Уран биш аккумуляторын хордлогыг ярих цаг болжээ

Хавар болж, мал төллөх цагтай зэрэгцээд дүрмийн дагуу Дорноговь аймгийн Улаанбадрах суманд гажиг төл гарч, хоёр амтай, гурван нүдтэй ишигний тохиолдлыг төрийн бус байгууллагынхан газар дээрээс нь шууд дамжуулав. Жил болгон яг ийм асуудал Монгол Улсын 21 аймаг, 330 сумаас зөвхөн Улаанбадрахад гардаг нь жам ёсны шахам болжээ. Бусад суманд хэдэн айлд ямар гажиг төл төрж байгааг хэн ч сонирхдоггүй, зөвхөн Улаанбадрах сумаас, зөвхөн “Босоо хөх”-ийнхний шууд дамжуулж, шуурхай ажилладгийн учир нь уран. Тус суманд Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын хүрээнд өнгөрсөн жилээс уран олборлож байгаа учраас байнга хардлага дагуулж, түүндээ итгэхийг хүсдгийн гачлан нь энэ. Гэвч үүнд нь олон хүн итгэдэг нь бүр эмгэнэл. 

Бодит нөхцөл байдал ямар байгааг илүү нухацтай уншихыг хүсье.   
 


2019 оны мал төллөлтийн үеэр малын гажиг хөгжлийн талаар орон даяар хийсэн судалгаагаар Дорноговь аймаг дунджаас доогуур буюу 20 аймгаас 11 дүгээрт бичигдсэн байна. Уг судалгаанд орон даяарх мал эмнэлгийн 879 эмнэлэг байдгаас 81 хувийг нь хамруулжээ. Ийнхүү судлахад гажиг төлийн нийт 304 тохиолдол бүртгэгдсэний 56 хувь нь цус ойртолтын шалтгаантай байсан байна. Улаанбадрах суманд уран олборлохоор "Бадрах Энержи" компани 2010-2011 онд тус төслийн нэг хэсэг болох Өмнөтийн талбайд бага хэмжээний технологийн туршилт хийснийг эс тооцвол үйлдвэрлэлийн туршилт 2021 оны долдугаар сард эхэлсэн байгаа юм. Анхны туршилт хийснээс 8 жилийн дараа хийсэн малын гажиг төлийн судалгаагаар Дорноговьд биш Завхан, Архангай, Төв аймагт хамгийн олон гажиг төл гарчээ. Харин Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малын эрүүл мэндэд ноцтой анхаарал татсан зүйл байхгүй гэдгийг аймгийн Мал эмнэлгийн газар мэдээлж байна. 

Бас нэг зүй тогтлыг харвал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2012-2014 онд ургийн гажигтай малын талаар хийсэн судалгаагаар таван айлд жил болгон гажиг төл гарсан тохиолдол байгааг анзаарах шаардлагатай болж байна. Тухайлбал, 2013 онд хоёр, 2014 онд дөрвөн гажиг төл авч байсан Аргалант багийн нэр бүхий малчных сая 2022 оны хавар мөн л гажиг төл авчээ. 

Ерөнхийдөө малын гажгийн зонхилох шалтгаан нь сүргийн бүтцийг шинэчлэлгүй цус ойртолт явагдахад хүртэл нь арчлахгүй байгаагаас хамгийн өндөр хамааралтай байгааг дээрх судалгаа харуулж байна.  

Энэ бол уранаас болж мал хордоод байгааг няцаах эхний шалтгаан. 

Хоёрдугаарт, малчид малаа адуугаар биш машин, мотоциклоор тууж, автомат шахуургаар ус татан усалж байгаа нь бас нэг шалтгаан болж байгааг малын эмч хэлж байна. 

Улаанбадрах сумын Мал эмнэлгийн дарга Б.Мөнх-Эрдэнэ малын гажигт ер нь физик, химийн болон механик хүчин зүйлүүд нөлөөлнө гэв. 

Механик гэдэг нь жишээлбэл, тэмээн дээр засаагүй бууран тайлагнууд их байдаг. Тэд хээлтэй ингэ харайх тохиолдол гардаг. Бог мал дээр л гэхэд нарийн амтай худгаар олон мал дайрч, чихэлдүүлж оруулах, усан дээрээ богино онгоцтой байх зэргээс болж механик гэмтэл авах нь гажиг төл гарахад нөлөөлнө. 

Ер нь худаг усан дээр химийн элементүүд байгалаасаа нэлээд өндөр агууламжтай гараад 2020 онд Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, 6-7 худгаас ууж болохгүй, усыг нь цэвэршүүлэх төхөөрөмж тавих шаардлагатай гэж дүгнэсэн. Гэтэл ямар ч төхөөрөмж тавьж, арга хэмжээ аваагүй, мал, хүн уусаар байна” гэдгийг Б.Мөнх-Эрдэнэ эмч ярьсан. 

Түүний дурдсан 2020 онд хийсэн шалгалтаар төслийн талбайгаас 12-85 км-ийн радиус дахь нийт 16 худаг, булгийн уснаас дээж авсны дотор Зүүнбаянгийн гүний хагарлаар үүссэн тухайн бүсийн гадаргын усны хамгийн том төлөөлөл болох Баруунбаян булаг багтсан юм. Шинжилгээгээр дөрвөн худгийн ус маш хатуу, эрдэсжилт өндөртэйгөөс гадна усан дань сульфат 36%-аас 2.3 дахин их, хлор 43%-аас 2.1 дахин их, кальци 4%-84%-аар их, магнийн ионы 36%-аас 2.8 дахин их агуулгатай буюу стандартад заагдсан зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан.

Хүнд металлын шинжилгээгээр 16 худгаас 4 худагт уран зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.4-11 дахин их буюу стронци зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.5-3 дахин их агуулагдаж байсныг тогтоосон. Таван худагт хүнцэл зөвшөөрөгдөх хэмжээнээс 40%-80% өндөр, нэг худагт марганец зөвшөөрөгдөх хэмжээнээс 92% их байгаа нь тодорхой болсон. 
Усан дахь уран, хүнцлийн агуулга өндөр байгаа нь тухайн газар нутгийн геологийн тогтоцтой холбоотой гэж эрдэмтэн судлаачид ажлын хэсгийхэн дүгнэсэн байдгийг онцлох хэрэгтэй. 

Тийм ч учраас маш их хэмжээгээр магни, хлор, сульфат уран, хүнцэл агуулсан тул Баруунбаянгийн булгийн уснаас хүн ам, мал аж ахуйд хэрэглэхэд нэн тохиромжгүй ба хашиж хамгаалах шаардлагатай гэж үзсэн талаар тухайн үед Ажлын хэсэг танилцуулж байсан юм.

Тухайн газар оронд байгалийн тогтоц нь нэгэнт ийм нөлөөтэй, ус нь унданд тохиромжгүй гэж дүгнэсэн учраас “Бадрах Энержи” компани эрүүл мэндийг нэгт тавьж, ажилчдынхаа усыг Сайншандаас тээвэрлэж ирдэг байна. Харин хүнсний тухайд Улаанбадрах сумын малын мах сайн чанарынх учраас хээрийн ангийн хэрэгцээнийхээ махыг нутгийн малчдаас авдаг байна. Энэ тухай мэдээлэл компанийн пэйж хуудсан дээр гарч байсан санагдана. Энэ бол нөхцөлд байдалдаа уялдсан маш зүйтэй зохион байгууллат юм. 

Худгаас малаа услахдаа дизель мотор, помп ашигласнаас тос нь худгийн ус руу орох тохиолдол байгааг Б.Мөнх-Эрдэнэ хөндөн ярьсан. Тэгээд зогсохгүй машин техникээр малаа хариулж байгаа нь машинаас ялгарах угаарын хийгээр мал амьсгалах, өвчлөх бас нэгэн шалтгаан болж байгааг хэлсэн юм. 

Үүн дээр дулаарал, хуурайшилт, цөлжилттэй холбоотойгоо хөрс суларч, тоос их босож, бэлчээр доройтсоноос болоод мал өвчилж байна. Өөрөөр хэлбэл, уран малын эрүүл мэндэд нөлөөлөөд байгаа юм биш, харин малчдын маллагаа болон байгаль орчны нөхцөл байдал томоохон хүчин зүйл болж байгаа малын эмч ийнхүү тайлбарлалаа. Иймд малчид мал нь өвчлөх, гажиг төл гарахад төрийн бус байгууллагыг биш малын эмчээ дуудаж, хамтран ажиллаж байж малын эрүүл мэнд, хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын талаар ярих боломжтой болно гэдгийг мөн сануулсан юм. 

Энэ бол ураныг хардаж, уран олборлогч руу чихэхийг хүсээд байгаа ч малчдаас шалтгаалж байгаа гэж болох бодит нөхцөл. 

Малчдаас шалтгаалах, бусдын үл анзаарах бас нэгэн чимээгүй аюул үүсээд буйг Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Батцэцэг ярьсан юм. Энэ бол хөдөөгийнхний өдгөө түгээмэл хэрэглээ болсон аккумулятор бөгөөд уранаас илүү хор учруулж байх эрсдэлтэй талаар тэрбээр ийн ярилаа. “Ураныг ярихаасаа илүүтэй аккумуляторын хордлого гэдэг зүйлийг ярих цаг болжээ. Хар тугалгатай, хордлогын маш өндөр түвшинд хүргэхүйц техникийг  малчид хэрэглэж байна. Айлууд хоёр, гурваар нь зэрэгцүүлээд тавьчихдаг. Тэр нь дандаа хар тугалгатай. Хэрэглэхгүй болсноо гадаанаа хаячихдаг. Үүнийг анхаарч, судлах шаардлагатай” хэмээн ярилаа. 

Энэ ташрамд тэрбээр Дорноговь аймагт Улаанбадрах сумын иргэдийн өвчлөл онцгойлсон өндөр үзүүлэлтгүй, ургийн гажиг төрөлт бусад аймагтай харьцуулахад дундаж ба доогуур гэдгийг хэлсэн юм. 

Малын эрүүл мэнд ч мөн гоц гойд муудаад байгаа хэрэг биш ажээ. Дээрх мэдээллүүд нь олон нийтийг айлгаж түгшээх гэсэнгүй. Гагцхүү бодит нөхцөл байдлыг тоочлоо. Энэ нөхцөл байдлаа ойлгож, дор бүрдээ хүлээн зөвшөөрч, дасан зохицож, тохирсон арга хэмжээг өөрсдийн боломжит түвшинд авч хэрэгжүүлбэл малчдад айх аюул уранаас л лав алга. 

 

"Зууны мэдээ" сонин
А.Гэрэлт

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !! 2022-07-07 01:53:55
    Ураан олборлохыг эсэргүүцэгч нар нь Оросын хөлсний жоомнууд байдаг юм! ОХУ манайхыг өөрийн ураантай болохыг хэрхэвч тэвчихгүй, хараат байлгах л зорилготой!!