Төгсөгчид хаана явна вэ?
Дэлгэр сайхан зуны өдрүүд үргэлжилж, байгаль дэлхий ногоороод цаанаа л нэг сэтгэл тайван байх чинь ээ. Мөнгөн хонхны баяраа тэмдэглэн хөөрөн бужигнах залуус төв талбайд зургаа татуулсаар. Амьдралын их далайд шумбан орох залуусын сонгосон мэргэжил нүдээ олсон шагнал мэт байгаасай.
 
Манай улсын хувьд дөрвөн жил сурч боловсрол эзэмшихэд доод тал нь 10 сая төгрөг шаарддаг. Үүнээс гадна идэх хоол, өмсөх хувцас гээд урсах зардал өчнөөн. Ихэнх залуус аав, ээжээсээ мөнгө авч санхүүгийн асуудлаа шийддэг. Тэгвэл өөрийнх нь төлөө энэ их хөрөнгө оруулалт хийсэн аав, ээжийнхээ ачийг залуус маань хариулж чадаж байна уу. Тэд хаана явна вэ?
 
Өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлаас хамаарч сурч боловсрохоос ажил хөдөлмөр эрхлэх нь илүү “хүндрэл бэрхшээлтэй байдаг” гэдэгтэй хүн бүр санал нийлдэг. Суралцсан мэргэжлээрээ ажил хөдөлмөр хайх, эрхлэх явдал нэг талаас хувь хүний хичээл зүтгэл, мэргэжлийн онцлогтой холбоотой боловч, нөгөө талаас хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн нөхцлөөс хамаарч байдаг.
 
Тэгвэл төгсөгчдийн хувьд ажил эрхлэхгүй байгаа үндсэн шалтгааны нэг ар гэрийн асуудал болж байна. Эмэгтэй төгсөгчдийн ихэнх нь хүүхэд төрүүлсэн, гэртээ хүүхдээ хардаг гэсэн статистик бий. Харин үлдсэн хувийг үргэлжлүүлэн суралцах, гадаадад хөдөлмөр эрхлэх, хувиараа хөдөлмөр эрхэлдэг залуус эзэлж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс эрхлэн явуулсан судалгааны үр дүнгээс үзэхэд их, дээд сургууль төгсөгчдийн 24.8 хувь нь ямар ч хөдөлмөр эрхлээгүй гэжээ. Ямар ч ажил эрхлэхгүй байгаа энэ хүмүүсийн сонгон суралцсан мэргэжил нь өөрийнх нь хийж чадах зүйл биш байсан гэсэн үг. Мөн нийгэмд ажлын байр хомс мэргэжлийг сонгон, удаан хугацаанд мэргэжил эзэмшээд эцэст нь ажлын байргүй, цалин хөлсгүй үлдэж байна гэсэн үг.
 
Сэтгэл хөөрлөөр мэргэжил сонголт хийдэг үе хоцрогджээ. Ямар ч зүйл төсөөлөхөд сайхан ч газрын хөрсөн дээр буухдаа дэндүү хатуу байдаг. Тиймээс эрэлттэй мэргэжлийн жагсаалт харж байж мэргэжил сонголтоо хийж чадвал  ажлын байранд санаа зовох асуудалгүй.
 
Товчхондоо бол улс, байгууллагын зүгээс эрэлттэй мэргэжилд ийм тооны боловсон хүчин хэрэгтэй гээд удирдамж чиглэл өгчихдөггүй, элсэгчид нь ч боловсон хүчнээр хахсан өнөө л хэдэн мэргэжлээ сонгож нөгөө л хэдэн сургуульдаа сурсаар байна.
 
Ийм байхад нийгэмд ажилгүйчүүдийн эгнээ улам нэмэгдэж энэ хэрээр ядуусын тоо улам өссөөр байна.
 
ErenNews.mn
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.