Дийлэнх компаниудыг төр эзэмшиж байгаагаас улс хөгжихгүй байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2022.06.06/ ээлжит хуралдаанаараа Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонслоо.

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төлбөрийн чадваргүй иргэд өмгөөллийн үйлчилгээг ижил тэгш авдаг болгон өөрчилж байна. Одоогийн хуулиар зөвхөн гэмт хэрэг үйлдсэн яллагдагч энэ үйлчилгээг авч, гэмт хэргийн хохирогчид болох гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд, хүүхдийн эсрэг гэмт хэргийн золиос, хүн наймаалах хэргийн хохирогч нар энэхүү үйлчилгээний гадна үлддэг байсан юм. Тиймээс хуулийн төслийн зарим заалтыг хүний эрхийг хангах талд улам сайжруулаад батлах нь зөв гэдэгт санал нэгдэв.

Харин Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг өнгөц засвар төдий, реформын шинжтэй томоохон өөрчлөлт ороогүй, харин ч цаагуураа төрийн өмчит компаниудын тоог нэмэгдүүлэхээр хуулийн төсөл болжээ гэж дүгнэлээ. Төр эдийн засагт зөвхөн зохицуулах үүрэгтэй оролцох ёстойгоос бус, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж бизнес хийх учиргүй. Гэтэл Монгол Улсад орж ирж байгаа 100 ам.долларын 70-ыг нь ердөө хоёрхон бүтээгдэхүүний борлуулалтаас бүрдүүлж байгаа бөгөөд тэр хоёр бүтээгдэхүүнийг олборлон борлуулагч компани нь төрийн мэдлийнх байна. Хөгжлийн банк, Төрийн банк нэмээд хөрөнгийн бирж нь бүхлээрээ төрийн мэдэлд байна. Хувийн хэвшлийн оролцоо эдийн засагт бараг байхгүйтэй ижил түвшинд очиж байна. Үүнийг энэ хуулийн төслөөр нэг мөр шийдэх, стратегийн ордуудынхаа 10 хувийг Хөрөнгийн биржээр нээлттэй худалдах зэрэг ажлуудыг эхлэх ёстой гэдгийг гишүүд ярилцлаа.

Хурлын дараа бүлгээр хэлэлцсэн асуудлынхаа талаар хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд мэдээллээ. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: Сүүлийн үед төр давуу эрхтэйгээр ашиг болох бүх бизнес рүү орж, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх болсон. Үүнээс болж хувийн хэвшил устах аюулд орлоо. 1990 оноос өмнө бүх үйлчилгээ төрийн мэдэлд байсан. Ардчилсан нам олонхи болж байгаагүй, гэхдээ олуулаа байх үедээ эдийн засаг дахь төрийн оролцоог 20-30 хувь хүртэл бууруулж байв. Гэтэл одоо ухарч социализм, коммунизмын тогтолцоондоо аажмаар эргэн орж байна. Энэ нь эдийн засгаа тэлэх боломжийг мухардалд орууллаа гэв.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Эдийн засагт хувийн хэвшлийн оролцоо багасч төсөв бүрдүүлэх орлогын 90 хувийг Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой гэдэг хоёрхон компани бүрдүүлж байна. Маш бага хэсгийг хувийн хэвшил бүрдүүлж байгаа нь ДНБ нэмэгдэхгүй байх суурь шалтгаан болсон. Хоёр, гуравхан компани ашигтай ажиллаж бусад нь зөвхөн өр үйлдвэрлэж байгаа, тиймээс яаралтай төрийн өмчийн компаниудыг хувьчлах ёстой гэсэн байр сууриа илэрхийлэв. Мөн тэрээр, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх сэтгүүлчийн асуултад “Ардчилсан нам, Ардчилсан намын бүлэг хүчтэй парламенттай байх ёстой гэсэн нэгдмэл байр суурьтай байгаа учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Сонгуулийн холимог тогтолцоотой байх, гишүүдийн тоог нэмэх нь зөв. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулна. Парламентад олон суудал авсан нам нь Ерөнхийлөгчөө сонгох давуу эрх эдэлж болохгүй. Иргэддээ сонголт өгөх ёстой” гэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-06-07 01:56:54
    70 жил бүх юм Улсынх байхад хөгжсөн,32 жил хувьд шилжээд Хөгжсөн нь хаана байна. Энд хариуцлагын тогтолцоо л дутаж байна. Өөр юм байхгүй.
    • Пүүжий 2022-06-07 06:57:53
      Уб-ын өндөр барилгуудыг төр бариагүй шүү? ТӨҮГ байхад бүх булхай, авилга, муу бүхэн тэнд оршин нуугдаж аж төрж байгаа шүү дээ?
  • Иргэн 2022-06-06 07:39:04
    Төр, хувийн хэвшил хамтрах гэж байх, эс чадах, иргэнээ байшинтай болгох МИК цулайв, хувь ашгаа гээд, улс эрэмбээ үл болох, хувь л улсаа хөгжүүлнэ гэж хулхи...
  • Цэрэн 2022-06-06 06:05:20
    Төр эзэмших нь яахав. Хамгийн гол нь төр шахаа хийж үр ашиггүй ажиллуулж байгаагаас өрний хүүдий болоод байна. Хувьд очвол адаглаад шахааны хүн авахаа болино