МҮОНРТ-ийн санхүүгийн нөөцийн төлөвлөлт, санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө”-ний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэж, энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 5 дугаар тогтоолоор Төрийн аудитын байгууллагаас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд МҮОНРТ-ийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт аудитыг гүйцэтгэж, аудитын тайланг УИХ-ын Төсвийн байнгын хороо болон зөвлөмж өгсөн шалгагдагч этгээдүүд болох Сангийн яам, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд хүргүүлж ажилласан гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдлаа. Энэхүү аудитыг гүйцэтгэхдээ МҮОНРТ-ийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн, үр дүнтэй хэрэгжүүлсэн эсэх, санхүү, хөрөнгө, нөөцийг зохих ёсоор бүрдүүлж, үр ашигтай удирдаж байгаа эсэх гэсэн  аудитын  хоёр асуултад хариулт өгөхөд чиглүүлсэн гэж байлаа. Мөн тэрбээр танилцуулгадаа, аудитын дүнд Төрийн аудитын төв байгууллагаас МҮОНРТ-ийн үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн актуудын нийцэл, дотоод хяналт, засаглалын үйл ажиллагаа хангалтгүй байна. Түүнчлэн МҮОНРТ-ийн санхүүгийн нөөцийн төлөвлөлт, санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн гэв.

Энэхүү аудитын дүгнэлтэд үндэслэн УИХ-д дараах 2 асуудлыг толилуулсан. МҮОНРТ-ийн “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэсэн хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэрийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх асуудлыг Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулан шийдвэрлэх шаардлага байна. МҮОНРТ нь олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага тул ард түмний төлөөллийн дээд байгууллага болох УИХ-ын төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамааруулах нь зүйтэйг уламжилсан. Аудитаар Сангийн яаманд 2, МҮОНРТ Үндэсний зөвлөлд 3, МҮОНРТ Ерөнхий захиралд 5 зөвлөмж өгсөн гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулгадаа онцлов.

Үргэлжлүүлэн “МҮОНРТ-ийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт аудитын тайлангийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг аудитыг хянан удирдсан ҮАГ-ын Аудитын дөрөвдүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Я.Самбууням хийсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор МҮОНРТ-ийг төр бодлогоор дэмжих нь зүйтэй гэдэг байр суурьтай байдгаа илэрхийлэхийн зэрэгцээ олон улсын төрийн төв телевиз нь иргэдээ соён гэгээрүүлэхэд онцгойлон анхаарч, үйл ажиллагаагаа явуулдгийг дурдаад энэ асуудалд анхаарч ажиллахыг сануулж байлаа. Харин УИХ-ын гишүүн Ж.Батжаргал МҮОНРТ-д улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх ёстой ч цаашдаа төсвөөс өгч байгаа санхүүжилтийг соён гэгээрүүлэх, үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэх зэргээр зарцуулах үйл ажиллагаа, чиглэлийг нь тодорхой болгох шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар МҮОНРТ-д аудит оруулсан үндэслэлийн тухайд улсын төсвөөс төсвийн дэмжлэг үзүүлсэн, цаашлаад нийтийн өмчтэй бол нийтийн өмчтэй бүх үйл ажиллагаанд төрийн аудит хийх эрхтэй гэсэн хууль эрх зүйн зохицуулалттай байдгийг онцлов. Мөн тэрбээр, Сангийн яамнаас жил бүр олгодог төсвийн дэмжлэгийн хэмжээ янз бүр байгаа нь зарцуулах үйл ажиллагаа, чиглэл нь тодорхой бус байдагтай холбоотойг тодотгоод цаашид төсвийн дэмжлэгийг үзүүлэхийн тулд энэ хүрээний хууль эрх зүйн орчныг сайжруулах, МҮОНРТ нь бүтээгдэхүүн нийлүүлэх замаар санхүүжилтээ авах асуудал, чиглэлээ тодорхой болгоход анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.