Ерөнхий сайд "Тавантолгой"-г хэрхэх бол
Зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй “Тавантолгой” ордыг хэнтэй хамтарч ашиглахаа шийдэж чадалгүй бид олон жил болж байна. Нүүрсээ ухаж, зарахаар “Эрдэнэс Тавантолгой” компанийг 2010 он дуусахаас хэдхэн хоногийн өмнө байгуулсан боловч өнөөг хүртэл төсөөлж байсан шиг ажиллаж, монголчуудыг баяжуулж чадсангүй. Тэр цагаас хойш төрийн өмчит захирал нь хэдэнтээ солигдож, БНХАУ-ын төрийн өмчит компани болох “Чалко”-гоос зээлж иргэдэд тараасан 350 сая.ам долларынхаа зээлийг төлөхөөс өөрөөр гийгүүлсэн юмгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр өдгөө “Чалко”-д төлөх 100 орчим сая долларын өр үлдсэн гэнэ. Нөгөө талаар “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн онд 28 тэрбум, энэ онд 20 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана гэж мэдээлж байгаа юм.
 
Монголчуудыг тэжээх хоёр дахь “саалийн үнээ” гэгдэж байгаагийн хувьд энэ бол үнэхээр ичмээр тоо. Тиймээс өрөнд баригдаж, өөдлөхөө байсан “Тавантолгой”- г ашигтай байлгах зөв менежментийг Засгийн газар яаралтай хийх хэрэгтэй болсон билээ. Чухам иймээс өнгөрсөн зун Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа 268 тоот тогтоол гаргасныг эргэн сануулъя. “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” нэртэй энэхүү тогтоолд “...Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагч компанийн 51-ээс багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох, үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх...” гэж заасан нь дан төрийн оролцоотойгоор олигтой үр дүнд хүрэхгүй гэдгийг ухаарсан явдал байв. Тухайн үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг арваннэгдүгээр сарын 1-ний дотор Тавантолгойн шинэ эзнийг тодруулж, дараа сарынх нь 15-ны дотор гэрээ байгуулахаар төлөвлөн ажилласан боловч бодит үр дүнд хүрэхгүй байсаар суудлаасаа буусан юм.
 
Гэхдээ энэ ажлыг ЗГХЭГ - ын дарга Ч.Сайханбилэг хариуцаж байгаад өдгөө Ерөнхий сайд болсон учир шинэ Засгийн газрын тэргүүний нэн тэргүүнд барьж авах гүйцэтгэл нь энэ төсөл. Он солигдож, оргилуун дарс буудуулахаас өмнө учрыг нь олох ёстой байсан энэ төсөл Засгийн газар огцорч, дахин эмхлэгдэхийг хүлээж эргээд нам гүм боллоо.
 
Цагтаа дэлхийд нэртэй уул уурхайн 15 “акул” компани манай “Тавантолгой”- г сонирхон саналаа ирүүлж, тэднээс зургааг нь шигшиж байсан бол одоо ганц хоёр нь үлдэж бусад нь монголчуудын тогтворгүй араншингаас айсандаа нүүр буруулжээ. “Тавантолгой”-д тендер явуулах зарчмыг дахин шинэчлэсэн 268 дугаар тогтоолоор бол монголчууд давуу эрхтэй буюу монгол компанидаа Тавантолгойг өгөх бодлого гарсан байдаг. Энэхүү шалгуурын дагуу өрсөлдөх компани манайд хэдхэн бий. Эхэнд нь “Энержи ресурс”, орон нутгийн “Тавантолгой” компани, “МАК” гээд дуусна. Үүнийг ч хэвлэлүүд хангалттай бичсэн бөгөөд эдгээрээс “Энержи Ресурс” тендерт ялах нь бараг  тодорхой. Нөгөө хоёр нь шаардлагын эхний хэсгийгг хангаж байгаа боловч “Энержи ресурс”- ийг давж гишгэхэд арай дутуудах гээд байгаа юм.
 
Хамгийн чухал нь дээр дурдсанчлан “Тавантолгой”-г анхнаас нь сонирхож эхэлсэн, одоо торойж хоцорсон гээд байгаа БНХАУ- ын “Шинхуа Энержи”, Японы “Сумитомо” компани “Энержи ресурс”-тай хамтран энэхүү төсөлд орох гэж буй явдал. “Шинхуа” төслийн гол хөрөнгө оруулагч бол “Сумитомо” нэг компанийн хэт их оролцоотой байхын эсрэг бэлгэдэл төдий орж байгаа тухай яриа байгаа юм. Гэхдээ яг өнөөгийн байдлаар бүтэлгүйгээрээ дуудуулаад байгаа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-гоос илүү “Энержи ресурс” алдагдалтай ажиллаж байгаа гэнэ. Тэд нүүрсний үнэ өндөр байхад менежмент хийж нэг тэрбум долларын зээл авсан нь, зээлийн эргэн төлөлтөд асуудал үүсгэж байгаа бололтой. Харин манай төрийн өмчит компаниуд яст мэлхийний хурдаар ажилладаг болохоор “Чалко”-гийн өрийг төлөхөөс өөрийг хийгээгүй нь эргээд аз болсон хэрэг.
 
Тавантолгойн тендерт өрсөлдөгч гурван субьект байгаагийн хоёр дахь нь “Пийбоди”- гийн хамтрал, гурав дахь нь орон нутгийн “Тавантолгой” компани юм. Гэвч тэдэнд найдвар бага гэдгийг дээр дурдсан. Энэхүү ордын шинэ эзнийг тодруулах тендерийн болзолд үндэсний компани давамгайлах гэдгээс гадна баяжуулах, боловсруулах үйлдвэр, төмөр зам барих, “Чалко”-гийн  100 орчим сая долларын өрийг барагдуулах гэх зэрэг хатуухан заалтууд бий. Иймээс энэ бүгдийг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн болоод ,эдийн засгийн тэнхээтэй компани, консорциумтай хэл амаа ололцож, “Тавантолгой”- г амжилттай хөдөлгөхөд асуудал их байгаа бололтой юм.
 
БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголд айлчлахдаа Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн үнийг 40 хувь хөнгөлөхөөр болсон нь Засгийн газар “Тавантолгой”- н төслийг яаралтай хөдөлгөх хөшүүрэг болсон гэж эдийн засагчид тайлбарласан байдаг. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын нэн тэргүүнд хийх ёстой ажил “Тавантолгой”- н орд газарт ажиллах компанийн тендерийг шалгаруулж, эдийн засгаа өөд татах болж байна.
 
Одоо хэд, хэдэн тодорхойгүй асуудал гарч ирнэ. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” нь ч яахав нүүрсний орд хувьд оччихоор цаасны компани болдог юм байж. Харин иргэдэд тараасан 1072 хувьцаа яах вэ. Төр засаг нь амлаад, тараачихсан тул буцаая гэж лав болохгүй байх. Энэ бүхнийг шийдсэн менежментийг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас хүлээж байна. Иргэдийн итгэл гэж дундрашгүй юм бий. Монголчууд уужим сэтгэлээрээ “Оюутолгой”-гоо хэрхэн хулхидуулснаа ч мартаад, энэ удаад “Тавантолгой”- гоо л эзэн шиг нь ашиглачих юмсан гэж харж сууна.
 
Зууны мэдээ
Ө.Батхүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төр ажлаа л хий, бизнесд битгий хутгалд 2014-12-09 23:51:46
    Төр зүгээр л хууль тогтоох ажлаа хий. Бизнес хийх гэж оролдохоор Төрийн түшмэдүүд нь авилгалд нэрвэгдээд, эсвэл улсын өмчийн өрөнд тавьчих юм.
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах