Нэгэнт л өөрчилье гэж байгаа бол цаг алдамгүй
Улс орны хэтийн амьдралыг түвшитгэх болон нийгэм, эдийн засагт учирч буй зарим бэрхшээлийг даван туулахад зөв арга замыг сонгох зэрэг алив асуудал яв явсаар УИХ-ын түвшинд шийдвэрлэгддэг. Энэ парламентийн засаглалын жам ёс гэж болно.

Сүүлийн жилүүдэд УИХ-аас батлан гаргаж байгаа шийдвэр ард түмний засаглах эрхийн хооронд байнгын зөрчилтэй байсаар ирлээ. Яагаад гэдгийг ярих болохтой зэрэг хуулийн буруудал бүхэн Үндсэн хуультай холбоотой болж таардаг юм.

Энэ тухай ярьсаар байгаад 2019 онд Үндсэн хуульдаа бага сага өөрчлөлт хийсэн. Ингээд хуулиар найман жил дахин гар хүрэх эрхгүй болсон. Гэтэл одоо өөрчлөлт хийхгүй бол болихоо байсан юм яриад байна.

Юунаас болоод иймд хүрэв гэвэл өмнөх өөрчлөлтийн үед олон талаас нь ярьж төлөвлөж байсан ч яг нэмэлтээ батлахдаа зарим зүйлүүдийг орхигдуулсан. Орхигдуулсан гэж дээ, зарим асуудал УИХ-ын гишүүдийн 57 хувийн саналыг авч чадалгүй унасан тал бий.

Тэр нь сонгуулийн холимог тогтолцоог бий болгохоос эхлэлтэй гол асуудал байсан. Тэгвэл Үндсэн хуулиа өөрчилье гэсэн санал огт шинэ юм биш. Үе үе хөндөгдөж л байсан юм. Сая арай хурц хэлбэрээр гаргаж хэн тавив гэвэл УИХ-ын гишүүн Т.Доржханд л даа.

Өмнө нь хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эргэж харах цаг болсон гэж онцлоод зайлшгүй хийх нэмэлт өөрчлөлтөөр сайд нарын давхар дээлийн асуудал, мөн Ерөнхийлөгчийг парламентаас томилдог байх, цаашлаад парламентийн гишүүдийн тоог нэмэх шаардлага бий. Үүний зэрэгцээ юуны түрүүнд сонгуулийн тухай хуульд анхаарал хандуулахыг сануулаад авсан.

Үүн дээр дөрөөлж Т.Доржханд нар Үндсэн хуулийг өөрчлөх, сонгуулийн тогтолцоог шинэчлэх талаар гарын үсэг цуглуулж УИХ-д өргөн барьсан байгаа. Үүнээс хойш уг асуудал эрчээ авах шиг болсон. Ажиглаж байхнээ эрх барьж байгаа МАН-ынхан эхлээд тийм таатай биш хүлээн авч байсан ч сүүлдээ өөрчилье гэдэгт санал нэгдсэн.

Гэхдээ тус намын нөлөө бүхий нөхөд болгоомжилсон янзтай, санал санаачилгыг өөрөөсөө холдуулахыг эрмэлзэж байх шиг байлаа. Энэ нь зарим хүмүүсийн санаа бодлоос тодорхой харагдсан л даа.

УИХ-ын гол байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гэхэд “Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж болно оо. Гол яригдаад байгаа зүйл нь сонгуулийн тогтолцоо. Үүнийг чинь З.Энхболд дарга зүтгүүлж байгаад тэр пропорционал тогтолцоог чинь халахаар Үндсэн хуулийн заалтыг батлуулсан юм шүү дээ гэж эвтэйхэн магтах маягтай муулаад авналээ. Үүнийгээ хэд хэдэн ярилцлага дээрээ давтсан бий.

Энэ нь сөрөг хүчин та нарын өөрсдийн хийсэн буруу ажил шүү гэсэн үг болж таардаг.

Тэгвэл эрхэм түшээ Ж.Сүхбаатар:

-Энэ удаа Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг миний хувьд цаг үеэ олоогүй асуудал гэж бодож байна. Яагаад гэхээр улс орны гадаад, дотоод байдал учир шалтгаантай байгаа юм. Ийм үед өөрчлөлт хийж бужигнуулах нь зохимжгүй гэж байсан. Үүнийг нь МАН-ын зарим нөхөд дэмжих аястай харагдсан.

Басхүү өөрчлөлтийн наана нэлээд учир шалтгаан байгаа. Ялангуяа сонгуулийн тухай хуульд хийх өөрчлөлт Үндсэн хуулиас шалтгаална. Бас цэцийн дүгнэлтийг ч эргэж харах учиртай гэсэн үгс хэлдэг. Энэ нь болгоомжилсон хэрэг биз.

Уг нь өнөөгийн олонхи байгаа МАН-ынханд сонгуулийн тогтолцооны аль ч хэлбэр аюул багатай л даа. Бодитой сөрөг хүчин алга. Гэхдээ холимог тогтолцоо хэрэгжсэн нөхцөлд УИХ-д олон намын төлөөлөл орж ирж таардаг. Энэ нь улс төрийн тогтолцоог бүрдүүлэхэд жаахан түвэгтэй болдог тал бий.

Тэгвэл өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар шуудрах янзтай. МАН-ынханы хувьд жаахан шахаанд орсон ч байх.

Тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн зөв арга зам хайхын тулд УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрээр ажлын хэсэг байгуулж улмаар улс төрчид, хуульчид, намуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг хэд хэд хийгээдэхлээ. Ард иргэдийн ч санал авч байгаа гэх юм билээ.

Хуульчид, улс төрийн судлаачид нэг л юмыг хэлээд байгаа. Тэр нь өнөөгийн УИХ-ын түшээд, нийт сонгогчдын  ердөө 44 хувийн саналаар гарч ирсэн. Тэр дотор Ардын намынхан олонх болсон.

Тиймээс жижиг тойргоос сонгогдсон түшээд эрх ашгийн төлөө үйлчлэхийг урьтал болгож тэр нь улс орны хөгжилд саад болж байна гэж.

Энэ байдал үнэндээ УИХ дээр асуудал яригдах бүхэнд л харагддаг шүү дээ.

Хамгийн тод жишээ нь жилийн төсөв  хэлэлцэхэд гишүүдийн хэлж байгаа үг зөвхөн “тойрогоо услах” чиглэлтэй тун бага орон зайтай нь ил байдаг.

Энэ нь гишүүдийн буруу биш ээ. Гагцхүү сонгуулийн тогтолцооны гажуудал юм.

Түшээд саналыг нь авсан сонгогчдын 44 хувийнхаа төлөө  л ажилладаг. Тиймээс төсөв хөрөнгө тарамдах цаашлаад парламентийн чанар чансаанд ч нөлөөлдөг. Үүнийг сонгуулийн мажиротар тогтолцооны сул тал гэж хэлээд байгаа.

Тиймээс холимог тогтолцоонд шилжие гэхийн зэрэгцээ парламентийн гишүүдийн тоог нэмэх асуудал ч хөндөгдөж буй юм.

Тэгэхээр урьд нь тэр тэгсэн, бид ингэсэн гэж алдаа гажигийг бие биедээ нялзаахыг оролдох биш Ардын нам олонхи байгаа дээрээ Үндсэн хуулиа цаашлаад сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол хэдэн жилийн дараа юу ч болох билээ.

Дараагийн парламентэд өнөөгийнх шиг нэг нам олонхи байж чадаа ч уу, үгүй юу хэн мэдлээ.

Тиймээс Үндсэн хуулиа сайжруулъя, улам боловсронгуй болгоё гэвэл яг өөрчилдөг үе нь одоо байна гэж олон хүн хэлж байна шүү.

Нөгөөтэйгүүр дан ганц сонгуулийн тогтолцоог өөрчлөөд бүх зүй сайхан болчихно гэвэл тийм биш. Улс төрийн соёл, сонгогчдын боловсрол мэдлэг, нийгмээрээ хэр төлөвшсөн бэ гэдэгтэй нарийн холбоотой олон асуудал бий. Үүнийг өөрчлөлт гэж ярихдаа хамтад нь бодолцох учиртай.

Өөрчлөлт гэж ярьсаар байгаад цаг алдах вий. Боломжтой арга замыг сонгохын оронд ийм ч шалтаг шалтгаан байна гэсэн хана хэрэм босгочихоод байвал дараагийн сонгуулийн наадах багахан хугацааг алдах аюул байгаа.

Тиймээс Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийе л гэж байгаа бол яаравчлах нь зөв биз ээ. Гэхдээ яаравчлахыг сануулж байгаа нь түргэн туулайн үлгэртэй адил санаа биш. Олж цуглуулсан, онцолж авсан санал бодол бүхэндээ үнэн зөв дүгнэлт хийж төслөө сайн боловсруул, үүнийгээ хурдавчил гэсэн үг. Эцэст нь алив боломжтой асуудлууд УИХ-аар ороод дэмжлэг авахгүй хасагддаг. Энэ их аюултай. 2019 оны өөрчлөлтөөр тийм явдал гарснаас сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөр хийгдэж байсан бэлтгэл ажил нурж байсан шүү дээ. Ийм юм гаргуулахгүйн тулд өмнө хийсэн хэлэлцүүлэг, зөвшилцлийн хүрээнд санал бодлоо нэгтгэх нь чухал. Даангүй Үндсэний хуулийн өөрчлөлтийн хувь заяаг шийдэх УИХ-ынхан урьд нь хэлэлцээгүй юм шиг байдал гарган намчирхах, жалга довын үзэл ханхлуулан дарах кнопоо олохгүйд хүрдгээ сануууштай л даа.

 “Зууны мэдээ” сонин
Д.Цэрэннадмид
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонгогч 2022-06-08 01:18:48
    Тодорхой тооны сонгогчийн нэрийн өмнөөс төр барилцах хүнийг нэр дэвшүүлж сонгон гэдэг ойлголтыг нам, намын удирдах зөвлөл, намын бага хурал нэр дэвшүүлдэг
  • Бат 2022-06-08 01:02:45
    Парламентаа 2 тахимтай болгож төрд ард түмэн хяналтаа тавихгүй бол болохгүй одоо хүртэл монгол улс дефоль зарлахгүй ОУ вальютын сангийн санаачлагад орохгүй төр...