Хөрөнгийн зах зээлд хувьцаа болгох 2.9 их наядын нөөц бий

Өнгөрсөн үеэ бодвол хүмүүсийн хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт сайжирч, хувьцааны арилжааны идэвх нэмэгдэж байна. Анхны IPO-г 2005 онд хийснээс хойш нийт 24 компани IPO хийж хувьцаат компанийн тоог нэмээд буй. Компаниуд Монголын хөрөнгийн зах зээлд хувьцаа санал болгох хэлбэрээр 248.2 тэрбум төгрөгийн санхүүжилт босгосон статистик бий. Энэ бүхний цаана хууль эрх зүйн орчны том дэмжлэг байсныг онцлох учиртай. Компанийн хууль 2011 онд, Үнэт цаасны зах зээлийн болон Хөрөнгө оруулалтын сангийн хуулиуд 2013 онд шинэчлэн батлагдаж дагалдах журмууд нь боловсруулагдсанаар зохицуулалтын орчин илүү сайжирсан юм. Одоогоос долоон жилийн өмнө 13.3 байсан хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн түвшин 2021 онд 7.04 хувьд хүрч эрчимтэй буурсан нь ч хөрөнгийн зах зээлийн идэвхид эерэг нөлөө үзүүлжээ. Гэсэн хэдий ч энэ нь банкны салбар 2021 онд аж ахуйн нэгжүүдэд 14.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгосонтой харьцуулахад хэт бага дүн. Бусад оронд IPO хийх замаар төвлөрүүлсэн дүнгийн ДНБ-д эзлэх хувь 0.25-0.31 хувь байгаа бол Монгол Улсын IPO-р татан төвлөрүүлсэн дүн ДНБ-ий ердөө 0.06 хувьтай тэнцэж байна.

Монголд хөрөнгийн зах зээл үүссэнээс хойш ердөө 248.2 тэрбум төгрөгийн хувьцааны санхүүжилт төвлөрүүлсэн нь үнэхээр чамлалттай үзүүлэлт гэж экспертүүд дүгнэж байна. Үүнээс илүү хөрөнгө босгох нөөц бололцоо бий. Тухайлбал, жишиг улсуудын түвшинд хүрэх боломж юм. Бага дунд орлоготой орнуудын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ болон ДНБ-ий харьцаа 81.9 хувь байгаа бол тус үзүүлэлт Монгол Улсын хувьд 13.9 хувь байна. Манай улс уг жишгийг биелүүлэх чадамжтай гэж үзвэл зах зээлийн үнэлгээ 29.2 их наяд төгрөгөөр нэмэгдэх, IPO-р татан төвлөрүүлсэн дүн 2.9 их наяд төгрөгт хүрэх боломжтой. Хадгаламжаас хувьцаа руу шилжих боломжуудыг дурдвал илүү үр ашигтай санхүүгийн хэрэгсэл санал болгох тохиолдолд иргэдийн 15.6 их наяд төгрөгийн хадгаламж, аж ахуйн нэгжүүдийн 1.8 их наяд төгрөгийн хадгаламж хөрөнгө оруулалт руу хөрвөх бололцоотой. Хадгаламж эзэмшигчдэд илүү үр ашигтай хэрэгсэл рүү хөрөнгөө шилжүүлэх эрэлт хэрэгцээ байгаа нь харагдаж байна. Энэ бол койн. Өнгөрсөн онд IEO, ICO хэрэгжүүлсэн 14 койны дотоодоос амжилттай төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 475.4 тэрбум төгрөг. отоодын койнуудын одоогийн зах зээлийн үнэлгээ 400 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Харин хаалттай бондоос хувьцаа руу шилжих боломжуудыг харвал, биржийн бус зах зээл өнгөрсөн оны есдүгээр сараас дотоодод бий болсоноор хаалттай бондоор татан төвлөрүүлсэн санхүүжилтын хэмжээ 472 тэрбум төгрөгт хүрчээ. Эндээс Монголын хөрөнгийн зах зээлд хувьцаанд оруулах боломжтой 0.5-2.9 их наяд төгрөгийн нөөц бололцоо бий гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна гэж экспертүүд үзэж байна.

Эдийн засагч Д.Ангар: АШГИЙГ ТОМЧУУД АЛДАГДЛЫГ НЬ ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ҮҮРЧ БАЙНА

-Хөрөнгийн зах зээл үндсэн ганц дүрэмтэй. Энэ дүрэм хэрэгжиж байж оршин тогтноно. Уг нь маш энгийн ойлгомжтой дүрэм шүү дээ. Америк, Англи, Япон, Австрали, Канад, Хонгконгод хөрөнгийн зах зээл идэвхтэй байдаг нь дээрх дүрэм хэрэгждэгтэй холбоотой. Харин Монголд хөрөнгийн зах зээл хөгждөггүй нь "мөнгөө нийлүүлж хамтдаа бизнес хийе, олсон ашгаа шударга хувааж авъя" гэсэн үндсэн дүрэм нь хэрэгждэггүй гэсэн үг.

Энэхүү дүрэм монголчлогдоод “олсон ашгаа зөвхөн би авна" гэж компанийн том хувьцаа эзэмшигч нар нь жижиг хувьцаа эзэмшигчдэдээ ханддагтай холбоотой. Ашгийг нь том хувьцаа эзэмшигч нар, алдагдлыг нь жижиг хувьцаа эзэмшигч нар үүрнэ. Ингэхээр Монголд хөрөнгийн зах зээл хөгжих үндэсгүй болчихож байгаа юм.

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗӨВЛӨХ Б.НАМУУГЭРЭЛ: ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ АНХАН ШАТНЫ ТҮВШИНД Л ЦАРЦУУ БАЙНА

-Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсээд 30 жил болсон. Энэ нь урт хугацаа боловч манайд хөрөнгийн зах зээл анхан шатны түвшинд л царцуу байна. Зах зээлийг хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч, үнэт цааснаас гарч буй бүтээгдэхүүн гэсэн гурван талаас харж байна. Мэргэжлийн хөрөнгө оруулагч байхгүй шахуу, хувь хүмүүс түлхүү оролцдог. Үнийн дүн бага боловч хүний тоо ихтэй. Оролцогч талын төрөл дутмаг. Байгаа бүтээгдэхүүнүүдийг харвал хувьцаа, хаалттай биржийн бус зах зээлийн бондууд л байна.

Үнэт цаас гаргагч талаас гэвэл топ-100 компаниас 10 хүрэхгүй нь л хөрөнгийн зах зээлийг ашиглаж, хөрөнгө босгосон. Үүнээс харахад монголын топ аж ахуйн нэгжүүд энэ зах зээлд итгэх итгэл бага байгааг харж болно. Казакстан гэх мэт зарим улсуудтай төстэй. Гэхдээ манай зах зээлийн онцлог бол 90 орчим хувь нь банк дангаараа эзэлдэг. Энэ шалтгаан нь хадгаламжийн болон мөнгөний бодлогын хүү өндөр.

Цар тахлын оргил үед хөрөнгийн зах зээл нэлээн өссөн. Нөлөөлсөн хүчин зүйл гэвэл  банкны хүү буурч мөнгөний эх үүсвэр нь нэмэгдэж, хөрвөх чадвар эрчимжсэнтэй холбоотой. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хэрхэн түргэсгэх вэ гэвэл хөрөнгө оруулагчдын төрлийг нэмэх шаардлагатай. Ингэх юм бол судалгаа шинжилгээ хийх, шинэлэг бүтээгдэхүүн гаргах боломж нь бүрдэнэ. Жишээлбэл “Simple” зээлийн аппликейшн байна. Тэднийх нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, 50 тэрбум төгрөгийн санхүүжилт босгож, хоёр хоногийн дотор өссөн. Шалтгаан нь “Simple” өөрөө том группын компанийн харьяалалд багтдаг тул хүмүүст итгэл төрнө гэсэн үг.

 “Зууны мэдээ” сонин
Б.Дарьсүрэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.