Үндэсний спортын зуны VII наадамд 13 төрлөөр 3000 тамирчин өрсөлдөнө

Үндэсний спортын VII наадмын зохион байгуулалтын талаар Биеийн тамир спортын улсын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр БТСУХ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, наадам зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б. Нямсүрэн нар мэдээлэл өгсөн юм.

Энэ зуны Үндэсний спортын VII наадмыг үндэсний бөх, үндэсний сур, хурдан морины уралдаан, шагайн харваа, ширээний шагай, уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч, буриад сурын харваа, урианхай сурын харваа, уламжлалт сурын харваа, морьт сурын харваа, морин дээрх барилдаан, морин өртөө уралдаан, жороо морины уралдаан гэсэн 13 төрлөөр ирэх сарын 10-15 нд “Хүй долоон худаг”-т зохион байгуулахаар товлоод байгаа юм.

Тамирчид “Хүй долоон худаг”-т гурав хоногийн турш байрлана

Хэвлэлийн хурлын үеэр  БТСУХ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга О. Гэрэл “Өвлийн наадмыг спортын хоёр төрлөөр энэ оны эхэнд зохион байгуулаад дууссан. Энэ удаагийн зуны Үндэсний спортын тэмцээнд одоогоор 2700 гаруй тамирчин цахимаар бүртгүүлээд байна. Нэмэгдээд 3000 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна. Монголын үндэсний спортын хороо болон Биеийн тамир спортын улсын хорооны хооронд байгуулсан гэрээний дагуу энэ удаагийн наадмын ерөнхий зохион байгуулалтыг МҮСХ (Үндэсний спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 спортын холбоог нэгтгэсэн мэргэжлийн байгууллага)хариуцаж байна. Мөн тэмцээнд оролцох тамирчид “Хүй долоон худаг”-т гурав хоногийн турш байрлана. Энэ үеэр 15 холбоо, есөн дүүрэг, 21 аймаг бүгд өөрсдийн үйл ажиллагаа, онцлогийг харуулсан гэр барих боломжийг бүрдүүлж өгөн ажиллаж байна. Мөн Монголын Үндэсний баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт орсны дагуу шагайн харваачдын цолны асуудлыг шийдэх ба тухайн спортын холбооны дүрмийг баримтална. Харин тусгайлан шагай харваачдад шинээр цол олгох дүрэм, журам  бидэнд байхгүй” гэж ярилаа.

Аймгуудаас эхний зургаан байр, амжилттай зохион байгуулсан таван спортын холбоо, амжилттай оролцсон  гурван дүүрэг, амжилттай зохион байгуулсан тусгай хүчний байгууллагуудын спортын хороодын нэгдсэн дүнг олимпийн наадамын жишгээр медалийн чанараар эрэмбэлэн, байр эзлүүлж шагнал урамшууллыг олгох юм байна. Наадмын үйл ажиллагааг МҮОНРТ-ээр гурван өдөр орон даяар шууд дамжуулна. 

Засгын газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор баталсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын дагуу энэ онд Үндэсний спортын VII наадмыг зуны спортын 13 төрөл, өвлийн спортын хоёр төрлөөр зохион байгуулж байна.  Зуны спортын төрлүүдийн анхан шатны тэмцээнийг аймаг, дүүргийн зохион байгуулах хороо, Биеийн тамир спортын хороо, спортын салбар хороодтой хамтран 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 20-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулсан юм. Үндэсний спортын наадмын өвөл, зуны төрөлд 8000 гаруй тамирчин, дасгалжуулагч оролцож байна.

Зууны мэдээ сонин
А.Тогтохтөр

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.