Г.Дансран: Эх орондоо хэрэгтэй нэгнийг бэлтгэх нь багшийн бахархал

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн монгол хэл, бичгийн ахмад багш, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын боловсролын тэргүүний ажилтан Г.Дансранг урьж ярилцлаа.

 

-Та саяхан өөрийн нэрэмжит дүүргийн монгол хэл, бичгийн олимпиадаа амжилттай зохион байгуулсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлийн олимпиадыг 2006, 2007 онд зохион байгуулаад дараа нь хүрэл тулга тэмцээнд хүүхдүүд сойж эхэлсэн. Одоо миний зохион байгуулж байгаа энэ олимпиад 2016 оноос хойш үргэлжилж байгаа монгол хэл, бичгийн олимпиад юм. Залуудаа монгол хэлийг төгөлдөржүүлэх боловсролд мэдлэг чадвараа гарамгай эзэмшиж байгаад тодруулах юмсан гэж боддог байлаа.

Түүнээс хойш хэдэн жилийн дараа сургуульдаа санал тавьж таван жилийн хугацаанд энэ олимпиадаа явуулсан. Бидний хувьд үргэлж хүүхдээ хөгжүүлэхийг хичээж байдаг. Тиймээс энэ олимпиадаа зохиож, нэг ч гэсэн хүүхэд эх хэлээ гарамгай сайн эзэмшээсэй гэсэн бодлоор ганцхан сургуулийнхаа түвшинд биш олон хүүхдийн дунд зохиох болсон.  Тиймээс дүүргийн хэмжээнд энэ олимпиадаа зохиож эхэлсэн. Өнөөдрийн энэ нийгэмд хүүхдүүд эх хэлээрээ зөв ярьж чаддаггүй. Хүн өдөр бүр ямар нэг мэдлэгийг авч байвал залуу хэвээрээ байдаг гэж боддог. Тиймээс би өөрийгөө насаар хэмждэггүй. Учир нь хүүхдүүдтэй байгаа болохоор мэдлэгээ хуваалцаж, тэднээс суралцаж байна.

-Монгол хэл, бичгээр олон жил багшилсан хүний хувьд зөв бичих дүрмийг хэрхэн хардаг вэ?

-Би энэ тал дээр их сэтгэл эмзэглэж явдаг. Би гуравдугаар ангийн хоёр хүүхэдтэй. Мөн шавийнхаа гурван хүүхдэд гуравдугаар ангийн хичээл заадаг. Энэ хүүхдүүдийн нэг нь 12, нөгөө хоёр нь 62 дугаар сургуульд сурдаг. Тэднээсээ харахад үнэхээр зөв бичих дүрэм алдагдаж байна гэж боддог. Яагаад гэвэл сурах бичиг дээр авч байгаа жишээнүүд нь хүүхдийн амьдралаас хол, танин мэдэхүйн ойлголт өгч чадахгүй байдаг. Хүүхдүүд гэхгүй томчууд ойлгохооргүй жишээ олон байна. Мөн ном зохиогч, багш нар, хэвлэл мэдээллийн ажилтнууд хүртэл зөв бичиж чадахгүй байгааг харахаар харамсдаг.

-Алдаа гаргах үндэслэл нь номоос болж байна уу. Эсвэл чанаргүй багш бэлтгэгдсэнээс болж байна уу?

-Номон дээр алдаатай байгаа зүйлийг багш засах хэрэгтэй. Хэдий багш хүн ч гэсэн зөвхөн номыг биш мэдсэн зүйлээ заах хэрэгтэй. Үүнээс гадна төр, засгаас багшийн үнэлэмжийг өндөр байлгах ёстой. Цалин бага байна нэм гээд байгаа багш нар сайн ажиллах боломж байхгүй. Хоёрдугаарт, сургуулийн орчинд ажиллах нөхцөл нь сайн байх ёстой. Үүний дараа багшийг чанартай бол гэдэг шалгуурыг өндөрт тавиад чанартай багш нараа бэлтгэх хэрэгтэй юм. Ингэснээр энэ ойлголт буурах боломжтой.

-Тэгвэл багш хүн сайн байхын тулд яах ёстой вэ?

-Ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж байгаа учраас нэгдүгээрт, сайн мэдлэгтэй, хоёрдугаарт, өөрийн заах аргатай байх. Өөрийгөө олоогүй хүн хичээл заахад төвөгтэй байдаг. Туршлага, заах арга бол залхуу хүнд амар эд. Хүн бүр өөрийн аргатай. Ямар ч аргаар заасан стандартын түвшинд боловсрол олгох хэрэгтэй. Гуравдугаарт, шавьдаа хайртай байх ёстой. Шавьгүй багш гэж хаа байх вэ. Юм мэдэхгүй хүн танд шавь орж байгаа учраас сайн заа. Тиймээс шавийг хүндлэх хэрэгтэй. Хүнийг хүнийх нь хувьд хөгжүүлэх нь чухал. Өнөөдөр хүүхдийг гэр бүлээс нь холдуулаад багшид бүх ачааллыг өгдөг систем байж болохгүй. Гэр бүл хүүхдээ хүмүүжүүлэх ёстой. Гэтэл хүүхэд сахилгагүй бол багш муу гэдэг. Тиймээс аль аль нь нийгмийнхээ үүргийг гүйцэтгэх хэрэгтэй.  Харин шавь нь улс орондоо хэрэгтэй, ажил үүргээ гүйцэтгэж чаддаг нэгэн болбол түүнийг бэлтгэсэн багшийн бахархал энэ байх болно.

-Хүүхдүүдийг найруулга зүй дээрээ алдлаа гэдэг. Яавал энэ алдаагаа мэддэг болох вэ?

-Би гэр бүлийнхэндээ “Ямар аймар юм бэ” гэдэг үг хэлэхээс татгалзахыг захьдаг. Учир нь энэ үе нь цаанаа сайхан юм, гоё юм гэдэг санааг илэрхийлж байгаа ч гэсэн “аймар” гэдэг үе нь “гоё” гэх үндэслэлийг гаргадаггүй. Үүнээс гадна хүүхдүүд байнга хоолонд орох уу, оръё гэж ярьдаг. Уг нь хоол авч идэх үү гэдэг санааг илэрхийлэх гэж байгаа ч тогоонд орж буцалъя гэсэн санааг хэлээд байдаг. Энэ мэтээр хэлээд хэвшчихсэн. Учир нь хүүхдүүд үгний утга, ойролцоо эсрэг утга, шилжсэн утгыг нь ялгахгүй шахуу болсон байна. Гэхдээ хүүхдүүд гэлтгүй ихэнх эцэг эх ийм байдлаар ярьдаг. Энэ нь хүүхдүүдээ буруу ярих үндэслэл болдог. Түүнчлэн дэлхий дахины цахим хэрэглээг үгүйсгэж болохгүй. Хурдацтайгаар хөгжиж байгаа нь хүүхдүүдийн буруу ярих, бичих нэг том үндэслэл болж байна.

-Тэгвэл зөв бичих, зөв найруулгатай болохын тулд яах ёстой юм бэ?

-Хүмүүс оюун ухаанаараа бичихийн оронд дэлгэцийн хэлээр бичээд байна. Сэдэв бич гээд хүүхдүүдэд даалгавар өгөхөөр фэйсбүүкээс алдаатай юмнууд хуулаад байна. Үүний оронд яах ёстой вэ гэдэг асуултыг өөртөө тавьж, өөрөө хариулж байж сэтгэлгээгээ баяжуулах хэрэгтэй. Арван жилийн хүүхдүүдийн хувьд олимпиадуудад идэвхтэй оролцох. Миний хувьд олимпиадад хүүхдүүд бэлтгэхдээ хоёр зарчмыг баримталдаг. Нэгдүгээрт, зохион бичлэг, хоёрдугаарт, тууш дэвтэр дээр хуулан бичлэг хийлгэдэг. Энэ нь алдаатай бичих, зөв найруулгатай болгоход тусалдаг. Ер нь алдаагүй, зөв сайхан бичиж, яриад сурчих хэрэгтэй.

-Эх хэлний чадвар муу байгаа нь бага насанд суурь муу тавигдсантай нь холбоотой юу?

-Тийм ээ. Яагаад гэвэл бага ангийн багш нар хүүхдийн суурийг сайн тавьснаас хамаарч тухайн хүүхдийн эх хэлний чадварт шууд нөлөөлдөг.

-Орчин үеийн залуус 10 үгний тавд нь харь үг хэрэглэх гэж оролдох болжээ. Тиймээс бид эх хэлээ яаж хамгаалах вэ?

-Энэ маш ноцтой асуудал. Монгол хэлний сургалт сайн явуулах хэрэгтэй. Цэцэрлэгийн наснаас эхлээд ЕБС-ийг төгстөл сургалтыг сайн болгох хэрэгтэй байна. Ялангуяа, бага ангид нь хэлний сайн дархлаатай болгох ёстой. Нэгэнт бид нүүдлийн бус суурин ахуй руу шилжсэн. Одоо бууцны хөл гэж хэлэхэд хотын бүү хэл хөдөөний хүүхэд мэдэхээ больсон. Үүнийг бага ангид нь зааж, ахуйг аль болох дадлага хийлгэж, үзүүлэх, хичээл заагаад өнгөрөх бус амьдралд нь оруулж үзүүлдэг болмоор байна. Айраг исгэх, бүлэх гэдгийг харуулахгүйгээр айраг ислээ, сайхан айраг байна гэдэг өгүүлбэр бичүүлээд нэмэргүй. Хуучин зааж байсан арга барилаа өөрчлөх хэрэгтэй болжээ. Монгол хэлний шинжлэлийг заахаас өмнө соёл, ахуй, зан заншилтай хамтад нь заах ёстой. Үүний хажуугаар ном унших хэрэгтэй. Залуус цахим орчинд дарагдаад ном уншихаа больсон байна. Сонгодог болон ардын уран зохиолыг уншиж байж тухайн үндэстэн өнө удаан оршин тогтноно. Дэлхийн болон ардын сонгодог зохиол, аман зохиолоо уншиж байж боловсролтой хүн болно.

 “Зууны мэдээ” сонин
Д.Дарамбазар
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-05-11 01:35:56
    Дөнгөж уншиж бичиж сурч байгаа 6 настан "Мөр зохь " Үхэр хоолоо амсав " гэх мэт жишээг ойлгох уу?