“Жуулчин цагдаа” арга хэмжээ хэрэгжинэ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ” болгож буйтай холбогдуулан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Нямбаатар нарын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн А/149, А/188 дугаартай хамтарсан тушаалаар байгуулагдсан хамтран ажиллах ажлын хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг дэмжих, гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах, Монгол Улсыг жуулчинд ээлтэй, найрсаг, аюулгүй орон гэдгийг жуулчдаар дамжуулан гадаад улс оронд сурталчлахад зориулж Дотоод хэргийн их сургуулийн 167 сонсогч, бусад их дээд сургуулийн гадаад хэлний мэдлэгтэй 150, нийт 317 оюутныг “Жуулчин цагдаа” арга хэмжээнд хамруулахаар боллоо. 

2022 оны 5 дугаар сард ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас гаргасан “Гадаад иргэд тус улсад аялаж, зорчихдоо гэмт хэрэгт өртсөн” тухай 2018-2021 оны хоорондох статистик судалгаанаас үзэхэд хулгай, дээрэм, залилан мөн хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг, зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна. 

Үүнд:

• 2018 онд 18 улсын 161 иргэн,

• 2019 онд 25 улсын 166 иргэн,

• 2020 онд 11 улсын 53 иргэн тус тус гэмт хэрэгт өртөж, хохирсон мэдээлэл байх бөгөөд улс орноор нь авч үзвэл БНХАУ, ОХУ, БНСУ, ЯПОН улсын иргэд ихэнх хувийг эзэлж байна.

Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, мөнгө угаах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэх зэрэг гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдсан тохиолдол цөөнгүй байх бөгөөд 2018 онд 10 орны 61 иргэн, 2019 онд 8 улсын 54 иргэн, 2020 онд 7 улсын 21 иргэн тус тус бүртгэгдсэн байна. 

“Жуулчин цагдаа” арга хэмжээ хэрэгжсэнээр гадаад иргэдийн аялах, зочлох аюулгүй байдал хангагдаж, жуулчдын тав тухтай аялах нөхцөл, сэтгэл ханамж бий болсоноор манай улсын нэр хүнд өсөх, аялал жуулчлалын салбар хөгжих, жуулчин урсгал татах болон жуулчдын тоо нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. 

Цаашид аялал жуулчлалын бодлогыг шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага бий бөгөөд дэлхийн аялал жуулчлалын салбар өндөр хөгжсөн АНУ, Япон, Солонгос, Испани, хурдацтай хөгжиж байгаа Хятад гэх мэт улс орнуудын хөгжлийн туршлагаас солилцож нэвтрүүлэх, мөн үндэсний онцлог өв соёл, уламжлалт байгалийн, түүхийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэхэд бусад аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.