Ерөнхий сайд махны талаар лхагва гарагт юу сонсож, ямар шийдвэр гаргах вэ?!

Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн маапаан сар шахмын өмнөөс яригдсан. Эмээлт дэх мах бэлтгэх үйл явцтай холбоотой мэдээлэлтэй холбоотойгоор нийслэлийн иргэд хэрэглэж буй мах, хиамны чанар, эрүүл ахуйд эргэлзэж эхэлсэн. Улмаар энэ нь хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч эхэллээ.

Тодруулбал, 2022 оны тавдугаар сарын 10-ны 20 цагийн үед иргэн Ч “...Эмээлтэд бэлтгэж буй маханд химийн бодис хийж байна” гэсэн дуудлагыг НМХГ-т өгчээ. Энэ мэдээллийн дагуу НМХГ-ынхан “Эм Ди Си Пи” ХХК-д очиж, бэлтгэсэн махнынх нь дээжийг лабораторид хүргүүлсэн байдаг. Үүнд Нийслэлийн прокурорын газраас зөрчлийн хэрэг, ЭЦА-наас эрүүгийн хэрэг нээгээд шалгаж эхэлсэн. Уг үйл явдалтай холбоотойгоор томоохон компанийн эзэмшигчдийг байцааж байгаа гэх мэдээлэл бий. Одоогоор “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлаад байна.

Ер нь бол Монгол Улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 компани байдаг. Тэдгээрийн 31 нь Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн 31 нь БНХАУ руу мах экспортолдог. Мах, махан бүтээгдэхүүний нийт экспортын 92 хувийг БНХАУ эзэлдэг. Сүүлийн гурван жилийн хугацаанд адууны хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махан бүтээгдэхүүн 106 мянган тонныг экспортолжээ.

Засгийн газрын тухайд энэ асуудлыг 2022 оны тавдугаар сарын 31-ний хуралдаанаар хэлэлцсэн. Тэр хурал дээр Ерөнхий сайд “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулж байгуулсан байна. Ингэхдээ Ерөнхий сайдын зүгээс “...Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг  болон экспортын тусгай зөвшөөрөлтэй компани, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулах” үүргийг тус ажлын хэсэгт долоо хоногийн хугацаа өгчээ. Тэр нь энэ долоо хоногийн лхагва гаригт буюу 2022 оны зургадугаар сарын 8-нд дуусах юм байна.

Тэгэхээр өндрөө авчихаад байгаа махтай холбоотой асуудлаар хоёр хоногийн дараа болох Засгийн газрын ээлжит хуралдаанд ажлын хэсэг юу танилцуулж, Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Л.Оюун-Эрдэнэ ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь анхаарал татаж байна.

 “Зууны мэдээ” сонин
Б.Гарьд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.