллаж байсан сайд нар ч “Одоо шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллах ёстой” гэж үзсэний үндсэн дээр өнөөдрийн нэр дэвшигчдийн асуудал шийдэгдсэн. Сайд нарын нэр дэвшүүлэлтийн хувьд эвслийн бүлэг дээр ямар нэгэн зөрчил маргаан гараагүй.

-Урьд өмнөх туршлагаас харвал аль нэг яамны сайд солигдохоор хуучин бүтэц бүрэлдэхүүн нь тэр аяараа өөрчлөгдөж, үүнийг дагаад жинхэнэ мэргэшсэн төрийн албан хаагчид улстөрийн намуудын шинэ томилгооны золиос болдог. Хамгийн харамсалтай нь бодлого боловсруулах ёстой яамд боловсон хүчний хувьд үнэхээр маруухан болж, эцсийн дүнд улсын ажил, ард түмэн хохироод үлддэг. Таны хувьд Батлан хамгаалахын сайдаар томилогдвол бас ч халаа сэлгээ хийхгүй гэж хэлэх байх даа?

-Улстөрийн намууд эвсэж, нэгдэн ажиллахдаа хамгийн гол нь төрийн албыг тогтвортой байлгаж, аль болохоор халаа сэлгээний бужигнаан үүсгэхгүй байхыг чухавчлах хэрэгтэй гэж боддог. Тэгээд ч энэ чиглэлээр тодорхой тохиролцоо хийгдсэн байгаа. Харин яг иймэрхүү бужингааны үеэр томилогдож ирсэн ч үндсэн ажлаа хийх мэдлэг, чадвар, туршлага дадлагагүй хүмүүсээр төрийн албаны суудал бөглүүлж улсын ажил цалгардуулж болохгүй гэдэг зарчмыг миний хувьд баримталж ажиллана.

Үнэхээр ажлаа мэддэг, чаддаг дадлага туршлагатай ажилтныг миний л хувьд оролдохгүй. Яах аргагүй тэр албанд тэнцэхгүй байгаа, суудал бөглөөд комьпютер тоглож суугаа хүмүүсийн толгойг илээд байхгүй гэдгээ ч хэлэх ёстой гэж бодож байна. Хамгийн гол нь улстөрийн намуудын шалгуур гэхээсээ илүүтэй төрийн албаны шалгуурыг л урьтал болгоно. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд одоо манай төрийн албаны систем яг зөв гольдрилдоо орох, хуучин алдаа завхралуудаа даруйхан засаад шинэ өнгө төрхтэйгөөр урагшлах түүхэн боломж нээгдэж байгаа гэдгийг хэлье.

-Таны мэргэжлийн аваад үзвэл цахилгааны инженер, дипломатич гэж байгаа. Ер нь өөрийгөө Батлан хамгаалах салбартай аль хэр ойлголцож, ойртож ажиллана гэж бодож байгаа вэ?

-Манай Батлан хамгаалах салбарын гол концевц нь улстөр, дипломатын аргаар улс эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах тогтолцоон дээр тулгуурдаж ирсэн л дээ. Тэрхүү концевцийн хүрээнд гадаад яамны хүний хувьд, дипломат албанд урьд өмнө нь ажиллаж байсны хувьд ч нэлээн ойр дотно гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүнээр сонгогдсноосоо хойш Аюулгүй байдал, нийгмийн бодлогын байнгын хороонд ажилласан.

Байнгын хорооны даргыг ч хийж байсан. Тэр ч утгаар Батлан хамгаалах салбартай ойрхон ажиллаж ирсэн. Ялангуяа бодлого, концевц, стратегийн талын асуудлууд нь миний хувьд илүү ойр дотно юм. Ажлын дадлага, туршлага гэдэг бол аль нэг яам, тамгын газарт зориулагдаад хэвлэчихдэг зүйл биш болохоор өмнө нь ажиллаж байсан Барилга, хот байгуулалтын сайдын ажлын хэмнэл, хүнтэй ажиллах арга эв хэвээрээ л байгаа. Тэр ч үүднээс Батлан хамгаалах салбарыг удирдаад явчих чадвар байгаа гэж бодож байна.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-10 07:57:16
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.238
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-10 07:20:30
    Tani baruun zuun gariin tulguurt ajilladag cergiin humuus murtluu heterhii uls turjij neg negniigee hilain hardag humuus bi shuudee anhaaraldaa avana bizdee
    202.179.11.62
    Мэдэгдсэн Хариулах