Д.Цэцэгсүрэн: Бүжигчин мэргэжил намайг олон зүйлд хөтөлсөн

Эх орныхоо торгон хилийг манах үүрэг өвөртөлсөн хилчдэд урлаг, соёл түгээх үүрэгтэй чухал салбар бол Хилийн цэргийн дуу бүжгийн  чуулга. Энэ байгууллагад бүжигчнээр ажлынхаа гарааг эхэлж, өдгөө Тайз, үйлчилгээний албаны даргаар ажиллаж буй ахмад Д.Цэцэгсүрэнг “Монгол Улсын төлөө” буландаа урьж ярилцлаа.

 

-Таны амьдрал бүжгийн урлагтай хэрхэн холбогдов?

-Миний төрсөн нутаг бол дуу хуурын өлгий  Дундговь аймаг. Би цэцэрлэгт байхдаа л бүжиглэдэг хүүхэд байсан. Аймгийнхаа урлагийн наадам, тэмцээнүүдэд оролцдог байлаа. Гэр бүлд маань урлагийн хүн байхгүй ч намайг үргэлж дэмждэг. аравдугаар анги төгсөх жилээ анагаахын дундад тэнцсэн. Тэр үед ээжтэйгээ ярилцаад  бүжигчин  болохоор шийдсэн. Тэгээд 1996 онд Соёлын дээд сургуулийн  бүжигчний ангид элсэн орж, урлагийн хүн болох замнал маань тавигдсан. Ээж маань аймагтаа номын сангийн эрхлэгчээс эхлээд даргаар 20 гаруй жил ажилласан.

-Мэргэжлийн сургуульд ороод илүү их зүйлийг сурч мэдсэн байх?

-Ардын жүжигчин В.Нанжид багш, Соёлын тэргүүний ажилтан Д.Баянжаргал, Б.Дэлгэрцэцэг багш маань хичээл ордог байсан. Би өмнө нь ардын бүжиг л бүжиглэдэг байсан бол  мэргэжлийн сургуульд суралцсанаар цэнгээнт, түүх, сонгодог гэсэн олон төрлийн бүжгийн арга барил, техникийг заалгасан. Энэ дөрвөн жилд өөрийгөө илүү хөгжүүлж, задалсан цаг хугацаа байсан. Оюутны дөрвөн жил мэргэжлийн багш нараасаа олон зүйлийг мэдэж, сурч, мэргэжлийнхээ онцлог, сайхныг улам мэдэрсэн. Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч нэг л мэдэхэд их сургуулиа төгсөж, бүжигчин хэмээх мэргэжлээр овоглон, амьдралд хөл тавьсан. Тухайн үед “цэнгээнт бүжгийн хаврын баяр” гэсэн уралдааныг анх зохион байгуулахад хамтлагаараа хэд хэдэн удаа тэргүүн байр эзэлж байлаа.

-Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гишүүн болсон дурсамжаасаа хуваалцаач. Таны амьдралын мартагдашгүй цаг хугацааны  нэг хэсэг болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Бүжигчин мэргэжил минь намайг энэ том айлын гишүүн болох  гүүр болсон. Сургуулиа төгсөөд анхны хүүхдээ өлгийдөн авч байлаа. Тэгээд  гэртээ хүүхдээ хараад 2-3 жил болсон. Тэр үед мэргэжлээрээ ажилламаар санагддаг байсан.  Хүний сонирхол, дуртай зүйл  гэдэг  сайхан. Ямар ч цаг үед өөртөө татаж, сайхан бүхэн рүү хөтөлж байдаг. Тэр үед СУИС-ийн  бүжиг дэглээч Соёлын тэргүүний ажилтан Н.Отгонбаатар багш маань анх намайг Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад дагуулж ирж байсан. Ажлынхаа гарааг 2003 онд энэ том айлаас эхэлж, нэгэн эд эс нь болсондоо үргэлж баярладаг. Дараа жил нь Хил хамгаалах ерөнхий газрын тушаалаар цэргийн албан хаагч болж дэд ахлагч гэсэн албан тушаалд томилогдсон.

Чуулгадаа ороод найман жил бүжигчин мэргэжлээрээ ажилласан. Энэ хугацаанд мөн бүжгийн ангийн даргаар томилогдсон. 2011 онд туслах найруулагчийн  орон тоо гарч дарга, удирдлагууд маань ярилцаж байгаад намайг томилж байсан. Туслах найруулагч, ерөнхий найруулагч бүтээлээ тавихад арын албаны бүх зүйлийг бэлдэж, хариуцаж ажиллах ёстой. Тоглолтын хөтөлбөр, гэрэл, тайзны  бэлтгэлийг хангана. Анх энэ  албан тушаалд ажиллана гэхэд  “би чадах болов уу” гэж их сүрдэж байсан. Туслах найруулагч болсныхоо дараа офицер болох боломж олдсон. Манай соёлын ажилтнаар ажиллаж байсан эмэгтэй гадаад руу сургуульд явах болсон. Тиймээс даргын зөвлөл хуралдаж, 2015 онд офицер гэсэн эрхэм цолыг хүртэж байсан. Энэ бүх цаг хугацаа миний амьдралын мартагдашгүй сайхан мөчүүдийн нэг. Би Хилийн цэргийн дуу бүжгийн  чуулгад ажиллаад аль хэдийнэ 18 жилийг ардаа үджээ. Хилийн цэрэг дуу бүжгийн чуулгаас ажлынхаа гарааг эхэлж, амьдралынхаа олон  мартагдашгүй цаг хугацааг бүтээж яваадаа баярладаг.

-Эх орныхоо торгон хилийг хамгаалж буй хилчдэд урлаг, соёл түгээх нь таны мэргэжлийн онцлог байх?

-Хил хамгаалах ерөнхий газар  дөрвөн  жилд нэг удаа хилчдийн урлагийн наадам зохион байгуулдаг. Энэ нь эх орныхоо баруунаас, зүүн хязгаарт үүрэг өвөртлөн  ажиллаж байгаа хилчдэд урлаг, соёл түгээх үүрэгтэй. Хилээр явах их гоё мэдрэмж төрүүлдэг. Анх хилийн тухай ямар ч төсөөлөлгүй байсан. Хил дээр очоод эх орныхоо амгалан тайван байдлыг хамгаалж, мөр зэрэгцэн ажиллаж буй хилчид, анги хамт олноороо бахархах сэтгэл төрдөг юм байна лээ. Бүжигчин мэргэжлээр ажиллах хугацаандаа  олон удаа хилээр явсан. 2003-2005 онд ачааны машин дээр суугаад хил рүү явдаг байлаа. Баян-Өлгий аймаг руу явахад замдаа 2-3 хоноод очно. Тэр үед 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сар гаруй хугацаанд баруун  аймгуудаа тойрсон. Одоо ч бүх хилийн байгууллагад хүрч, соёл, урлагийн тоглолт хийхийг зорьдог. Хилийн дуу бүжгийн чуулга мэргэжлийн дуу, бүжиг, хөгжим, эстрад дуу, хилчин хамтлаг, тайз зохион байгуулах алба гэсэн бүтэцтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тайз зохион байгуулах алба нь найруулагч, хөтлөгч, Соёлын төвийн тайзны ажилчид, гэрэл, дууны техникч, тайзны ажилтан гэсэн олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг. Би энэ албаны даргын албыг хашиж байна.

-Та Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад 10 гаруй жил ажилласан байна. Цэргийн мэргэжлийн онцлог, сайхан нь юундаа оршдог вэ?

-Цэргийн хувцсаа өмсөхөөр цэгцтэй харагдахаас гадна, гоё мэдрэмж төрүүлдэг. Мэдээж цэргийн байгууллагын дотоод дэг журамтай. Хүнд их зүйлийг сургадаг. Дэд ахлагч Д.Цэцэгсүрэн гэхэд цэх зогсоод “би” гэж дуугарах ёстой. Дарга үүрэг өгөхөд “мэдлээ гүйцэтгэе” гэнэ. Энэ бүхэн хувь хүний зан төлөвшилд ч эерэгээр нөлөөлдөг. Бүжигчнээс эхлээд энэ байгууллагадаа ажиллалаа. Одоо удирдах албан тушаалын ажил хашиж байна. Тиймээс хамгийн түрүүнд зөв байхыг чухалчилдаг. Би энэ албан тушаалаас буулаа гэхэд иргэн Д.Цэцэгсүрэн  гэсэн хүн шүү дээ. Тиймээс энэ цаг хугацаанд үлгэр жишээ байж, зөв байхыг эрмэлздэг. Олон хүнтэй харьцдаг учраас сэтгэл зүй, зан чанарыг нь таньж ажиллах ёстой. Цэргийн албан хаагч болохын тулд дамжаанд сурч, тангараг өргөөд цол авдаг. Дөрвөн жилд нэг удаа мэргэжлийн шалгалт өгнө. Мөн чуулгын даргын нэрэмжит шалгалт авдаг. Хамтран ажилладаг мэргэжлийн байгууллагын багш нарыг урьж туршлага солилцох зэргээр хүмүүстээ хандсан ажлуудыг хийдэг.

-Та бүжиглээгүй удсан ч гэсэн үргэлж сэтгэлд тань ойр явдаг болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Бүжигчин мэргэжил намайг олон сайхан зүйлд хөтөлсөн. Бүжиглээгүй олон жил болсон болохоор заримдаа тайзан дээр гараад бүжиглэмээр санагддаг. Тайзан  дээр хөгжмийн хэмнэлийг мэдэрч, үйл хөдлөлөөр бүжгийн урлагийг түгээх мэдрэмж хамгийн сайхан. Бүжиг бол амьд харилцааны урлаг. Тиймээс тайзан дээр хэчнээн олуулаа гарсан ч гэсэн бие биеэ мэдэрч, ойлгож бүжиглэх ёстой. Тиймээс бүжгийн хамтлаг атгасан гар шиг нийтэч байж чаддаг. Мөн бүжиг залуу насны мэргэжил гэж боддог. Нөхөр маань “Хилчин” спорт хороонд ажилладаг байхад нь танилцсан. Гэр бүлийн хүнийг маань Д.Батболд гэдэг. Чөлөөт бөхийн спортын мастер цолтой. Тухайн үед Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, “Хилчин” спорт хороо хоёр нэг газар байрладаг байсан.

 “Зууны мэдээ” сонин
П.Амгаланбаяр
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.