Самурай бондын төлбөрийн гуравны нэгийг тусгай дансанд байршуулжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан болон Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нар тус банкны зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан “Хөгжлийн банканд энэ жил бид 800 тэрбум төгрөгийг заавал төлүүлэх ёстой. 800 тэрбумыг эргэн төлүүлж байж тус банк энэ жилийнхээ балансыг амжилттай барина гэсэн үг. Энэ оны арванхоёрдугаар сарын 31-н гэхэд бид Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлэхэд анхаарч, үр дүн гаргаад тэр алдагдлын санг буцааж буулгах төлөвлөгөөтэй ажиллана. Зургадугаар сарын 30-н гэхэд дээрх 800 тэрбумын талыг нь төлсөн байх шаардлагатай. Учир нь тус банкны хагас жилийн тайланд нь аудит оруулна. Тэгэхэд тодорхой хэмжээний үр дүн гарсан байх ёстой бөгөөд энэ жилийн төлөвлөгөөнийхөө ядаж 50 хувь буюу 400 гаруй тэрбум төгрөгийг төлүүлсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, одоогийн 260 орчим төгрөг дээр нэмж 150 тэрбум орчим төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлэх арга хэмжээг ойрын хугацаанд яаралтай авч ажиллана. Хөгжлийн банкны чанаргүй зээл 201 тэрбум төгрөгөөр төлөгдсөн. Мөн QSC компаниас өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөгийг төлөхөө мэдэгдсэн. Ингээд нийтдээ 260 тэрбум төгрөгийн зээл төлөгдөх нөхцөл бүрдсэн. Тус банканд 2023 оны хоёрдугаар сард төлөх 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 30 тэрбум иений өр байна. Үүнээс Самурай бондыг онцгой анхаарах учиртай. Энэ бол Засгийн газрын баталгаатай. Хэрэв Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүй бол Засгийн газраас төлнө. Иймд чанаргүй зээлүүдийг яаралтай төлүүлэх шаардлагатай болсон. Хөгжлийн банкны чанаргүй зээл төлөгдөхгүй байсаар арванхоёрдугаар сарын 31 гэхэд тайлан муу гарвал Хөгжлийн банкийг татан буулгана.

Монголбанкнаас хөгжлийн банканд 2020, 2021 онд хийсэн шалгалтуудаар нийт 1.5 их наяд төгрөгийн болзошгүй алдагдлын санг баланс дотор нь байгуулах акт тогтоосон байдаг. Гэсэн ч өнөөдрийг хүртэл үүнийг балансад оруулаагүй явж ирснийг залруулна" хэмээн ярилаа.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Одоогоор Самурай бондын эргэн төлөлтийн гуравны нэгийг Монголбанкан дахь тусгай дансанд байршуулаад байна. Мөн Самурай бонд эзэмшигч нартай хэлэлцээрийг эхлүүлсэн бөгөөд цааш зах зээлийн ханшаараа буцаан худалдан авах хэлцлүүдийг хийгээд явна. Харин Чингис Хаан банкны хувьд, Хөгжлийн банкнаас хадгаламж байршуулсан гэрээ байдаг. Хөгжлийн банкны зүгээс сүүлд нь нэмэлт барьцааны гэрээ хийж, зарим үл хөдлөх хөрөнгийн шаардах эрхийг авсан байдаг. Бид хууль, хяналтын байгууллагатай хамтран тус банк дээр үүссэн төлбөрийг эргэн төлүүлэх дээр ажиллагаагаа үргэлжлүүлж явна. Хөгжлийн банкны зээлийн багцуудыг төрийн өмчит компаниудынх, Хөтөл, Кью Эс Си болон хувийн хэвшлүүдийнх гэж гурав хувааж үзэж байгаа бөгөөд бүх талуудтай гэрээ хэлцэл хийж байна. Зээлээ зориулалтаар нь ашиглаад, төсөл нь хэрэгжиж байсан ч цар тахал зэрэг зах зээлийн янз бүрийн шалтгаанаар төсөл нь саатсан зарим хувийн хэвшлийн компаниудад аль болох уян хатан хандаж байна. Зээлийн эргэн төлөлттэй холбоотой олон саналууд гарч буй. Мэдээж дараагийн хэлцэлд орж гэрээг шинэчлэхийн тулд банкны зүгээс магадлан шинжилгээ хийх ёстой байдаг. Тиймээс бид зарим төслүүд дээр нэмэлт магадлан шинжилгээ хийхэд нөхцөл байдал өөрчлөгдөөд шинээр баримтууд гарч ирж байгаа нь цаг авахаар байна. Гэсэн ч зургадугаар сарын 30-н гэхэд хагас жилийн тайлангаа гаргах ёстой. Тэр хүртэл төрийн өмчит компаниудын чанаргүй зээл дээр шийдвэр гаргуулж ажиллагаа хийх ёстой болно. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлын хэсэг байгуулах чиглэл гарсан. Энэ ажлын хэсэг барьцаа хураах зэрэг ажиллагаа хийхгүй бөгөөд ерөнхий бодлогын болон зарим зарчмын шийдэл гаргах асуудал дээр зөвлөмж өгөх чиг үүрэгтэй ажиллах юм" гэв.

 “Зууны мэдээ” сонин
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-05-12 05:58:40
    хураагдсан хөрөнгө орон сууцнуудаа түргэн зарж борлуулж мөнгийг нь дансанд хийгээч маш удаан байна яг мэлхий шиг