Б.Батцэцэг: Хоёр улсын хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдийн талаар санал солилцлоо

Монгол Улс, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нарын хийсэн хэлэлцээний дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэвлэлд өгсөн мэдээлэл:

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал  цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан 2021 онд ёслол төгөлдөр Улаанбаатар болон Москва хотноо тэмдэглэж, энэ жил бид харилцааны шинэ зууныг эхлүүлээд байна.

Манай хоёр улс цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтран даван туулж, харилцаагаа идэвхжүүлж байгаад бид баяртай байна. Монгол, ОХУ-ын хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу хоёр талын хүчин чармайлттайгаар урагшлуулах талаар сая Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай санал солилцлоо. Бидний харилцаа цар тахлын өмнөх байдалд эргэн орж, төмөр зам, агаарын харилцааг сэргээснээр  иргэдийн харилцан зорчих урсгал  болон худалдааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж байна.

Лавров сайдтай хийсэн хэлэлцээний үеэр өнгөрсөн жил хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг ярилцаж, харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд, мөн томоохон арга хэмжээ, төслүүдийн  талаар  санал солилцсон. Түүнчлэн шийдлээ хүлээж буй, олон жил яригдаж байгаа зарим асуудлын талаар ч ярилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвийг тодорхойллоо.

Монгол, Оросын харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх сонирхлоо хоёр тал нотолсон. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тэнцвэржүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах тал дээр санал нийлж ярилцав. Манай хоёр улсын худалдааны хэмжээ 2021 онд 2 тэрбум ам.доллараас давж түүхэн дээд үзүүлэлтийг тогтоосон. Энэхүү үзүүлэлтийг улам сайжруулах бүрэн боломжтой гэж үзэж байна.

Сүүлийн үед хоёр улсын бүс нутаг хоорондын харилцаа эрчимжиж, хамтын ажиллагааны өргөн боломжууд нээгдэж, хоёр улсын бизнес эрхлэгчид идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна. Нэн ялангуяа “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдэд оросын талаас хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэрүүд байгуулах, тээвэр-логистикийн төвүүдийг бий болгоход оросын талтай хамтран ажиллах сонирхол манайд байгаа. Мөн Монгол, Оросын хилийн боомтуудыг шинэчлэн өргөжүүлэх, ачаа тээвэрлэлт, иргэдийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарал хандуулахаар тохирлоо.

Лавров сайдтай хоёр улсын хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдийн талаар санал солилцлоо.

  • Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлууд хуваарийн дагуу хэвийн явагдаж байна. Мөн төмөр замаар манай улсын зүүн болон баруун хэсгээр хоёр хөрштэйгээ холбогдох коридоруудын асуудлыг хөндөж ярьлаа.
  • “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор тус нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх ажил ахицтай байна. Эрчим хүчний салбарт эрчим хүчний объектуудын шинэчлэл, өргөтгөлийн хамтарсан төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ярьлаа.
  • Хөдөө аж ахуйн салбарт “Монгол Улсын Газар тариалангийн техникийн шинэчлэл хөтөлбөр” болон “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 3 дугаар үе шатны арга хэмжээг хамтран хэрэгжүүлж, үр тарианы элеватор барих, мал сүргээ дархлаажуулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.
  • Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний доройтол, цөлжилтийн эсрэг хамтран тэмцэх, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, сансар судлалын салбарын хамтын ажиллагааг сэргээх талаар тохирсон.

Өнөөдрийн хэлэлцээний дүнд сэтгэл хангалуун байна. Лавров сайдын манай улсад хийж буй айлчлалын үеэр Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлыг шийдвэрлэж, бидний анхаарлыг шаардаж байсан асуудлуудаар үр дүнтэй ярилцаж, зарим оновчтой шийдлийг гаргаж чадсан гэж дүгнэж байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа үр өгөөжтэй үргэлжлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.