Нэнси Пелосигийн Тайваньд хийх айлчлалд Хятад дургүйцэв

Америкийн Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси ирэх сард Тайваньд айлчлахаар төлөвлөсөн гэж “The Financial Times” мэдээлэв. Энэ нь Америкийн томоохон албан тушаалтанд тооцогдох хүн олон жилийн дараа арлын ардчилсан улсад зочилж байгаа тохиолдол хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Америк Тайваньтай албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй ч хамгийн чухал холбоотонд тооцогддог. Хоёр орны харилцаа олон жил таагүй байсан ч ерөнхийлөгч асан Дональд Трампын үед сайжирч, одоогийн ерөнхийлөгч Жо Байдены үед улам дотно болоод байна.

Хятадын коммунист нам Тайванийг тусгаар тогтносон улс хэмээн үздэг тул тус улсыг шууд захирч байгаагүй. Гэвч Америкийн албан тушаалтны айлчлал Хятадын эрх баригчдын дургүйг хүргэжээ. Хятадын Гадаад хэргийн яам “Пелоси Тайваньд айлчлах нь Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой аюул учруулж байна. Хариуцлага, үр дагаврыг Америк үүрэх ёстой” гэж мэдэгдэл гаргажээ. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан “Бүрэн эрх, нутагт дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулвал хатуу арга хэмжээ авна” гэжээ. Мөн тус улсын Гадаад хэргийн сайд Ван И дөрөвдүгээр сард Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзах үеэрээ Пелосийн айлчлалыг Хятадын гадаад хэрэгт бүдүүлэгээр оролцсон явдал хэмээн тодотгож байв.

Ажиглагчид энэ айлчлал АНУ-Хятад, Хятад-Тайванийн харилцаанд чухал нөлөө үзүүлэхгүй гэж таамаглаж байна. Пелосийн Тайванийн айлчлал наймдугаар сарын 1-нд болох Хятадын Ардыг чөлөөлөх арми байгуулагдсаны 95 жилийн ой, аравдугаар сард болох намын их хурлын бэлтгэл ажилтай давхцаж байна.

Нэнси Пелоси дөрөвдүгээр сард Ази руу тухайлбал, Япон, Тайвань руу очихоор төлөвлөж байсан ч COVID-19 халдвар авсан учраас айлчлалаа хойшлуулсан билээ.Тайванийн бие даасан хууль тогтоогч Фрэдди Лим зургадугаар сард Төвдөд болсон уулзалтын үеэр Пелосийг дахин айлчлахыг урьсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Хэрэв Пелоси Тайваньд айлчилвал 1997 оноос хойш тус улсад очсон Америкийн Конгрессийн төлөөлөгчдийн танхимын анхны дарга болох юм.

Австралийн үндэсний их сургуулийн багш Вэн Ти Сун “Америк болон Тайванийн эрх баригчдын хуйвалдаанаас сэргийлж, Хятад Тайванийн ойролцоох цэргийн агаарын нисэх хүчний чадлаа нэмэгдүүлж магадгүй” гэж “Al Jazeera”-д ярьжээ. Одоогоор Хятад Тайванийн арлын ойролцоо 150 орчим онгоц илгээгээд байгаа юм.

“Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine