Хараат хатангир зах зээл үү, үйлдвэрлэгч тусгаар тогтнол уу
БНХАУ-аас 90 гаруй хувийн хараат эдийн засагтай Монгол Улс дотооддоо үйлдвэрлэсэн мэдлэг, үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлж, экспортоо тасралтгүй нэмэгдүүлэх нь амь тариа шиг чухал төдийгүй наанадаж Монгол улсынхаа хүн амд аюулгүй, эрүүл, хүрэлцээтэй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг үйлдвэрлэгчдээ дэмжих нь уналт сүйрлээс аврах дархлаа юм. Ерөнхийлөгч У.Хрэлсүх хүнсний аюулгүй байдлын тухай уриалсан нь алга ташмаар ч араар нь тонуулчдын бүлэглэл үндэсний шалгарсан үйлдвэрүүдийг  шахан мохоох, шалган тарчлаах нь төр авлигачдаа хүчрэхгүй дээрэлхүүлж, ард түмний эрх ашиг шороотой хутгалдаж буйгаар нотлогдох нь.
 
Монголчуудын хүнсний уламжлалт гол хэрэгцээ махны зах зээлийн дийлэнхийг харийнханд даатгачихаад, бохир мах илэрч эхэнгүүт сэтгүүлч, МХЕГ хоёр нь чанаж амталж үзээд шалгасан болчихдог, даварсан Хятадуудыг хянаж, шалгахаас урьтан далан жилийн түүхтэй мах боловсруулах ганц үйлдвэрээ боорлохоор турхирахыг “үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн” гэхээс өөр тайлбар олдохгүй. Өндөр төрийн нэр хүндээр өөнтөгч, өлөнгүүд яаж ч наадахыг цаашид таашгүй. Даяарчлагдсан дэлхийд буутай цэргүүд тусгаар усынхаа хилийг манаад газар нутаг тайван байх ч но-той харийнхан боловсон маягаар дотроос нь дээрэмдэж, өөрсдөө идэх хоолоо боловсруулж чадахгүйд хүргэн доройтуулж дээ. Эмээлтийн хэдэн махын ченж, хужаа нарын эрх ашиг монголын ард түмний эрх ашгаас дээгүүр алхдаг болсон уу?
 
Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр 2022 оны 05 дугаар сарын V долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12712 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 15220 өгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 200/1.3%/ төгрөгөөр өссөн хэдий  ч үхрийн цул махны үнэ 387 /2.2%/ төгрөгөөр буурсан байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хархорин” захад хамгийн хямд буюу 12500 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 17800 төгрөг байна. Хамгийн хямд мах 1кг нь 12500. Дундаж эр хонины тураг мах ястайгаа 22кг орчим ба үржвэл 1 хонины дан мах 275000. Гэтэл малчин хонио нэг дахин бага үнээр зарж чадвал аз чадахгүй бол хохь байдгийг бүгд мэднэ.
 
Малын арьс шир, толгой, цувдай зэрэг бүтээгдэхүүн нь үнэгүй. Малын хотноос хэрэглэгчийн гарт маш олон дамжиж хүрдэг нь үнийн хөөрөгдөл үүсэхэд нөлөөлдөг аж. Монголл Улс дотоодынхоо үйлдвэрүүдийг дэмжин, орчин үеийн технологид суурилсан, эрүүл, цэвэр мах идэх боломжоо дэлхийд бохир заваанаараа жишигддэг хятадуудын гарт алдчихаад тэднйг яс горьдсон нохой шиг тойглоод суух нь ямар бодлого вэ?
 
Цар тахлын шинэ нөхцөл бүхнийг өөрөөр харах шаардлага тулган дэлхийн хүн ам жил ирэх тутам аймшигтай өлсгөлөнд нэрвэгдэхийг шинжиээчид сануулаад удаж байгааг юман чинээнд тоохгүйгээ таван хошуу мал, тариа будаандаа эрдсэнийх гэвэл эндүүрэл болохгүй биз. Гэхдээ энэ бол 21-р зуун учир мах гурилаа идээд манайхан өлсөхгүй гээд таг харанхуй суугаад байвал элэг доог болно.
 
Улс шиг улс болъё гэвэл юун түрүүнд 180 мянга орчим малчин өрхийг орлогожуулах, хөдөө аж ахуйн биржээ амилуулах, малаас гаралтай түүхий эдийг худалдаж авах салбаруудыг 330 суманд бий болгох, 21 аймагт боловсруулах үйлдвэрүүдийг барих, газар тариалангийн салбарын экспортыг нэмэгдүүлэх, Дархан арьс ширний үйлдвэрийг яаралтай ажиллуулах, нүүрс, зэс, төмрийн хүдрийг боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, экспортлох, эрчим хүч үйлдвэрлэн дотоодын хэрэглээгээ бүрэн хангах, гадны зах зээлд нийлүүлэх зэрэг дорвитой цогц арга хэмжээг авалгүй улс төржилт, хийрхлийн дон шүглэж, хямралдаанаасаа ч толгой өндийлгөж чадахгүй байсаар байтал Мнгол залуус сайхан амьдрах боломж эрэлхийлэн мянга мянгаараа нүдээ шалгуулж, шүдээ тоолуулаад харийн оронд хар ажил хийхээр дараалал үүсгэлээ.

ErenNews.mn
Х.Маргад
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.