Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ойн талбайн норматив, байршил батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан байна.
Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, хугацааг тодорхойлох зорилготой судалгаагаар шилмүүст ойн сан бүхий 16 аймгийн 109 сум, Богд хан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн ТХГ, Улаанбаатар хотын бүсийн ойн санд навч шилмүүсний хөнөөлт шавж болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй гэсэн хоёр зүйлийн шавж 732.7 мян.га талбайд голомт үүсгэсэн болохыг тодорхойлжээ.
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хөрөнгө гаргахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Дээрх хоёр зүйлийн хөнөөлт шавж нь хөгжлийн хүрэнцрийн үе шатандаа шинэс модны шилмүүсээр хооллон хөнөөл учруулдаг бөгөөд хүрэнцрийн тоо толгойн нягтшилыг бууруулах тэмцлийн ажлыг агаарын хөлөг болон үүргийн шүршигч багаж ашиглан микробиологи, химийн аргаар ирэх долдугаар сарын 10-ныг хүртэл явуулах юм байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Өмнөговь аймгийн Сэврэй, Цогт-Овоо сумдад сум дундын ойн ангийг шинээр байгуулахаар шийдвэрлэлээ.
Товч мэдээ
· Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв” болон “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт”-ийг нэгтгэн, “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт” болгон өөрчлөн зохион байгууллаа.
· Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны ажиллах журмыг баталлаа.
· Үндэсний их баяр наадмын тухай хуулийг үндэслэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дүрэм болон Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сур, шагайн харвааны дүрмийг тус тус баталлаа.